Тайваньд лхагва гарагт болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 9 хүн амиа алдаж, 770 барилга эвдэрсэн гэж арлын Үндэсний гал түймрийн албаны (NFA) хамгийн сүүлийн тооцоололд үндэслэн мэдээлэв.
Газар хөдлөлтийн голомтоос ердөө 80 милийн зайд орших нийслэл Тайбэй хотод сүүлийн 25 жилийн хугацаанд Тайваньд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн үеэр барилгууд чичирхийлж байгааг олон дүрс бичлэгүүд нотолж байна. Гэвч орчин үеийн инженерчлэлийн аргаар нэгэн цагт дэлхийн хамгийн өндөр тэнгэр баганадсан барилга байсан "Тайбэй 101" нь ямар ч эвдрэлгүй гарч ирэв.
Газар хөдлөлтийн дүрс бичлэгээс харахад 1667 футын өндөр цамхаг бага зэрэг ганхсан ч бүтцийн уян хатан байдал нь газар хөдлөлтийн хүчтэй хөдөлгөөнийг эсэргүүцэхэд тусалжээ. Тодруулбал, тэнгэр баганадсан барилгын газар хөдлөлтөөс хамгаалах цорын ганц найдвар нь төмөр бетон материал аж.
Бетоны шахалтын бат бэхийг гангийн суналтын бат бэхтэй хослуулсан уг материал нь барилгыг уян байхад тусалсан. Ийм учир хүчтэй салхи, Тайванийг ойр ойрхон дайрдаг хар салхи зэргийг тэсвэрлэх чадвартай болгодог. Энэ нь олон зууны турш газар хөдлөлтөд өртөмтгий Зүүн Азийн орнуудад Японы сүм хийдээс эхлээд Хятадын ордон хүртэлх уламжлалт архитектурын шийдэл юм.
Цамхагийн өндөрт байгаа өөр нэг технологийн шинэчлэл нь 101 давхар тэнгэр баганадсан барилгыг хамгаалахад тусалдаг том бөмбөрцөг хэлбэртэй төхөөрөмж юм. Ойролцоогоор 660 тонн жинтэй бөмбөрцөг хэлбэртэй төхөөрөмж нь барилгын дээд давхарт байдаг. Газар хөдөлтийн үе уг төхөөрөмж тэнцвэрт байдлыг хангаж, дүүжигнэсэн хөдөлгөөн үзүүлдэг.
Л.Сайнаа