Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал өндөрлөлөө. Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Ийнхүү уншигч та бүхэнд уг айлчлалын хүрээнд болж өнгөрсөн мэдээллийг хүргэе.
Нэг. Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал
Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтсоныг төрийн тэргүүнүүд тунхаглан зарлалаа. Монгол Улс нь Төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Казахстан Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Хоёр. Монгол Улсад вакцины үйлдвэр байгуулна
Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, тээвэр логистик болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцээ хийсэн юм.
Тухайлбал, Казахстанд малын өвчний эсрэг вакцин гаргаж авах боломж байдаг аж. Иймд цаашид Монгол Улсад вакцины үйлдвэр байгуулахаар тохиров.
Мөн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээгээр мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн шаардлагыг харилцан тохиролцох замаар мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаанд дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ.
Гурав. Эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллана
Эрэн хайх, авран туслах байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын нутаг дэвсгэрт аюулд нэрвэгдсэн иргэдийг богино хугацаанд эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх зорилгоор яаралтай мэдээлэл солилцох, өөрийн харьяаллын бүсэд нөгөө талын агаарын болон газрын эрэн хайх, авран туслах байгууллагыг ажиллуулж, иргэдэд түргэн шуурхай тусламж үзүүлэх боломж бүрдлээ.
Дөрөв. Арьс шир, ноосны боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд харилцан дэмжлэг үзүүлнэ
Арьс шир, ноосны боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, талуудын инженер, техникийн ажилтан, төрийн болон аж ахуйн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүдийг бэлтгэх болон арьс шир, ноос гүн боловсруулахад хөрөнгө оруулалт татах, технологи нутагшуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтарч ажиллана. Малын арьс шир, ноос боловсруулах хяналтын тогтолцоо, стандарт, лабораторийн байгууламжийг хөгжүүлэх, боловсронгуй болгоход харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Цаашид хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юм.
Тав. Цөмийн энергийн салбарт хамтран ажиллана
Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хүрээнд ураны олборлолт, тусгай зөвшөөрөл, цацрагийн аюулгүй ажиллагаа зэргээр туршлага солилцох, хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор хамтарсан онол, практикийн сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулах зэргээр хамтарч ажиллахаар Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Гун-Аажавын Манлайжав, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев нар гарын үсэг зурсан юм.