УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр ирэх долоо хоногийн Баасан гарагт тохиож буй. Томсгосон тойргоор сонгууль явагдах тул нэг тойрогт нэр дэвшигчдийн материалтай танилцах гэж өдөр, шөнөгүй унших хэрэг гарах нь. Ер намын мөрийн хөтөлбөртэй сайн гэгч танилцчихад дараагийн 4 жилийн зураглал тодроод ирэх. Өдгөө хот, хөдөөгүй олон асуудал ард түмнийг бүрхэн аваад байна. Нийслэлд хамгийн их тулгамдаж буй гэдэг асуудал бол "орон сууц", "гэр хороолол". Амьдрах орчны нөхцөл байдал үргэлж л тааруухан байсаар ирсэн. Тэгвэл сонгуулийн шуурга ил маналзаж буй Ардчилсан нам, Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрөөс дээрх сэдвийн хүрээнд тоймлосон мөрийн хөтөлбөрөөс онцлон хүргэе.
АРДЧИЛСАН НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГАСНААР:
1.17. Орон сууц, гэр хороололд амьдардаг иргэд
1.17.1. Хот, хөдөөгийн болон гэр хорооллын иргэдийг хувийн орон сууцтай болгох чиглэлээр хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллана.
1.17.2. Иргэд өөрийн өмчилж авсан хашааны газар дээр айл, хөрш, гудамжаараа нэгдэн төлөвлөлт хийж, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууц болгон дахин төлөвлөх ажлыг иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ.
1.17.3. Дугуйн болон явган алхалтын замын сүлжээг нэмэгдүүлж, мэдээллийн нэгдсэн цахим сан үүсгэнэ.
1.17.4. Авто замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, зогсоолын хүрэлцээг шийднэ.
1.17.5. Нийслэлийн зарим гудамжийг явган хүнд зориулсан худалдаа, үйлчилгээний “авто машингүй гудамж” болгоно.
1.17.6. Орчноо ногооруулсан иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бий болгоно.
МОНГОЛ АРДЫН НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГАСНААР:
8.5. Орон сууц ба гэр хороолол
8.5.1. Алдаатай төлөвлөлттэй орон сууцны хорооллуудад газар чөлөөлөлт хийж, зохион байгуулалтыг сайжруулна.
8.5.2. Гэр хорооллын 52 байршилд шинээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулна.
8.5.3. Орон сууц өмчлөгчид газрын эзэмших эрх олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
8.5.4. Нийтийн орон сууцны хуучин барилгын гадна фасадыг шинэчлэх, дулаан алдагдлыг бууруулах ажлыг хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
8.5.5. Ундны усны шугамыг зэс хоолойгоор солих судалгаа хийж, усны зэвийг арилгах зорилгоор цэвэр усны шугамыг шинэчлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ.
8.5.6. Гэр хорооллыг орон сууцжуулах, цэвэрлэх байгууламжийн тархмал дэд төвүүдийг шинээр байгуулах замаар нүхэн жорлонгийн тоог 2 дахин бууруулж, хөрсний бохирдлыг бууруулах стандарт, нөхөн сэргээх, ногоон байгууламжуудыг бий болгох ажлыг цогц хэлбэрээр авч хэрэгжүүлнэ.
8.5.7. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, иргэдийн хашааг орон сууцаар солих нөхцөл, эрх зүйн орчныг бий болгоно.
8.5.8. Ипотекийн зээлийн 50-аас багагүй хувийг Улаанбаатар хотын дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно.
8.5.9. Гэр хороолол, дэд төв, дагуул хотуудад орон сууц барьсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого баримтална.
8.5.10. Ногоон зээлийн санхүүжилтээр олон улсын байгууллагатай хамтран хашаа бүрд өрхийн нарны панел, цахилгаан хураагуур, халаалтын системийн тогтолцоог бий болгох, байшин-гэр хорооллын дулаалга, дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжүүлнэ.
8.5.11. Өрх бүр өөрийн илүүдэл эрчим хүчийг төвийн эрчим хүчинд нийлүүлэх, түүнчлэн бууруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр нүүрсхүчлийн хийн кредитийн олон улсын зах зээлээс санхүүжилт авах эрх зүй болон санхүүжилтийн механизмыг бий болгоно.
Тэмдэглэл: Үүнээс харахад МАН гэр хороололыг дагуул хот, дэд төвүүдэд суурилан орон сууцжуулж, амины орон сууц гэхээс илүүтэй нийтийн орон сууцанд олгох өрөөгөөр хашааг сольж, дахин төлөвлөхөөр зураглажээ. Мөн хөрсийг нөхөн сэргээх зорилгоор ногоон байгууламжийг бий болгохоор тусгасан байна. Харин АН амины орон сууцад тулгуурлаж цааш явах нь, мөн иргэдийн оролцоогоор ногоон орчныг бүрдүүлж, урамшуулж явах юм байна. Гэхдээ АН-ын мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг шийдэх гаргалгаагүйгээр хэт ерөнхийлжээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)