97 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшигчдийг нэгдүгээр сарын 17-нд албан ёсоор зарлах ёстой байв. Гэвч Лос-Анжелес мужид гарсан гал түймрийн улмаас хоёр өдрөөр хойшлуулж, эцсийн байдлаар энэ жилийн нэр дэвшигчид нэгдүгээр сарын 19-ний ням гарагт тодрох ажээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа гуравдугаар сарын 02-нд болно. Тэгвэл бид та бүхэнд энэ жил Оскарт өндөр чансаатай байгаа таван найруулагчийг онцолж байна.
Jacques Audiard - “Emilia Pérez” (Netflix)
Жак Ауард нь 1952 оны дөрөвдүгээр сарын 30-нд Францын Парис хотод мэндэлсэн Францын кино найруулагч, продюсер, сценарист юм. Тэрбээр карьерынхаа туршид Британийн кино академийн хоёр шагнал, гурван Алтан бөмбөрцөг, арван Сезарын шагнал, Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ.
Түүний хамгийн сүүлд найруулсан гэмт хэрэг, мюзиклийн инээдмийн төрлийн Эмилиа Перез (2024) кино Каннын кино наадмын шүүгчдийн шагнал хүртэж, Алтан бөмбөрцөгөөс шагнал хүртжээ. Уг киногоо тэр Оскарт сойж байна.
Sean Baker - “Anora” (Neon)
Шон Бейкер нь 1971 оны хоёрдугаар сарын 26-нд АНУ-ын Нью Жерси мужийн Саммит хотод мэндэлсэн Америкийн кино найруулагч юм. Тэрбээр гадуурхагдсан хүмүүс, ялангуяа цагаачид болон биеэ үнэлэгчдийн амьдралыг харуулсан уран сайхны кинонуудыг найруулдгаараа алдартай. Түүний кинонуудаас дурдвал Take Out (2004), Starlet (2012), Мандарин (2015), The Florida Project (2017), Red Rocket (2021), Anora (2024) зэргийг нэрлэж болно.
Түүний хамгийн сүүлийн кино нь түүнд "Palme d'Or" шагналыг авчирсан. Мөн 2024 оны Каннын кино наадам болон Алтан бөмбөрцөг наадмын шилдэг найруулагч, шилдэг зохиол гэсэн хоёр номинацид нэр дэвшсэн. Мөн тэр уг бүтээлээ Оскарт сойж буй.
Brady Corbet - “The Brutalist” (A24)
Брэди Жеймс Монсон Корбет нь 1988 оны наймдугаар сарын 17-нд АНУ-ын Аризона мужийн Скотсдейл хотод төрсөн Америкийн жүжигчин, кино найруулагч юм. Корбет Thirteen (2003), Mysterious Skin (2004), Funny Games (2007), Martha Marcy May Marlene (2011), Melancholia (2011), Clouds of Sils Maria (2014) зэрэг кинонд дүр бүтээсэн.
Корбет 2015 онд "The Childhood of a Leader" киногоор найруулагчийн гараагаа эхэлжээ. Тэр цагаас хойш "Vox Lux" (2018) хөгжимт драмыг найруулсан. Хамгийн сүүлд 2024 онд "The Brutalist" түүхэн туульсыг найруулсан бөгөөд 81 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмаас "Мөнгөн арслан", 82 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртээд буй. Тэр бол Оскар хүртэх хамгийн өндөр магадлалтай эрхэм билээ.
Payal Kapadia - “All We Imagine as Light” (Janus Films/Sideshow)
Паял Кападиа нь 1986 оны нэгдүгээр сарын 4-нд Энэтхэгийн Мумбай хотод төрсөн Энэтхэгийн кино найруулагч юм. 2017 онд түүний "Afternoon Clouds" богино хэмжээний кино Каннын 70 дахь кино наадамд сонгогдсон цорын ганц Энэтхэг кино байв. 2021 онд тэрбээр Каннын 74 дэх кино наадмын шилдэг "A Night of Knowing Nothing" баримтат киног бүтээж "Алтан нүд" шагналыг хүртсэн.
Тэрбээр 2024 онд 77 дахь удаагийн Каннын кино наадмаас "All We Imagine as Light" уран зөгнөлт киногоороо Гран-при хүртжээ. Мөн уг бүтээлээрээ "Алтан бөмбөрцөг" шагналын шилдэг найруулагчийн номинацид нэр дэвшсэн юм. Уг бүтээл нь мөн Оскарт хүч үзэх болно.
James Mangold - “A Complete Unknown” (Searchlight Pictures)
Жеймс Аллен Манголд 1963 оны арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн Америкийн кино найруулагч, продюсер, сценарист юм. Найруулгын олон талт байдлаараа алдартай Манголд "Heavy" (1995) киноны найруулагчаар дебютээ хийсэн бөгөөд "Cop Land" (1997), Girl, Interrupted (1999), "Identity " (2003) зэрэг кинонуудаараа алдартай. Walk the Line (2005), 3:10 to Yuma (2007), мөн The X-Men франчайзын хоёр кино болох Wolverine (2013) болон Logan (2017) кинонууд нь Оскарт хүч үзэж байв.
Дараа нь тэрбээр "Ford v Ferrari" (2019) спортын драм киног найруулсан бөгөөд энэ нь түүнийг шилдэг кино төрөлд Академийн шагналд нэр дэвших боломжийг олгосон. Мөн тэр Indiana Jones and the Dial of Destiny (2023) киног найруулж, зохиолыг нь хамтран бичсэн. тэрбээр 2024 онд Боб Диланы намтар кино болох "A Complete Unknown" (2024) бүтээлийг олны хүртээл болгосон. Уг бүтээлээрээ Оскарт хүч үзэж байна.
Л.Баяр