БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Балжиннямын Баярсайхан Улаанбаатар хотын уугуул. 1987 онд нийслэлийн ерөнхий боловсролын 51-р дунд сургууль төгссөн. Багшийн сургуулийг багш мэргэжлээр төгсөж, цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажлынхаа гарааг эхлүүлсэн ч мэргэжлээрээ төдийлөн ажиллаагүй. Түүний хувьд багш, эрхзүйч, сэтгүүлч мэргэжилтэй, нийгмийн ухааны магистр.
БАРИМТ 2
Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн 9-р тойрог бую Завхан аймгаас нэр дэвшиж, 14350 иргэний санал буюу 37.83% хувийн дэмжлэгээр парламентад анх удаа хөл тавьсан.
БАРИМТ 3
Цаг барих, сайн төлөвлөх, ажил бүрээ төлөвлөсөн хугацаанд нь дуусгах нь түүний цагаа хэмнэх нэг арга гэж ярьсан байдаг. Атал эрхэм гишүүн чуулганаасаа хэд,хэдэн минутаар хоцорч ирсэн нь бүртгэл дээр дурайж байна.
БАРИМТ 4
Тэрбээр хэвлэл мэдээллийн салбараас парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийн нэг. МҮОНТ-ээс ажлын гараагаа эхэлж, “Өглөө” хөтөлбөрийн анхны хөтлөгчөөр ажиллаж байв. Мөн “Ийгл” телевизийн анхны монгол гүйцэтгэх захирлаар ажиллаж, тус телевизийг долоон жил удирдаж байлаа. Гэхдээ "Ийгл" телевизтэй шүүх дээр заргалдсан цуутай нэгэн. Телевизийн захирал байхдаа аль нэг улс төрчийн гар хөл болоод түүний төлөө ажиллаж байгаагүй. Сэтгүүл зүйг улс төрөөс цэвэр хараат бус байх ёстой гэдэгт итгэдэг агаад ажиллаж байсан буюу 1996-2016 он хүртэл тэднээс ангид байж чадсан өөрөөрөө бахархдаг гэдэг.
БАРИМТ 5
Гишүүн болохоосоо өмнө 2016-2020 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөхөөр ажиллаж байлаа. БСШУЯ-ны Төрийн нарийн байхдаа сайдтайгаа таардаггүй, ур чадваргүй гэж ажлаасаа халагдаж байсан ч шүүхэдсээр байгаад буцаж орж байсан замнал бий. Гэхдээ Б.Баярсайхан УИХ гишүүн болоход нөлөөлсөн, МАН-аас нэр дэвших квотыг өгсөн шалтгаан гэж эерүүлэн боддог байж мэднэ.
БАРИМТ 6
УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа тойрогтоо анх удаа ажиллахдаа "цэрэг" хувцас өмсөж, Завхан аймгийн Засаг дарга нарыг загнаж, зандчиж үүрэг даалгавар өгсөн байдаг. Албан тушаал, сэнтийгээ андуурсан Б.Баярсайхан ингэж олны шүүмжлэлийг хүртсэн удаатай.
БАРИМТ 7
УИХ-ын гишүүн болоогүй бол карьерынхаа оргилыг CNN-ийн хөтлөгчөөр төсөөлдөг байсан гэдэг. 2000 онд Ирландад очихдоо шүүхийн системтэй нь танилцаж байсан.
БАРИМТ 8
Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа “Ирэх дөрвөн жилд бүх цэцэрлэг модон жорлонгоос сална, охидынхоо заяагдмал эрхийг багаас нь ойлгуулъя” гэдгийг “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн дарга байх үедээ, одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойлгож, 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт оруулсан байдаг.
БАРИМТ 9
Тэрбээр Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Эл хуульд өөрийгөө маш чухал хоёр зүйл, заалт суулгасан гэж тэр үздэг. Нэгдүгээрт, ажлын байрны бэлгийн дарамтын талаарх хоёр заалтыг чангатгасан явдал. Мөн ажил олгогч бүхэн өөрийн хариуцаж буй байгууллага дотроо хүүхэд хамгаалах бодлоготой байна гэсэн заалтыг оруулсан гэж ярьдаг байна.
БАРИМТ 10
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тойргийнхоо төрөх эмнэлэгт нэг ширхэг олон үйлдэлтэй ор бэлэглэжээ. Сайшаалтай ч тэрбээр нэг ширхэг орныхоо дэргэд зогсоод эмнэлгийн гадна, телевизийн сэтгүүлчийн зангаараа ч гэх үү, байн байн үг хэлж, эмч сувилагч нараар алга ташуулсан нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байлаа.
БАРИМТ 11
Түүний хувьд ганц нэрийн хуудас болохуйц УИХ-аас ангид, санаачилсан ажил нь "Үндэсний өгөх өдөр". Одоогоос 16 жилийн өмнө энэ ажлыг эхлүүлж байжээ. Мөн тэр "Өгөх өдөр хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн юм.
БАРИМТ 12
"Өгөх өдөр"-ийн хүрээнд Удвал хэмээх охины эмчилгээний төлбөрт хандив цуглуулах үүднээс "Том болоорой Удвал" гэх нэртэй тоглолтыг зохион байгуулсан байдаг.
БАРИМТ 13
Тэрбээр 2020 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байлаа. 2016 оны гурван сард "одоо л улс төрд орох цаг" гэж өөрт нь санагдсан гэдэг. Ардчилсан намын зарим нэг хүмүүсийн увайгүй үйлдлээс болоод улс төрд оръё гэж бодсон юм билээ.
БАРИМТ 14
МАН 95 жилийн ойгоороо Б.Баярсайханд санал тавьсны дагуу сонгуулийн штаб дээр имидж, дүр бүрдүүлэлтийн ажлын хэсгийн даргаар ажиллаж, улс төрчийн имидж, ярианы болон сэтгэл зүйн чадвар дээр тухайн үеийн 65 гишүүнтэй ажилласан байна.
БАРИМТ 15
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан 2022 онд нийт хөрөнгийн хэмжээгээ 4,887,826,300 төгрөг буюу бараг л 5 орчим тэрбум гэж мэдүүлж байв.
БАРИМТ 16
Мөн жилийн орлого 2021 онд огцом нэмэгджээ. 2020 онд тэрбээр жилийн 107 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд жилийн 151 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлжээ. Б.Баярсайхан гишүүн 342 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Land Cruiser 200 ,BMW, 528 хоёр автомашинтай хэмээн мэдүүлсэн байдаг. Түүнчлэн Мэйдин Монголиа ХХК, Брэйнбрэнд ХХК, Амин Шийдэл ХХК зэрэг компаниудаас хувь эзэмшдэг байна.
БАРИМТ 17
Тэрбээр 2020 онд unread-ын "Би хэрхэн ажилладаг вэ" булангийн зочин болохдоо, "сүүлийн жилүүдэд спортод их дурлаж, өглөө бүр зургаан цагт босож бэлтгэлийн заал руу явдаг дадалтай болсон. Бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалцэцэгийн удирдлага дор фитнесээр хичээллэж байна" гэж байлаа.
БАРИМТ 18
УИХ-ын гишүүний хувьд АТГ-д 2022 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө болон гэр бүлийн гишүүд нь хувь эзэмшдэг аж ахуй нэгжгүй гэж мэдүүлсэн.
БАРИМТ 19
Гэхдээ гишүүний төрсөн дүү, жүжигчин Б.Амарсайхан кино хийх нэрээр төсвөөс их хэмжээний мөнгө авсан гэх баримт ил болж, Б.Баярсайханыг төрийн өндөр дээд албан тушаалаараа далайлгасан гэх хардлага мэр сэр явж байв. Тодруулбал, Б.Амарсайхан нь Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 266 сая төгрөгийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх уран сайхны кино хийнэ хэмээн авсан байдаг агаад эл мөнгийг өөрийн эзэмшдэг "Ай Фай Продакшн" ХХК-ны дансаар 2019 оны 12 дугаар сард авч байж.
БАРИМТ 20
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан одоо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог даргалдаг.
БАРИМТ 21
2021 онд түүний нөхөр П.Баярмагнайг АНУ-ын Сан-Франциско хотод суух Консулаар томилогдоход урьдын мөрөөдлөө биелүүлж, гэр бүлийн хүнээ консулаар томилогдоход нөлөөлсөн гэж яригдаж байв. Гэвч гишүүн бээр эрс үгүйсгэж, "миний нөхөр өндөр боловсролтой хүн" гэж өмөөрч байв.
БАРИМТ 22
Тэрбээр УИХ дахь "Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг"-ийг байгуулсан. Гэхдээ хүчирхийллийн эсрэг, хүүхдийн төлөө гэдэг атлаа асуудлыг шийдэхэд тодорхой байр суурь илэрхийлж тууштай явдаггүй гэх мэт шүүмжлэлийг араасаа үргэлж дагуулдаг.
БАРИМТ 23
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "УИХ-ын гишүүн надад ч нислэг олдохгүй байна" гэж чуулганы танхимд тунин эрхэлж байлаа. Гэхдээ ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "МИАТ ганцхан онгоцоороо 9 аймаг руу нислэг үйлдэж байна, асуудалд анхааръя" гэж амыг нь тагласан удаатай.
БАРИМТ 24
Парламент дахь гангачуулын нэг болох Б.Баярсайханыг улс төрд хэрэгтэй гэж иргэд үзэх юм бол энэ удаагийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн байна. Тэгвэл дөрвөн жил тод хувцас, тод будалтаас өөрөөр "тодорч гийгүүлээгүй" эрхэмсэг гишүүнийг хэрэгтэй гэх юм болов уу, хэрэггүй гэх юм болов уу.
Сэтгэгдэл (15)