Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад эмнэлэгт хүргэгдэн нас барсан 22 настай иргэний ар гэрийн зүгээс мэдээлэл хийхдээ цагдаагийн албан хаагчдыг буруутгаж байгаа талаараа мэдэгдсэн. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Юуны өмнө амь үрэгдэгчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна.
Энэ сарын 23-ны өдрийн 11:23 цагт цагдаагийн байгууллагад Улсын III эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт долдугаар сарын 22-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангиас биеийн байдал хүнд хүн ирлээ гэх дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүргийн II хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Амь хохирогч О нь Эрүүгийн хуульд заасан таван гэмт хэрэгт долоон холбогдогчтой 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Амь хохирогч О нь 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу тус газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байв.
Амь хохирогч О нь дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон, долдугаар сарын 12-оос хойш хэвлий хэсгээр өвдөлт өгч, нуруу өвдөж байна гэх шалтгаанаар Цагдан хорих төвийн эмнэлэгт эмчлүүлж байсан. Улмаар долдугаар сарын 22-ний өдөр бие нь муудаж, Улсын нэгдсэн III эмнэлэгт хүргэгдсэн ч долдугаар сарын 23-ны өдөр цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шок, амьсгалын гачаалт хам шинж зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нас барсан.
Үхлийн шалтгааныг дахин шалгуулахаар шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмчийг томилуулан, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Хорих ангид анх очиход тухайн хоригдогчийн биед эрүүл мэндийн үзлэг хийдэг. Нийтдээ 16 удаагийн үзлэгт хамруулсан байсан. Энэ хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчид одоогоор ажил үүргээ гүйцэтгэж байгаа" гэв.
Сэтгэгдэл (3)