АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель Обама нарын гэрлэлтэд ан цав суусан гэх цуурхал гарсан. Тэгвэл саяхан Мишель Обама үүний эсрэг байр сууриа илэрхийлжээ.
Тэргүүн хатагтай асан Доналд Трампын тангараг өргөх ёслол, ерөнхийлөгч асан Жимми Картерыг оршуулах ёслол зэрэг хэд хэдэн томоохон арга хэмжээнд нөхрөө дагалдан яваагүй нь тэднийг салж магадгүй гэсэн таамаглалыг өдөөсөн гэж хэлж болно.
Хатагтай Обама эдгээр тохиолдлуудыг тодорхой дурдалгүйгээр жүжигчин София Бушийн зохион байгуулсан "Ажил дэвшилд" подкаст нэвтрүүлэгт оролцохдоо тэр өөрийн гэсэн хувийн орон зай, ажил төлөвлөлттэй учир нөхрөөсөө ангид цагийн хуваарьтай гэдгээ цохон тэмдэглэжээ. Түүнчлэн тэр нөхрөөсөө салах шалтгаан байхгүй, харилцаа нь хэвийн үргэлжилж байгаа тухай хэлсэн аж.
Тэрбээр "Энэ бол эмэгтэйчүүд бидний хувьд тэмцдэг зүйлсийн нэг. Энэ жил хүмүүс намайг өөрийнхөө төлөө сонголт хийж байна гэж ойлгохгүй байгаа тул нөхөр бид хоёрыг салж байна гэж таамагласан байх. Энэ насанд хүрсэн эмэгтэй зүгээр л өөрийнхөө төлөө шийдвэр гаргадаг байж болохгүй юу. Гэхдээ нийгэм үүнийг ойлгодоггүй. Би өөрт тохирсон зүйлийг хийх ёстойгоо ойлгосон. Хийх ёстой зүйлээ биш, бусад хүмүүс надаар хийлгэхийг хүссэн зүйлийг биш, зөвхөн өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг хийх ёстойгоо ойлгосон" гэжээ.
Түүнийг ерөнхийлөгч Трампын тангараг өргөх ёслолд оролцоогүйг "уламжлалаа үл тоосон" гэж үзэх хүмүүс цөөнгүй байв. Мөн тэр ерөнхийлөгч асан Жимми Картерыг оршуулах ёслолд нөхрийнхөө хамт очоогүй нь олны шүүмжлэлийг дагуулсан билээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (6)