УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээний асуудал буюу “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Жил ирэх тусам ураны үнэ өсөх хандлагатай учраас бид өсөн нэмэгдэх АМНАТ-ийг тооцох асуудлыг оруулж ирсэн. Ямар тохиолдол эрсдэл багатай байх вэ гэдэг асуудал хамгийн чухал байсан.
Тиймээс Засгийн газар 10 хувийн давуу эрхийн хувьцаа авахдаа санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгээ хатуу тохирсон. Ирээдүйд Засгийн газар ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхгүй. АМНАТ-аар орлуулсанаар эрсдэлгүй бууруулсан.
Нөгөө компани ашигтай, ашиггүй ажиллахаас үл хамааран борлуулалтаас нь АМНАТ авах нь эрсдэлгүй орлогын түвшинг 45 хувь бууруулж байгаа гэсэн санхүүгийн схем гарсан.
Нөгөөтэйгүүр монголчууд өөрсдөө хөрөнгө оруулалтын гэрээ хийдэг шүү, дандаа чадуулаад байдаггүй шүү гэдгээ харуулах зорилгоор санхүүгийн багийг аваад, өөрсдөө санхүүгийн схемээ гаргаад, өөрсдөө хөрөнгө оруулалтын гэрээгээ боловсруулж тэдэнтэй гэрээ хийсэн. 1 фунт ураны үнэ 80 доллар байхад хэд байх зэргээр санхүүгийн модел дээрээ гаргаж тавиад харж чадаж байна.
Өсөн нэмэгдэх АМНАТ 51 хувь дотор орохгүй байгаа. 0-9 хүртэл хувь нэмэгдээд ороод ирнэ гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хуулийн суурь зарчим хангагдаж байгаа юм. Өгөөжийн тохируулга бол энэ гэрээний эрсдэлийг бууруулж байгаа гол зүйл.
Ураны төсөл хэрэгжсэнээр иргэдийн хуримтлалын данс руу тусгай АМНАТ-аар орлуулж байгаа хувь нэмэгдээд эхэлнэ. Иргэд утаснаасаа түүнийг хараад явна. Ийм л ил тод, олборлох салбарын хариуцлагыг нэмэгдүүлье гэдгийг ярьж байгаа юм" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)