ЦЕГ-аас “Ачит ихт” ХХК-д хийж буй мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох мэдээллийг хэвлэлийн бага хурал хийж, ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр танилцууллаа.
“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Ачит Ихт компанийн 34 хувийг эзэмших гэрээг 2013 оны долдугаар сарын 17-ны өдөр байгуулсан байдаг. Ингээд 2015 оны зургаадугаар сарын 26-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт орж, 34 хувийн эзэмшил нь Ачит Ихт ХХК-руу 100 хувь шилжсэн байдаг.
“Ачит Ихт” ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан.
Тус компанийн 78 хувийг “Степкупер” ХХК эзэмшдэг бөгөөд 2010 онд үүсгэн байгуулагдсан. Энэ компанийн 24.5 хувийг Д.Эрдэнэцэцэг эзэмшдэг. 25.5 хувийг нь түүний нөхөр П.Цагаан. Үлдсэн хувийг нь хүүхдүүд болох Ц.Мөнхтүвшин, Ц.Номундарь эзэмшдэг байна.
22 хувийг нь “Цаглавар” ХХК эзэмшдэг. Тус компаний гүйтэцгэх захирлаар У.Өлзийжаргал ажилладаг. Энэ компанийг 100 хувь Д.Эрдэнэцэцэг эзэмшдэг. У.Өлзийжаргал нь “Степкупер” ХХК-ийн Ерөнхий нягтлангаар давхар ажилладаг.
Схемээс харвал “Ачит Ихт” ХХК-ийг П.Цагаан нарын гэр бүл бүрэн эзэмшдэг гэсэн мэдээлэл байна.
“Цаглавар” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан. “Ачит Ихт”-ээс 22 хувийн ноогдол ашиг авахаас өөр үйл ажиллагаа огт явуулж байгаагүй. Дансанд нь 13.6 сая ам.доллар орсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байна.
“Ачит Ихт” ХХК-ийн бүтээгдэхүүн борлуулалтын мэдээлэл:
- 2014-2021 онд нийт 53,370 тонн буюу тухайн үеийн үнэлгээний ханшаар 635 орчим тэрбум төгрөгийн зэсийг Сингапурт бүртгэлтэй “Noble Resources” компанид худалдан борлуулжээ.
- 2018-2023 онд нийт 41,527 тонн буюу мөн үеийн ханшаар 960 тэрбум төгрөгийн зэсийг “Fortune I Trade PTE” компанид борлуулсан. Ингэхдээ нууц гэрээгээр, 1 тонн зэс тутамд 330-350 орчим мянган ам.долларын хөнгөлөлт эдлүүлэх гэрээг байгуулан 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлсэн байна.
- “Fortune I Trade PTE” гэж компани нь Д.Жаргалсайхан захиралтай, Д.Эрдэнэцэцэг гэдэг хувьцаа эзэмшигчтэй. Д.Эрдэнэцэцэг гэдэг нь П.Цагааны эхнэр. Тодруулбал, “Ачит Ихт” болон “Fortune I Trade PTE” хоёр нэг эзэнтэй гэсэн үг. Нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлж, зэс борлуулсан нь үүгээр тогтоогдон шалгагдаж байна” гэв.
Сэтгүүлчдийн зүгээс холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, хариулт авлаа.
-Сая зурвас үзүүллээ. Гүйцэтгэх ажиллагаа явуулж энэ баримтыг олж тогтоосон уу, өөрөө гаргаж өгсөн зүйл үү. Цаашид Ц.Элбэгдоржийг ирүүлэх арга хэмжээ авах уу?
-ЭЦА-аас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Ачит ихт” компани болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрт нэгжлэг, шалгалтын ажиллагаа явуулсан. Мөн бусад мөрдөн шалгах ажиллагаагаар харилцсан зурвас илэрсэн. Өөрөө гаргаж өгөөгүй. Ц.Элбэгдоржийн хувьд, хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүмүүсийн байршлын талаар мэдээлэх боломжгүй. Гэхдээ олон улсын гэрээ конвенц, эрх зүйн туслалцааны дагуу мөрдөн шалгах ажиллагаагаа шуурхай явуулж байна.
-Ийм тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Өнөөдрийн байдлаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар танд тайлбарлалаа. Цаашид илрэх нөхцөл байдлаас шалтгаалж, хуулийн дагуу эрүүгийн хуулийн зүйл ангид холбогдуулан шалгаж ажиллана.
-Эрдэнэтийн овоолго дээр ажилладаг өөр компаниудыг шалгах уу?
-Өнөөдөр бид зөвхөн “Ачит Ихт”-ийн талаарх мэдээллийг танилцуулж байна. Иймд бусад ААН-ийн тал дээр байр суурь илэрхийлэх боломжгүй байна.
-П.Цагааны талаар яриад байна шүү дээ. Энэ хүн Монголд байгаа юу. Түүнийг яллагдагчаар татах уу?
-“Ачит Ихт” компанийг шалгаад удаагүй байна. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд л явцын мэдээллээ өгч байна. Тухайн хэрэгт холбогдуулан “Ачит Ихт”-ийн захирал асан иргэн Н-ийг яллагдагчаар татсан. Өөрийн чинь асуусан хүмүүсийг яллагдагчаар татах саналаа хүргүүлчихсэн ажиллаж байна.
-Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн үү?
-Яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн.
Сэтгэгдэл (35)