Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдөрийн ээлжит бус хуралдаанаар бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, банкнуудын төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг 2 нэгж хувиар нэмэхээр шийдэв.
Жилийн инфляц 2024 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 9, Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарчээ. Инфляц зорилтын дээд хязгаарыг давахад цахилгаан, мах, импортын барааны үнэ хүлээлтээс давж нэмэгджээ.
Эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өслөө. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт нэмэх төлөвтэй байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шаардлагыг бий болгож байна. Түүнчлэн, гадаад, дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвт томоохон өөрчлөлт гараагүй ч геополитикийн эрсдэл, тодорхой бус байдал багасахгүй, үргэлжилсэн хэвээр байна. Банкны салбарын зээлийн өсөлт их байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж болзошгүйг төв банк мэдээллээ.
Иймд мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банкнуудын төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэхээр шийдсэн аж. Энэ нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцэх юм. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт, инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр хэрэгжүүлнэ.