Малчин өрхийн орлогын гол эх үүсвэр нь мал боловч зах зээл, боловсруулах үйлдвэрийн хязгаарлагдмал байдлын улмаас малчдын орлого ямааны ноолуур, малыг нядлах эсвэл амьдаар борлуулах хоёрхон сонголт бүхий улирлын чанартай мөнгөн урсгал дээр тогтдог. Чухамдаа монголын нийгэмд "баян харагддаг ядуу давхарга" бий болчихсон нь бас л тэд.
Үнэт зүйлс аажмаар үгүйрч, нүдний гэм болж байна. Байгаль болоод амьдралын зогсошгүй салхин тээрэмд хүн л сэв сэнсрэн алхаж байна. Улиралд арайхийж буудаг орлогын түгжигдсэн, баталгаагүй тойргоос гарах нь нэн тэргүүний асуудал байсан хэвээр.
Малчдын ихэнх нь эрсдэл даах чадвар бага. Малчдын эдийн засгийн дархлаа ийн муудсан нь төрөөс өчнөөн мянган бээрийн алсад нүүж яваатай холбоотой байв. Төрөөс бодлогын түвшинд тэднийг дэмжиж байсан нь тун ховор. Өвсхөн, тэжээлхэн өгөхөөс л цаашгүй байв.
Одоо тэд өөр өөрсдийн амьдарч буй газраа үйлдвэрлэл эрхэлж, үнэгүйдсэн малын түүхий эдээ "алт" болгох эсэх нь тэднээс шалтгаалах зүйл болж. Шинэ хоршоо хөдөлгөөний гол хөшүүргэ нь газар нутгийн 71 хувь дээр бэлчиж буй мал аж ахуйн салбараа илүү зорилтот болгоё, хагас эрчимжсэн хэлбэр рүү шилжүүлье, бэлчээрийн даацад нийцсэн мал аж ахуйн салбартай болъё гэсэн зорилго гэж буй. Тэгвэл энэ ажил цааш явах болов уу?
Шинэ хоршоо хөдөлгөөнөөр дамжуулан малчдын нийгмийн баталгааг сайжруулах болоод үйлдвэрлэл эрхлэх боломжийг нээж буй. Хамтарч хоршоо байгуулсан малчид ч хөрөнгө оруулалтын зээлээ аваад эхэлсэн. Энэ сарын 15-ны байдлаар малчин, мал бүхий иргэний хамтарсан 930 хоршоо бүртгүүлж, одоогоор 400 гаруй нь гэрчилгээгээ аваад байна.
Энэ сарын 13-ны өдрөөс эхлээд 5 хоршоонд 700 сая төгрөгийн зээлийг Төрийн банкнаас баталсан байна. Нэг хоршоонд хамгийн ихдээ 286 сая, хамгийн багадаа 100 сая төгрөгийн зээл батлагджээ.
Бүс нутгаар авч үзвэл, төвийн бүсээс хоёр, баруун бүсээс хоёр, зүүн бүсээс нэг хоршоонд тус тус зээлийн шийдвэр гарсан байгаа талаар албаны хүн мэдээлэл өгсөн юм.
Хүнд хэцүү үед малчид төрөөс "зээл тэглээд өг" гэхээс илүүтэй "амьдрал болохуйц" өөрчлөлт, эрх зүйн орчныг хүлээж байгаагаа уламжилсан байдаг. Тэгвэл малчид нийлж, давагдашгүй давааг хамтдаа туулан гарах, үйлдвэрлэл эрхлэх бодлогын өөр нэгэн зам дээр зогсож байна. Энэ нь “Шинэ хоршоо”-гоор мөр татуулах юм. Эл хөдөлгөөнөөр малчдын амьдралын шинэ хэв маягийг бий болгож, санхүүжилт хийнэ гэж буй. Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдээс хөрөнгө оруулалтын зээл гаргаж байгаагаараа онцлогтой.
М.Жаргал