Парисын олимп бамбараа асаахад 93 хоног л үлдээд байгаа энэ цаг үед Монголын чөлөөт бөхийн холбоо халаа сэлгээтэй, дотоод бужигнаантай байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Монголын чөлөөт бөхийн Удирдах зөвлөл хуралдаад эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарыг, эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Э.Ням-Очирыг томилж байв.
Гэтэл өчигдрийн хуралдаанаараа эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Ц.Цогтбаярыг томилж, Олимпын эрх авах сүүлийн тэмцээнд оролцох баг тамирчдыг дүрмийн бусаар сонгосон тухай мэдээлэл байна. Тавдугаар сарын 10-нд эхлэх олимпын эрхийн сүүлийн тэмцээн Турк улсад болох бөгөөд энэ тэмцээнд оролцох баг тамирчдыг Монголын чөлөөт бөхийн холбоо дөнгөж энэ долоо хоногт л зарлаж байгаа гэсэн үг ээ. Ингэхдээ Дэлхийн эрх авах сүүлийн тэмцээнд оролцох тамирчдаа амжилтаар нь биш, “Алдар”-т хамааралтайгаар нь сонгож байгаа нь нэлээд хэл ам дагуулах бололтой.
Уг нь эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпийн наадмаас Монголчуудын медаль хүсэн хүлээдэг ТОП-4 төрлийн нэг нь яах аргагүй чөлөөт бөх. 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн 87 кг-ын жинд Ж.Мөнхбат мөнгөн медаль хүртсэнээр олимпын медальтнуудын тоонд Монгол Улс орж ирсэн бол өдгөө Парисын олимп хүртэл зөвхөн чөлөөт бөхийн төрлөөр олимпын 9 медальтан төрөөд байна.
Харамсалтай нь, 2016 оны Рио Де Жанейрогийн олимпоос дахин нэг хүрэл медаль хүртэх боломж байсан ч алдаа гаргасны улмаас эцэст нь Монголын чөлөөт бөхийн холбоо Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос бандуулж, эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарын олон улс, тив дэлхий, дотоодын тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хасаж байв. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбоонд ирүүлсэн албан бичигт “Рио-гийн олимпын 65 кг-ын жинд барилдсан Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Г.Мандахнарангийн барилдааны дараа хоёр дасгалжуулагч дүрмийн бус зохисгүй үйлдэл гаргасан. Тиймээс Монголын тамирчдыг олон улсын тэмцээнд тодорхойгүй хугацаанд оролцох эрхийг түдгэлзүүлж байна” гэсэн байсан билээ. Рио де Жанейрогийн олимпод Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Б.Баяраа нар оролцож байв. Ц.Цогтбаярын хувьд тухайн үед дасгалжуулагчаар анх удаа олимпын наадамд оролцож байсан бол Б.Баяраа хоёр дахь удаагаа олимпын наадамд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар оролцож байсан юм. Гэсэн ч Г.Мандахнарангийн барилдааны дараа зохисгүй авирласан нь Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбоог “бандах” үндэслэл болж, хүрэл медалийн оосроос атгаад алдсан Г.Мандахнарангийн барилдааны талаарх гомдлыг хэлэлцэхэд ч тээг болж байлаа. Рио де Жанейрогийн олимпын дараа хоёр дасгалжуулагчийн гаргасан үйлдлийг спортын хүрээнийхэн “Өөрсдийгөө хянаж чадахгүй байгаа хүмүүс баг тамирчдыг хянаж, дасгалжуулна гэж байхгүй” гэсэн шүүмжлэл их өрнөж байсан билээ.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (23)