Том, жижиг чимхэл бамбаруушуудыг Адам Бухайовын булшны загалмайд түшүүлэн үлдээжээ. Гэхдээ 17 сартай Адам энд ганцаар нойрсож буй хэрэг биш. Түүний ээж 27 настай София Бухайова, тэдэнтэй хамт элэнц эмээ 68 настай Тетиана Тарасевич нь мөн адил Украины өмнөд хэсгийн Запорожжиа хотын харанхуй, салхи шуурга элбэгтэй оршуулгын газарт үүрдийн амгаланг олжээ. Түүх ингэж эхэлнэ...
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 07-нд Оросын бөмбөгдөлтөөс болж тэд гурвуулаа нэгэн агшинд амь үрэгдсэн аж. Адамын сүүлчийн мөчүүдийг элэнц эмээ Тетиана нь гар утсан дээрээ буулгажээ. Эмээ, ээж, хүү гурав хотын гудамжаар зугаалж буйг уг бичлэгээс харж болно. Шаргал үс, цэнхэр нүдтэй Адам улаан хүрэм, урд талдаа Микки Маусын зурагтай ноосон малгай өмсжээ. "Малгайгаа битгий тайл, чи даарна" гэж Тетиана түүнд зөөлөн хэлэв.
Уг үйл явдлаас цаг орчмын дараа тэд гэртээ хоол идэхээр ширээндээ тухалж суутал Оросын удирдлагатай дронууд байшинг нь газрын хөрснөөс арчсан байна. Адам, София, Тетиана нар бусад зургаан хүний хамт амь үрэгджээ.
Софияагийн ээж 46 настай Юлия Тарасевич одоо тэднийгээ дурсан, уй гашууд автан, өдөр хоногийг арай чүү барна. "Би яаж амьдрахаа мэдэхгүй байна. Дэлхий дээрх там. Би ээж, охин, ач хүүгээ нэг секундын дотор л алдсан. Одоо би тэдэнтэйгээ хамт байхын тулд хүйтэн загалмай тэвэрч байна" хэмээгээд "Хайрт ээж минь..." гэж уйлан хэлээд, модон загалмайд хадагдсан ээж Тетианагийнхаа зургийг илнэ.
Нэг алхмын цаана түүний охин Софиа, зээ хүү Адамынх нь булш байх. Тэр Адамын зурагт гар сунган доош бөхийж, "миний бяцхан зулзага" гэж дуудна. Дараа нь тэр охин Софиагийнхаа зургийг хараад "Хөөрхөн охин минь, аварч чадаагүйд уучлаарай" хэмээн ихэр татна.
Түүний нөхөр, Софиагийн аав 60 настай Серхи Лущай дэргэд нь байж уй гашууг нь хуваалцана. "Бид оршуулгын газарт байнга зочилдог. Бид үхэн үхтлээ үүнийг хийх болно, учир нь энд бидний бүх зүйл байгаа" гэж Юлия өгүүлэв. Тэднийг ирэх тоолонд эндхийн булшнууд нэмэгдсээр л байх... Амиа алдсан цэргүүдийн булшийг чимсэн Украины тугууд саарал тэнгэрийг цоо хатгах мэт. Энэ гэр бүлийн амьдарч байсан Запорожжиа хот Оросын цэргүүдийн байнгын бай юм. Энэ бол фронтын тулалдаанд ойрхон, стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрийн хот билээ. Хотоос 55 км зайд орших Европын хамгийн том атомын цахилгаан станц оросуудын мэдэлд байдаг гэнэ.
София, Тетиана, Адам нарын амь үрэгдсэн өдөр Юлия ажлын аялалаар явж байв. Тэр Украины баруун нутгаас охин руугаа залгаж, "Болгоомжтой байгаарай. Өглөөнөөс хотын эргэн тойрон бөмбөгдөлт болж байна" гэж анхааруулжээ. Хариуд нь София, "Баярлалаа, ээж ээ. Битгий санаа зов. Бүх зүйл сайхан болно" гэсэн байна. Аав Серхи нь ажил дээрээ ямар нэгэн таагүй зүйл болсныг сонсоод даруй охин руугаа залгасан боловч хариу өгөөгүй аж. Дараа нь тэр нутгийнхаа оршин суугчдын WhatsApp групп дээрээс гэр бүлийнхэн нь амь үрэгдсэнийг олж мэдээд гэр рүүгээ яарч, замын туршид залбирсан боловч бүх зүйл өнгөрсөн байв. Түүнийг гэртээ ирэхэд байшин нь балгас болсон байжээ.
Нурангиас зарим эд зүйлсийг гаргаж авсны дотор Софиагийн хайртай аяга ямар ч эвдрэлгүй олдов. Бас Адамын усанд орохдоо тоглодог байсан тоглоомон загас, гар утасны бичлэгт үлдсэн улаан хүрэм зэрэг гарч ирэв. Одоо эдгээр нь үлдсэн хоёрынх нь хувьд хамгийн нандин зүйлс болжээ.
"Би орой бүр ажлаасаа ирээд Адамыг зугаалуулдаг байсан. Тэр тэнгэрийг ихэд сонирхдог хүү байлаа. Тэр бяцхан хуруугаа дээш заана. Би түүнд тэнгэрийн тухай ярьж өгнө. Тэр шувуудад дуртай байсан. Бараг л хэлд орж байсан шүү дээ. Тэр үргэлж инээмсэглэдэг байсан. Тэр эрүүл, үзэсгэлэнтэй, ухаалаг байсан. Тэр бид хоёрыг өдөр бүр баярлуулдаг хүү байсан" гэж Серхи, Юлия нар гашуудан ярих нь хоолой зангирмаар...
2022 оны хоёрдугаар сард Орос Украиныг довтолсны дараа Юлия Софиаг Их Британид аюулгүй газар аваачив. Залуу бүсгүй хэлний мэдлэгээ ашиглаж, Британийн цэргийн сургуулилтад хамрагдаж буй Украин цэргүүдэд орчуулагч хийж эхэлсэн байна. Энэ нь түүнийг эх нутгаасаа холдохгүй байх шалтгаан болжээ. Софиа буцаж ирээд 2023 оны зургадугаар сард Адамыг төрүүлсэн. Мөн тэрээр Украинчуудад сэтгэл зүйн дэмжлэг өгөх зорилгоор сэтгэл судлалын чиглэлээр суралцаж байжээ.
Гэхдээ Юлия, Серхи хоёр "Украин цаашид тулалдах ёстой" гэсэн хатуу байр суурьтай байгаа. Юлия, Украин удахгүй дайсантайгаа хэлэлцээр хийх шахалтад орж магадгүй. АНУ-ын ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд буцаж ирсэн. Тэр удахгүй Москва, Киевийн хооронд энхийн хэлэлцээ хийхийг уриалах байх. Гэвч тэр дайныг нэг өдрийн дотор дуусгаж чадна гэж амласан нь инээдтэй зүйл. Орос бол түрэмгийлэгч, манай улсад ирж, бидний гэр орон, гэр бүлийг устгасан. Тиймээс ямар ч гал зогсоох, энхийн хэлэлцээ хийх тухай яриа байж болохгүй. Бид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг үзэн яддаг. Бид алдсан газар нутаг, хүмүүсийнхээ өшөөг авахаас нааш хэзээ ч ялахгүй. Украины нутаг дэвсгэрт байгаа оросуудтай ярилцах нэг л зам бий. Тэр нь байлдах" гэв.
Эцэст нь тэдний сүүлчийн хүсэл бол Адам Бухайов, София Бухайова, Тетиана Тарасевич нарын нэрийг дэлхий нийтэд сонсгох... тэд дэмий үхээгүй гэдгийг хүмүүст ойгуулах юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)