УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.
Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 34 буюу 52.3 хувь нь их сургууль, 29 буюу 44.6 хувь нь дээд сургууль, 2 буюу 3.1 хувь нь коллеж байна. Нийт суралцагчийн 2,620 дэд бакалаврын түвшинд, 117,344 бакалаврын түвшинд, 24,830 магистрын түвшинд 5,488 докторын түвшинд суралцаж байна.
2023 оны 07 сарын 07-ны өдөр Боловсролын багц хууль батлагдснаас хойш дээд боловсролын салбарт Монгол Улсын Засгийн газрын тогтоол 7, Боловсролын сайдын тушаал 14, батлуулсан дүрэм журам 23 баталсан байна.
Дээд боловсролын сургалтын байгууллагад улсын төсвөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд:
• тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцагчид олгох сургалт, судалгааны тэтгэлэг 9.6 тэрбум
• төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал 13 тэрбум
• Дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ тогтоох 100 сая
• Засгийн газрын шийдвэрээр шинээр байгуулагдсан их дээд сургуулийн дэргэдэх хүрээлэнгүүдийн үйл ажиллагааны татаас 1.8 тэрбум тус тус олгогдоно.