БАРИМТ 1
Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ... "Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат" гэж нутаг усаараа олон жил цоллуулсан нь бидний чихэнд байтугай сэтгэлд хоногшжээ. Түүний 12 давсан босоо аваргын түүх нь улс төрийн сэнтийгээс "унадаггүй" өнөөдрийн Б.Бат-Эрдэнийн замналыг бүтээсэн гэхэд хилсдэхгүй.
БАРИМТ 2
Тэрбээр улс төрд хөл тавьсан 2004 оноос хойш Монгол Улсын парламентад тав дараалан сонгогдож, 2013 онд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшиж байв. Түүний улс төрийн амбиц дийлдэхгүй, сул гишүүн байхдаа ч парламентын танхимаа гороолсоор байсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн 18-р тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшин 19887 иргэний саналаар 55.69 хувийн дэмжлэгээр парламентад суух эрхээ дахин өвөртөлсөн нэгэн.
БАРИМТ 3
Б.Бат-Эрдэнэ гишүүнийг хамгийн их сүсэг бишрэлтэй хүмүүсийн нэг гэдэг. IX Богдыг Гандантэгчилэн хийдэд залахад очиж мөргөж, адис авч байсан тэрбээр Богдыг жанч халахад мөн л ихэд сэтгэлээр унаж буйгаа мэдэгдэж байсан.
БАРИМТ 4
Намынхаа "том ах" бээр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан нь 2016 он. Хууль зүйн ухааны доктор гэж намтар дээр нь дурайна. Тэрбээр байгаль орчныг хамгаалах, хариуцлагагүй уул уурхайн эсрэг УИХ дээр идэвхтэй ажилладаг улс төрч гэж өөрийгөө цоллуулах дуртай.
БАРИМТ 5
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн нийт хөрөнгө 2022 онд 1 тэрбум гаруй байжээ. Тэрбээр парламентын чинээлэг гишүүдийн тоонд зүй ёсоор орно. Тэрбээр "Аварга" дээд сургууль эзэмшдэг.
БАРИМТ 6
УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ нь АТГ-д 2022 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Атарчандгана Сүү ХХК (2862328) 14%, Атарчандгана ХХК (4185757) 81% эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг. Атарчандгана Сүү ХХК, Атарчандгана ХХК-ийн үйл ажиллагааны нь "Мал аж ахуй эрхлэх, Малын тэжээл үйлдвэрлэл, Фермерийн аж ахуй эрхлэх, Газар тариалан эрхлэх, Эрчимсэн мал аж ахуй" байна. Мөн нэг чиглэл нь "Гадаад, дотоод худалдаа зуучлал" байна.
БАРИМТ 7
Түүний хувьд чуулганы цагаас хоцордоггүйгээрээ "анги"-аа хошуучилж буй. Угаас хоцрох боломжгүй. Ес зүй, сахилга батын хороог тэргүүлдэг хүн.
БАРИМТ 8
Тэрбээр УИХ дахь "Мянгат малчид"-ын нэг. 2022 онд 328 адуу, 72 үхэр, 2600 хоньтой гэж мэдүүлж байв. Мөн "Эрдэнэс МГЛ" ХК-ийн 2ш хувьцаа, "Эрдэнэс таван толгой" ХК-д 2144ш хувьцаа эзэмшдэг байна.
БАРИМТ 9
Б.Бат-Эрдэнэ сонгуулийн түүхэнд хамгийн хачирхалтай сурталчилгааны хуудас гаргаж байсан юм. 2004 оны сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвшиж байсан Да.Ганболд түүнтэй хамт авахуулсан зургаа сурталчилгааны хуудасныхаа нүүрэнд хэвлүүлжээ. Гэтэл тун удалгүй Б.Бат-Эрдэнэ мөн л энэ тойргоос нэр дэвших нь тодорхой болсон. Энэ нь өрсөлдөгчид нэг сурталчилгааны хуудсанд гарсан сонин тохиолдол болж байжээ.
БАРИМТ 10
Түүний хувьд МАН-ын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. 2011 оны намар “Оюу толгойн гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн нэр бүхий найман гишүүний хамт ерөнхий сайд С.Батболдыг огцруулахыг шаардаж байсан. Тэр одоог хүртэл "Оюу толгой"-г орхиогүй. Саяханыг хүртэл эл асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьж, хариултаа авсан.
БАРИМТ 11
Өнгөрөгч онд чөлөөтийн тамирчид өчнөөн жилийн хөлс хөдөлмөрөө урсган байж олсон олон улсын шагналын мөнгөө “Чөлөөт бөхийн холбоо”-ныхоо өрөнд залгиулчихаад, шинэчлэл хүлээж, итгэл найдвар тээж суусаар тэвчээр нь барагдаж, өчигдөрхөн хэвлэлийн хурал хийж байлаа. Үүнтэй давхцан Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гуай сүмо бөхийн зодог тайлах ёслолд очиж, даахь үргээсэн шиг ээ явж байсан нь шүүмжлэл дагуулсан билээ.
БАРИМТ 12
УИХ-ын эрхэм гишүүн Хөгжлийн банкны сонсгол дээр нэр дурдагдаад амжсан. Тодруулбал, Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий "Атарчандагана"-аараа 138,078,168.84 төгрөгийг зээлсэн гэх мэдээлэл дурайж байв.
БАРИМТ 13
2014 онд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан байнгын хорооны хурал удирдах үедээ “Аварга үг хэлнэ. Таныг тооцлоо” гэсэн биш “Ичээч, чи” гэж элдвээр чичлүүлэхдээ хүрлээ. Б.Бат-Эрдэнэ “Би төрийн түшээ хүн. Ард түмний төлөөлөл шүү.Та нар намайг жаахан доромжлоод байна уу, үгүй юу” хэмээн уурсаж байсан гэдэг.
БАРИМТ 14
Нэг нутгийн хүү, улсын арслан Э.Оюунболдыг "допингийн шинжилгээ"-нд бүдрэхэд өмөлзсөн ч үгүй, өмөөрсөн ч үгүй, хариу гартал барилдуулахгүй гэдгийг л мэдэгдэж байв.
БАРИМТ 15
Тэрбээр "Зууны манлай" дархан аварга гэгддэг. Б.Бат-Эрдэнэ 13 настайдаа Хэнтий аймгийнхаа наадамд анх удаа бөхийн аманд гарч бөхийн дуурсгалт замналаа эхэлсэн түүхтэй бөгөөд 2023 онд эл спортоос "зодог тайлсан". Мөн “Хан Хэнтийн аварга” дэвжээндээ өөрийн эдэлж, өмсөж байсан зодог шуудгаа дурсгасан.
БАРИМТ 16
Бөхөөсөө зодог тайлсан Б.Бат-Эрдэнэ гишүүн дахин УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж буй. Зарим иргэд түүнийг улс төрөөс "зодог тайлаасай" гэж хүсэж байгаагаа ил, цагаан илэрхийлж байгаа.
БАРИМТ 17
Өнгөрөгч онд нийтээрээ нүүрсний сонсголоор ичих булчирхай байвал улалзтал зарлуулсан этгээдүүдийн том хулгайн схемийг тайлж унших гэж оролдцгоож байв. Гэтэл энэ үеэр УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн нэр бас л дурдагдсан. Харин тэрбээр "Нүүрсний хулгайд надтай нэр холбож ярьж байгаа компани бол сүүний үйлдвэр байгаад дампуурсан. Тээврийн, нүүрсний ямар ч компани байхгүй" гэж тайлбар хийж байлаа.
БАРИМТ 18
2021 онд “Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлээд, жирийн иргэний адилаар хуулийн байгууллагаар шалгуулах” шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт сэтгүүлч С.Будрагчаа, Ц.Анхзул нар хүргүүлсэн байдаг. УИХ-ын дарга “Ёсзүйн хороогоороо хэлэлцэж, хариуг олон нийтэд мэдээл” гэж Ёсзүйн хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ рүү шилжүүлсэн. Атал өдгөө хоцролт зарлаад зогсож буй эрхэм гишүүн "нүдээ аниад өнгөрсөн" гэдэг.
БАРИМТ 19
Энэ жилийн тухайн сонгууль шинэ тогтолцоогоор явагдаж, нэр дэвшигчид "Бүсчилсэн тойрог"-т өрсөлдөнө. Тэгвэл алдар нэр нь түгсэн Дархан аварга Б.Бат-Эрдэнийг боломжит хувилбарт дэвшүүлэхээс аргагүй байдалд МАН хүрч очих болов уу.
БАРИМТ 20
Тэрбээр бүжигчин бололтой. Түүний "эргэлдэж буй" бичлэг цахимд магтаал дагуулж байна. Харин гишүүн "Монголын НЦБХолбоо, ОНБТСҮХороо,БТСУХороо хамтран зохион байгуулсан аймаг, нийслэл дүүргийн нийтийн цэнгээнт бүжгийн багш нарын мэргэшүүлэх “Эерэг хандлага-Эрүүл нийгмийн төлөө хамтдаа” сургалт өндөрлөлөө" гэх мэт албан тайлбартайгаар түгээж сууна. Яалт ч үгүй нохойн дуу ойртжээ.
БАРИМТ 21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "Ордоо, баялагаа эзэмшигч улсын хувьд бусад улс орны жишгээр төр хайгуулыг нь хийж, нөөцийг нь тогтоосон бол 51 хувь, ААН өөрөө хөрөнгөө гаргаж, хайгуул хийсэн бол 34 хувийг үг дуугүй эзэмших заалттай байх ёстой" гэдэг байр суурийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр илэрхийлж байлаа.
БАРИМТ 22
Тэрбээр өнгөрөгч онд Хууль зүйн хорооны даргад нэрээ дэвшүүлсэн. Харамсалтай нь дэмжигдээгүй юм. Гишүүний хувьд нүүрс, Хөгжлийн банк гээд толгой дараалан нэрээ дуудуулсан ч ор тас үгүйсгэж, бас эс шантарч, ёс зүй сахилга батын талаар өгүүлсээр байгаа.
БАРИМТ 23
Түүний намтарт "Орос, Англи" хэлний мэдлэгтэй гэж дурдсан байдаг ч одоогоор Орос, Англиар ярьж байхыг нь сонссон иргэд байдаг эсэх нь эргэлзээтэй.
БАРИМТ 24
2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхэд 14 удаа үг хэлж, аваргын түрүүгээ гүйцсэн байдаг. Тиймд тэрбээр сахил хүртсэн мэт улс төрд "тахим өгөлгүй" туг тойрч, Дархан аваргын нүүрээрээ эрх мэдлээ дархалж байна.
Сэтгэгдэл (21)