"LookTv"-гээс кино үзэж байгаагүй хүн бараг л үгүй гэхэд хилсдэхгүй. Тэдний хэрэглэгчдийн тоо хэд байдаг тухай тодорхой статистик мэдээлэл олдоогүй. Ямартай ч гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын дийлэнх нь тэдний хэрэглэгч гэдэгтэй маргахгүй.
"Монгол Нетфликс" гэж хэлж болох "LookTV"-ийн тухай магтах зүйлс олон. Тухайлбал, дэлхийн дахины шилдэг кино, контентууд, монгол дуу оруулга, хадмалтай учир хэн ч үзэж болох, мөн англи хэл дээр үзээд хэлээ сайжруулсан ч болно. Өндөр чанарын дүрсний нягтрал буюу HD кинонуудтай гээд л тоочиж болох юм их ээ...
Гэвч сүүлийн үед тэдний аппликейшн болон Browser хэтэрхий удаан, бүр орохгүй байх нь олонтоо болжээ. Тэр тусмаа шөнө, оройн цагаар огт орохгүй ачаалж, "Мэдээлэл байхгүй", "Дахин оролдоно уу" гэх мэт бичиг л дэлгэцэнд харагдах болов. Энэ тухай хэрэглэгчид уураа барж, боож үхэхээс наагуур байгаа бололтой.
Сар гаруйн хугацаанд үзэгчдийг байлдан дагуулаад байгаа "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу долоо хоног бүрийн лхагва гарагт цацагдаж байгаа. Уг өдөр "LookTv" аппликейшн гацах нь их.
Энэ асуудалд бухимдсан хэрэглэгчид "Аппликейшнаа янзал", "Хоёр хоног болохгүй байлаа", "Мөнгөө эргүүлж авъя" гэх мэтээр сэтгэгдэл үлдээж буй.
Бид тэдний үйлчилгээний лавлахтай холбогдож яагаад ийм асуудал үүсдэг талаар тодруулахад, "Бид одоогоор шинэ аппликейшн гаргах ажлыг өрнүүлж байгаа. Удахгүй шинэчлэгдэхээр шинээр татаад ашиглавал асуудал үүсэхгүй. Мөн өдөрт хэр хэмжээний хэрэглэгч ханддаг талаар тодорхой тоо судалгаа гараагүй учир мэдээлэл өгөх боломжгүй" хэмээв.
Гэвч уг асуудал хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй гэдгийг олон нийт ярьдаг. Эсвэл тэд шинэчлэх ажлаа тэгж удаан хийгээд байгаа юм болов уу, эсвэл үнэхээр олон хүн хандаад, ачаалал нь хэтрээд байгаа юм болов уу? Ямартай ч тэдний хэрэглэгчид мөнгөө төлчхөөд хүссэн үедээ нэвтэрч, кино, контентоо үзэж чадахгүй байгаа нь ГАШУУН. Нэг үгээр хэлбэл хэрэглэгчид нь хохирсоор байхад тэдний зүгээс тодорхой мэдэгдэл ч хийсэнгүй. Цаашлаад уучлалт ч гуйсангүй.
Тэдний 30 хоногийн BASIC багц 4900 төгрөг, PREMIUM багц нь 19900-аас хямдраад 5000-9900 төгрөгийн хооронд байгаа.
Хэвийн үедээ тус аппликейшн давгүй ажиллагаатай ч ихэнх тохиолдолд бага зэрэг гацна. Заримдаа үнэхээр урам хугартал гацна. Сурталчилгаа, маркетинг сайтай ч тэр хэмжээндээ байж чадахгүй, олны урмыг хугална гэдэг өнөөгийн нийгэмд байж болохгүй зүйл. Угтаа хэрэгчид нь өсөхийн хэрээр "программ хангамжаа сайжруулж явах ёстой" байдаг нь энэ төрлийн бизнесийн нэн тэргүүний зүйл байх учиртай. Ядаж тэднийг хэрэглэгчдээ энэ мэтээр хохироож байгаадаа уучлалт гуйгаасай л гэж хүсье дээ...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)