ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд гал зогсоох АНУ-ын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч, хэд хэдэн хатуу болзол тавьсан байна. Түүний бодлоор уг хэлэцээр мөргөлдөөний үндсэн шалтгаануудыг шийдвэрлэх ёстой гэдгийг онцлоод, олон нарийн зүйлсийг тодорхой болгох шаардлагатайг цохон тэмдэглэв. Одоогоор АНУ-ын тал Оросын албаныхантай ярилцаж буй.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Путины хариуг "манипуляци" хэмээн тодорхойлж, Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг уриалав. Үүний зэрэгцээ АНУ Оросын газрын тос, байгалийн хий, банкны салбарт нэмэлт хориг арга хэмжээ авчээ.
Путин пүрэв гарагт Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, гал зогсоох тухай саналын талаар "Энэ санаа зөв, бид үүнийг дэмжиж байна, гэхдээ бидний хэлэлцэх шаардлагатай асуудлууд бий. Гал зогсоох нь энх тайвныг авчирна. Мөн хямралын үндсэн шалтгааныг арилгах ёстой. Бид Америкийн талтай хэлэлцээр хийх хэрэгтэй. Магадгүй би Доналд Трамптай утсаар ярих байх. 30 хоногийн хугацаанд гал зогсоох хэлэлцээрт хүрэх нь Украины талд ашигтай" гэж хэлэв.
Харин нөгөө талд Украины Ерөнхийлөгч В.Зеленский "Путин гал зогсоох саналыг няцаах хүсэлтэй байгаа. Гэвч тэр Д.Трампад үүнийг хэлэхээс эмээж байна" гэжээ.
Путин үг хэлсний дараа Трамп мэдэгдэлдээ, Оросын удирдагчтай уулзахдаа дуртай байхаа илэрхийлж, Оросыг "зөв зүйл хийж", санал болгож буй 30 хоногийн эвлэрлийг зөвшөөрнө гэдэгт найдаж байна гэжээ.
Гэвч дайн эцэс болж, хоёр тал хэлэлцээрт хүрэх эсэх нь Д.Трампын толгойны өвчин болж байна. Учир нь тэр дайныг нэн даруй зогсоох тал дээр Украинтай ижил байр сууринд буй. Харин ОХУ-ын тал НАТО-гийн өргөжилт болон Украины газар нутгийг өөрийн гэдэг үзлээ гээж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж, сунжрах шалтгаан болно гэж олон улс ажиглаж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)