БАРИМТ 1
МУСТА Ц.Батнайрамдал нь Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат нэгэн. Тэрбээр 1996 онд Дарханы театрт ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа өөрийн хань П.Мөнх-Одтой танилцан амьдралын замаа холбож байжээ.
БАРИМТ 2
1988 онд дунд сургуулиа төгссөн. Түүнчлэн 1990 онд СУИС-ийн кино драмын ангийг дүүргэсэн байна. Улмаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчнээр ажлын гараагаа эхэлж байжээ. Тэрбээр "Шар гэгээ" жүжиг болон "Хугараагүй ноён нуруу" жүжгийг тайзнаа найруулан тавьсан юм. 2022 онд "Гэгээн Муза" наадмын "Шилдэг найруулагч" номинацид нэр дэвшиж байв.
БАРИМТ 3
Тэрбээр 2008 оноос “Сити” их сургуульд багшилж эхэлжээ. Харин СУИС-иас ажлын санал ирсний учир найруулагч Н.Наранбаатартай хамтран хөгжимт театрын жүжигчний ангийг төгсгөсөн гэдэг. 2016 онд СУИС-ийн багш П.Батхуяг агсны "Чулуудын хүүрнэл" эмгэнэлт жүжигт найруулагчаар хамтарч байжээ.
БАРИМТ 4
Тэрбээр мюзикл сонирхдог, найруулахыг хүсдэг, найруулдаг, тайзны бүтээлийн энэ онцгой төрлийг тавих, бүтээх талын арга, аргачлалыг судалж, зах зухаас нь амьдралд хэрэгжүүлж яваа нэгэн.
БАРИМТ 5
Түүний хувьд "Бид өөртөө байгаа үнэт өв соёлоо урлагийн түвшинд орчин үеийн технологи ашиглаж, өнөөгийн соёл иргэншилд ирсэн гэдэг ухагдахууныг урлаагаараа дамжуулж тайзны урлаг болгож янз бүрийн мюзикл хэлбэрт оруулж үзүүлэх хэрэгтэй" гэж байлаа.
БАРИМТ 6
Тэрбээр 2014-2018 онд Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулж байсан туршлагатай.
БАРИМТ 7
Мөн 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулсан.
БАРИМТ 8
Тэрбээр 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллажээ.
БАРИМТ 9
Харин 2023 онд Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг найруулсан байна.
БАРИМТ 10
Монгол Улсын Засгийн газрын захиалгаар “Legend” төслийн ерөнхий найруулагчаар 2019 онд ажиллаж байсан бол 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулж байжээ.
БАРИМТ 11
Басхүү аймаг, нийслэл, сумын ой, Хүүхдийн спортын наадам, "Нийслэлийн мөнгөн шөнө" зэрэг томоохон арга хэмжээнүүдийг найруулсан байна.
БАРИМТ 12
"Монгол туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдалын шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг түүхтэй хослуулан хийх “Эх дэлхий, эх оршихуй цадиг” зохиол төлөвлөгөөг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс баталсан юм.
БАРИМТ 13
Ц.Батнайрамдалын тухайд наадмын нээлт, хаалтыг 2.9 тэрбумаар найруулах санал ирүүлсэн агаад энэ нь найруулагч Б.Анарын ирүүлсэн саналаас даруй 2 орчим тэрбумаар бага төсөв юм.
БАРИМТ 14
Тэрбээр "Залуу үе тасралтгүй учраас ардын урлагаа гольдролд нь оруулж суурийг тавьж өгөхгүй бол хуучин нь улам бүдгэрээд, хий хоосон суурьгүй давхисаар байгаад юу ч үгүй болоод монгол урлаг гэдэг зүйлээс хумхын тоос ч үлдэхгүй болох аюултай" гэж Ардчилал таймс сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.
Сэтгэгдэл (1)