"Turkish Airlines" компанийн онгоцны ачаанаас нялх горилла олдсон турай мэдээлэл дэлхийн нийтийн чихийг дэлдийлгэв. Онгоцны ачааны агуулахаас аврагдсан бяцхан горилла Истанбулын амьтны хүрээлэнгийн асрамжинд эдгэрч байгаа гэж албаныхан ням гарагт мэдэгдсэн.
Уг үйл явдлаас үүдэн амьтны эрхийг хамгаалагчид болон зэрлэг ан амьтад хариуцсан ажилтнууд түүнийг зэрлэг байгальд тавих талаар хэлэцүүлэг өрнүүлж байгаа гэнэ.
Таван сартай горилла өнгөрсөн сард Туркийн агаарын тээврийн "Turkish Airlines" компанийн Нигерээс Тайланд руу нисч явсан онгоцонд хайрцагнаас олдсон юм. Хүмүүс түүнийг "Олив" гэж нэрлэсэн бөгөөд "Полонезкой" амьтны хүрээлэнд бие нь сайжирч буй ажээ.
Төв Африкийн алслагдсан ой мод, ууланд амьдардаг гориллуудынтоо толгой өдөр ирэх тусам цөөрсөөр буй. Олон улсын байгаль хамгаалах холбооноос уг төрөл зүйлийг устах аюулд орсон гэж ангилдаг.
Истанбул хот тив хоорондын агаарын тээврийн томоохон зангилаа болж байгаа энэ үед гаалийн ажилтнууд ан амьтдын хууль бус худалдааг илрүүлэх явдал нэмэгдсээр байна. Аравдугаар сард тус хотын Сабиха Гокчен нисэх онгоцны буудалд Египетийн зорчигчийн тээшнээс Нил мөрний 17 залуу матар, 10 монитор гүрвэл олдсон юм.
Л.Баяр