Боловсролын зээлийн сангаас өнөөдөр санд диплом нь хадгалагдаж байгаа иргэдэд мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, Боловсролын зээлийн сангаас зээл авч сурсан ч заасан хугацаанд дипломоо аваагүй олон хүн байгаа аж. Тэдгээр хүмүүст шаардлага тавьж, удаа дараа мэдэгдсэн ч зээлээ эргэн төлөөгүйгээс шалтгаалж Монголбанкны зээлийн мэдээллийн санд тэдгээр хүмүүсийн мэдээллийг хүргүүлэх ажил эхэлсэн гэв.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 1998-2016 онд дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн зээлийн барьцаанд диплом нь хадгалагдаж байгаа, зээлээ төлөөгүй төгсөгчдийн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Гэвч зээл авч сурсан төлбөрөө иргэд төлөхгүй байгаа учир зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулж эхэлсэн талаар албаныхан мэдээллээ.