Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2022 оны есдүгээр сард Соёл урлагийн их сургуульд бэлгийн хүчирхийллийн хэрэг гарсан тухай мэдээлэл яг жилийн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сард ил болсон. Тухай үед хэвлэлүүд энэ талаар шуугиж байсныг эргэн сануулж байна.
Хэрэг явдал 2022 есдүгээр сарын 20-ны өдөр СУИС-ийн Театр урлагийн сургуулийн жүжигчний төгсөх курсын оюутнууд жүжигчний гуравдугаар ангийн гурван эмэгтэй оюутныг хүчээр ангидаа оруулж, нүцгэлэн биеийнх нь эмзэг хэсэгт хүрэх зэрэг үйлдэл гарган бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байдаг. Тэд хүчирхийлэл хийх үеэрээ гар утасныхаа камерт бүгдийг бичиж авсан байна. Хэрэг гарах үед жүжигчний төгсөх ангийн 20 оюутан байснаас 16 нь тус хэрэгт холбогджээ.
Хэрэг гарснаас хэсэг хугацааны дараа хохирогч охид ангийн багш Н.Ганхуяг болон сургуулийн захиргаа, цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Тухайн үед охидын гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн газраас тус хэргийг шалгасан бөгөөд өнгөрөгч 2022 оны арваннэгдүгээр сар прокурорт шилжүүлсэн ч прокурорын байгууллага тус хэргийг шалгалгүй удаасны эцэст хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж буйгаа өнгөрсөн лхагва гарагт /2023.02.8/ хохирогч охид болон ангийн багш Н.Ганхуяг нарт мэдэгдсэн гэдэг.
Тухайн үед хэвлэлүүд "хүчирхийлэл үйлдсэн оюутнуудын эцэг, эх прокурорт нөлөөлж тус хэргийг хаахад нөлөөлсөн байх магадлалтай" хэмээн мэдээлж байв. Учир нь тус оюутнуудын эцэг, эх нөлөөтэй хүмүүс байсан. Хэрэг гарсны дараа хүчирхийлэл үйлдсэн оюутнуудыг хичээлд нь суулгахгүй байх арга хэмжээг сургуулийн захиргаанаас авсан ч тэдний эцэг, эхчүүд нь гомдол, санал гаргаснаар хичээлд нь буцаан хамруулах болсон байна.
Уг хэрэг явдал нааштайгаар шийдэгдсэн эсэх нь одоогоор тодорхой биш. Хэн ч нэхэж сурвалжлаагүй учир сайнаар шидэгдсэн гэж олон нийт ойлгосон байх.
Энэ долоо хоногийн дуулианы эзэд бол СУИС-ийн нэг ангийн найзууд байсан жүжигчин Б.Номин, Т.Бадамжав, Б.Мишээл нар билээ. Нэр алдар нь мандаад байсан жүжигчин Б.Номин "Baji&Yalalt" влогийн зочноор оролцохдоо оюутан ахуй насаа даруухан өнгөрөөсөн утга бүхий зүйл ярьсан нь түүний доод ангийн нэгэн төгсөгчийн дургүйцлийг хүргэж, улмаар үнэн төрхийг илчилж, түүнтэй нэг ангид байсан найзууд нь болох жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл тэр гуравт дээрэлхүүлдэг байсан тухайгаа нийтэлсэн нь олон хандалтыг авсан. Одоо ч энэ үймээн намжаагүй байгаа.
Маш олон төгсөгч тэдний эсрэг болон өөрсдийг нь суралцаж байх үед ямар байсан талаар аймшигт зүйлсийг ил болгосон. Хамар хугалдаг, шанааддаг, ухаан алдуулдаг, цус нөжтэй хутгадаг, ууж иддэг л гэнэ. Анх ам нээсэн төгсөгчийн хувьд жүжигчин Б.Номин ийм аймшигтай нэгэн атлаа даруухан суралцагч байж, доод ангийн хүүхдүүдээ бараг л танихгүй ухааны юм ярьсан нь бухимдуулжээ.
Уг аймшигт мэдээллийн дараагаар тэд өөрсдийгөө гүтгүүлсэн хэмээгээд цагдаа, сэргийлэхээр шийдүүлэх тал дээр бат зогсов бололтой. Хоёр өдрийн өмнө жүжигчин Д.Оюунзул энэ тухайд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн.
Тэр ерөнхийдөө "Улаан цагаан гэмшихгүй худал ярьж байгаад нь эгдүүцэж байгаа юм. Б.Номин, Б.Мишээл, Т.Бадамжав нарын асуудлыг ярьж байгаа хүмүүс худал ярих хүмүүс биш ээ. Би харьцангуй бага дээрэлхүүлсэн. Гэхдээ 3 охин хамтлагийн Анхмаагаас айдаг байсан. Тэдний нөгөө ангийн охидууд бид нарын хөхийг харна гэдэг байсан. Хөвгүүддээ харуулна гэдэг байсан. Бүр харж ч байсан" гэх утга бүхий зүйл ярьсан. Эндээс харахад СУИС-д уламжлал болсон элийрэл байгаа юм биш биз гэх хардлага төрөв.
Өчигдөрхөн цацагдсан нууц дурангийн бичлэгт тус сургуулийн оюутнууд доод курсын бололтой нэгнээ хүлж, нүдийг нь боогоод хувцсыг тайчиж, улмаар биеийн зүй бус хэсгүүдээ нүүрэнд нь нааж буйг харуулсан. Эдгээрээс дүгнэхэд хардлага минь хий хоосон биш...
Өөр нэг зүйлийг би мартаж болохгүй зүйл бий
Өнгөрсөн сарын эхээр нэгэн бичлэг цацагдсан болсон нь КУДС-ийн захирал Ж.Солонго гэх эрхмийн бусармаг үйлдлийг илчилсэн. Тэр оюутнуудаа зодож танхайрхаас гадна эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт учруулдаг тухай тус сургуулийн оюутнууд нүүрээ халхлан байж шүгэл үлээсэн. Тэр хууль цааз өөрт нь үйлчлэхгүй мэт дураараа аашилж, эрдмийн их өргөөнд хүний сайхан хүүхдэд шанаа өгөөд л зогсож байдаг гэдгийг бид үзсэн. Түүний асуудал хоёр гурван жилийн өмнөөс л яригдэж, олонд иол болсон ч тоохгүй байсаар гаарсан нь энэ.
Монголын соёл урлагийн салбарын залгамж халаа байх ёстой залуус эдгээр сургуулиудаас чадвар биш цаг хугацаа ч эдгээж хүчрэхгүй их айдас, сэтгэцийн асуудлуудыг тээгээд гардаг байх учиргүй. Хүчирхийлсэн гэгдэж буй Б.Номин, Б.Мишээл нарын хэлснээр СУИС хагас цэрэгжилттэй юу? Хэрэв тийм бол цэргийн сургууль болговол дээр бололтой. Цэрэгт залуус нэгнээ ухааруулах гэж цохидог бол СУИС-д охидууд нь хүртэл нэгнээ алах шахам балбадаг гэнэ.
Урлаг гэдэг хүнээс асар өндөр сахилга батыг шаарддаг. Үүний тулд нэгэндээ шаардлага тавих, зэмлэх бол энгийн л асуудал байж таарна. Харин нэгнээ харгисаар зоддог үйлдэл бол огт байх ёсгүй. Үүнтэй уншигч та санал нэгдэх биз. Бүү мартаарай.
Хэрэв тэд Өмнөд Солонгост байсан бол босгосон жаахан амжилт нь босож ирхээргүйгээр унаад, бор хоногоо болгох гэж нойл угаах байсан даа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)