БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Буланы Бейсен нь 1963 онд төрсөн. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор юм.
БАРИМТ 2
Тэрбээр "Хүний гавьяат эмч" цол хэргэмтэй нэгэн. Түүний хувьд Баян-Өлгийн аймгийн эмнэлгийн их эмчээс, Эрүүл мэндийн газрын дарга болтлоо дэвшиж, парламент руу зам татуулсан хүн.
БАРИМТ 3
Б.Бейсен Орос, Турк хэлтэй. Хааяа УИХ-ын чуулганаа тасалчихдаг, хоцорчихдог "хэнэггүй" гишүүдийн нэг.
БАРИМТ 4
2020 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвшиж, 22448 иргэний санал буюу 44.94 дэмжлэгээр "анх удаа" төрд түмнийг төлөөлөх эрх авч байв.
БАРИМТ 5
УИХ-д ажлынхаа хажуугаар "мэс засал" хийдэг Ж.Чинбүрэн эмчийн замаар Б.Бейсен ч алхаад амжсан. Тодруулбал өнгөрөгч оны долдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нартай хамтран өвчтөнд хагалгаа хийсэн нь амжилттай болсон юм.
БАРИМТ 6
Тэрбээр нэр бүхий гишүүдийн хамт "Ардын эрүүл мэндийг дэмжих" лобби бүлэг байгуулж, тайландаа тусгаж байлаа.
БАРИМТ 7
АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Бейсенд хэрэг бүртгэл нээж, Нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл 2022 онд шуугиулж байв. Харин тухайн үед үүнийг тайлбарлахдаа гишүүн бээр, "Намайг сонгуулийн өмнө нэр татуулж, харлуулах гээд тийм асуудал гарсан. Гэхдээ би өмгөөлөгч авсан, тайлбарыг нь өгсөн. Түүнээс надад шүүхэд шилжсэн хэрэг байхгүй. Миний идэж уусан зүйл байхгүй, байвал шалгуулахад бэлэн байна" гэж ярьж байсан юм.
БАРИМТ 8
УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймагтаа хамгийн том “Бэйс-Шипа” гэх хувийн эмнэлэгтэй. Б.Бейсен өөрөө “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ зөвлөх эмчээр ажилладаг. Харин охин Б.Ботажан нь “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ ерөнхий мэс заслын эмчээр, охин Б.Маралдын нь дотрын их эмчээр, охин Б.Тохмейл нь зүрх судасны их эмчээр, бэр Х.Айгерим нь лабораторийн их эмчээр тус тус ажилладаг байна.
БАРИМТ 9
С.Эрдэнэ байх үед УИХ-ын гишүүн Б.Бейсен тэргүүт Арчилсан намаас хасагдах эсэх дээрээ тулчихсан сүр дуулиантай явсан нь 2021 он.
БАРИМТ 10
Тулгар төр байгуулагдсаны 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ой Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан Ардчилсан намын дээд шагнал "Чингисийн одон"-оор УИХ-ын гишүүн Буланы Бейсенийг шагнаж байв.
БАРИМТ 11
Тэрбээр УИХ дахь Монгол-Киргизийн бүлгийн дарга юм.
БАРИМТ 12
Баян-Өлгий аймгийн ИТХ-д таван удаа сонгогдсон. Сонгогдохдоо таван өөр газраас сонгогдож байсан гэдэг.
БАРИМТ 13
Б.Бейсен нь элэг цөсний болон гэдэс, ходоод, хоол боловсруулах замын мэс засал, бөөр шээсний зам, булчирхай мэс заслын аргыг өөрийн болон Баруун бүсийн аймгуудад хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ялангуяа цөсний замын 12 хуруу гэдсэнд залгах, цөсний чулуу авах, түрүү булчирхайг илээр авах арга, бамбай булчирхайг мэс заслын аргаар эмчлэх талаар мэргэшин, Баруун бүсийн эмч нараас ажил үйлсээрээ тодрон шалгарсан эмч гэгддэг.
БАРИМТ 14
Эрүүл мэндийн салбарын өнөөх "тод хүү" УИХ-ын парламентад "тодорч чадахгүй" л өдийг хүрэв.
БАРИМТ 15
УИХ-ын гишүүн Б.Бейсен нүүрсний хулгайгаар шүгэл үлээж байв. Ховдын Ярантын боомтоор 1.8 сая тонн нүүрс экспортолсон, гэтэл Хятадууд 2.2 сая тонн нүүрс импортолсон тухай мэдээлэв, нүүрсний экспортоос 202.100 тонн нүүрсний зөрүү гарсан гэх мэт баримтыг дэлгэж байлаа.
БАРИМТ 16
Тэрбээр үе, үе уурсдаг. Жишээлбэл, "Ковидын нөхцөл байдал хүндэрлээ. Баян-Өлгий аймаг ногоон бүс байсан боловч сонгуулиар төрийн албан хаагчид очиж тараасан. Найр наадамд мөнгө гаргадаг мөртлөө эмч сувилагч эрүүл мэндийн байгууллагуудаа бодооч" уурсаж байсан ч улстөржлөө гэж ам руугаа алгадуулсан.
БАРИМТ 17
Тэр бол 2023 оны Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар сонгогдсон Улс төрийн зөвлөлийн гишүүн.
БАРИМТ 18
Талбай дээр зарласан өлсгөлөнд тэрбээр оролцож явлаа. Б.Бейсен гишүүнд ар гэрийн асуудал гарсан ч талбай дээр явж очсон гэдэг.
БАРИМТ 19
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны гишүүнээр ажилласан ч тус сонсголын хувьд нэр муутай, бяр муутай, тамиргүйхэн, уран цэцэн мэдэгдлээс цаашгүй болж дууссан юм.
БАРИМТ 20
Түүний өөрийн орлого 43,069,000 ₮, гэр бүлийн орлого 90,088,000 ₮ гэж 2022 онд мэдүүлж байжээ.
БАРИМТ 21
Тэрбээр эмнэлгийн салбараар дамжсан гэхэд шаггүй хөрөнгөтэй нэгэн. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 1 тэрбумыг давна.
БАРИМТ 22
Тэрбээр УИХ-ын гишүүдийн дундах мал үржүүлээгүй цөөн хэдийнх нь нэг.
БАРИМТ 23
Тэрбээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байгаа.
БАРИМТ 24
Эрүүл мэндийн салбараас парламентад хүрсэн Б.Бейсенийг энэ сонгуулиар Баян-Өлгийд сойх нь дамжиггүй бөгөөд сонгогдох магадлал дийлэнхийг эзэлнэ.
Сэтгэгдэл (7)