Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хотыг тэнцвэртэй хөгжүүлэх чиглэлээр 6 дэд төвийг байгуулахаар тусгасан. Үүний нэг нь Сэлбэ дэд төв. Үүний хүрээнд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд нийт 156 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж буй.
Улмаар Хайлааст Дарь-Эхийг холбосон замаас хойш Сэлбэ дэд төв рүү холбогдох авто зам тавихад энэ онд 3 тэрбум 241 сая 900 мянган төгрөгийг зарцуулах юм байна. Санхүүжилтийн эх үүсвэр нь "Нийслэлийн үнэт цаасны хөрөнгө".
Тендерийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар зарлажээ. Тендерийг ирэх сарын 7-ны өдөр нээх агаад 2025 онд дээрх санхүүжилтийг бүрэн олгохоор тусгасан байна.
Ташрамд, “Сэлбэ дэд төв” нь 20 минутын хот бодлогын жишиг хот болох юм. Нийтдээ 158 га газрыг хамрах бөгөөд 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдана. Энэ хотын 40 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн. Түүнчлэн эл төвийн бүтээн байгуулалт дууссанаар дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25 мянга гаруй ажлын байр бий болох агаад агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол гарсан билээ.