БАРИМТ 1
Жадамбын Бат-Эрдэнэ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул.
БАРИМТ 2
Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус, тус суралцан төгсжээ. Инженер, эрх зүйч мэргэжилтэй. Эрхүүд суралцаж байхдаа ганзагын наймаа хийж байсан гэдэг. Орос, англи хэлтэй.
БАРИМТ 3
Ж.Бат-эрдэнэ бол УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон нэгэн. 2020 оны УИХ-ын сонгуульд 4-р тойрог буюу Булган аймагт дахин нэр дэвшиж, 40877 иргэний санал буюу 48.52 хувийн дэмжлэгээр парламентад ард түмнийг төлөөлөх "мандат"-аа амилуулсан юм.
БАРИМТ 4
Түүний хувьд 7 жил бичсэн "Түүхээ сөхвөл" нэртэй номтой. Одоогоор түүний номоос "Internom" дэлгүүрт хоёрхон ширхэг үлдсэн гэх илэрц гарч ирэв. Мөн "мplus" платформд байршжээ.
БАРИМТ 5
Гишүүний номыг гэр бүлийнх нь хүн хянан тохиолдуулсан гэдэг. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Болор цомын эзэн Г.Мөнхцэцэгт эх бэлтгэлээ өгч байжээ. Ж.Бат-Эрдэнэ "Түүхээ сөхөхдөө" зохиолчоос тусламж аваагүй аж. Түүний гэр бүлийн хүн нь Чойжин ламын сүм музейн захирлаар ажиллахдаа музейнийхээ тухай түүхэн болон өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх гэх мэт 10 гаруй ном гаргасан байна.
БАРИМТ 6
Түүний хоч "Сахал". Тодруулбал түмний мэдэх "хоч". Сонирхуулахад, аавынх хэлсэн "Сахлаа хусаад яаж маяглаад байгаа юм” гэх үг бага залуугаасаа хойш, дахиж сахалдаа гар хүрэхгүй байх шалтгаан болжээ.
БАРИМТ 7
Тэрбээр төрийн мэргэшсэн алба хаагч. Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ дэвшсэн нь эл тодотгол хүргэжээ. Улс төрд орсон цагаасаа зам тээвэр, төмөр замын салбартай холбоотой явж, Зам тээврийн хөгжлийн сайдаар ч ажиллаж байв.
БАРИМТ 8
Булган аймгийн МАН-ын даргаар ажиллаж байсан үеийнхээ тухай өгүүлэхдээ, улсын томоохон ажлыг гүйцэтгэхдээ орон нутагт байрлаж, иргэдийнхээ дунд ажиллахад асуудлыг илүү тодоор харсан гэж өөрийгөө дүгнэдэг юм билээ.
БАРИМТ 9
Энэ парламентын хугацаанд манай улс Эдийн засгийн хөгжлийн яамтай болоод удаагүй байна. Энэ яамыг байгуулахад Ж.Бат-Эрдэнэ гишүүн "бидний хэдэн гишүүн дэмжсэн шүү" гэж хэлээд Ч.Хүрэлбаатар сайдаар шалуулж байв.
БАРИМТ 10
Ж.Бат-Эрдэнэ бол УИХ дахь моринд хорхойсдог гишүүдийн нэг. Тэрбээр "Намар хичээлд орох үед миний сурлагын дэвтэр морины зургаар л дүүрсэн байдаг байж билээ. Ахтайгаа уралдаж тоглохоороо ч морь болно. “Ахыгаа том зээрд, өөрийгөө жижиг зээрд” гэж нэрлээд л..." хэмээн дурсан ярьсан байдаг.
БАРИМТ 11
Тэрбээр Аймгийн алдарт уяач цолтой. "Булганхангай" морин спорт уяачдын холбооны тэргүүн. 2012 оноос энэ холбоог тэргүүлж буй. 2015 онд холбоондоо 10 сая төгрөгөөр авсан "араб азарга" бэлэглэсэн түүхтэй.
БАРИМТ 12
Монгол төрийг хуурсан "Наян ногоон"-ы хэргийг хянан шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ тэргүүлж, удирдахаар сонгогдсон. Эл хэргийн тухай өгүүлэхэд, нийслэл 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх ажлыг эхлүүлж, "дориун" хөдөлсөн ч "том алдсан". Daewoо үйлдвэрийн 80 автобусны шинэ будгийг холцолж, "жинхэнэ үнэн"-ийг иргэд нүдээр үзсэн билээ. Монголын төрийг "80 ногоон"-оор хуурч дөнгөсөн БНСУ-ын иргэд мэхийн ёсолж, мэлзэв. Нэгэнт үерт цохиулсан Хотын мээр Д.Сумъяабазар, Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар ч тухайн албанаас "өөрсдөө явсан" юм даа.
БАРИМТ 13
Өнгөрөгч онд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгууль дөхсөн тул зах, худалдааны төвийг "үе үе эргэх болов" гэж шүүмжилж байв. Тухайн үед хэвлэлд ярихдаа, "Юмны үнийг мэдэхгүй тэнгэрийн амьтад бид биш, би хүнсэндээ 200 гаруй мянган төгрөг зарцуулдаг" гэж байлаа.
БАРИМТ 14
Нийтийн адил сэтгэдэггүй гишүүдийн нэг нь Ж.Бат-Эрдэнэ юм. Жишээ нь, 2019 онд улсын сайн малчдынхаа хотыг манах монгол банхар бэлэглэж байгаа гэх мэдээлэл тархаж байлаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүн энэхүү өвөрмөц бэлэгнийхээ утга учрыг "Гэрчилгээжсэн, үзлэг шинжилгээнд орсон цэвэр цусны эр гөлгийг сайн малчиддаа ашдын билэгдэл, сайн нөхөр, хоточ банхар болгон өгч байгаа" гэж тайлбарласан гэдэг
БАРИМТ 15
Тэр парламентын танхимд ширээ цохин босож ирдэггүй ч, "анги"-ийнхаа зарим гишүүдийн дэргэд бол "идэвхтэй тоглогч".
БАРИМТ 16
Тэрбээр чуулганы цагаас хоцордог зуршилтай бололтой, хоцорсон минут нь бага гэдэгт хараахан багтахааргүй байна.
БАРИМТ 17
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 2022 оны ХОМ-тээ нийт хөрөнгийн хэмжээгээ 2 тэрбум хоёр зуун далан найман сая гаруйтайгаар мэдээлжээ. Задалбал, барилга байгууламж, орон сууц нь л нэг тэрбумыг нь "босгох" аж.
БАРИМТ 18
Түүний хувьд парламент дахь малчдын нэг. 100 аду, 105 үхэр, 360 хонь, хурдан удмын 76 адуутай гэж дээрх онд мэдүүлж байв. Мөн малынх нь үнэлгээ 500 сая гаруй.
БАРИМТ 19
Энэ парламентын 4 жил танхимаасаа нэгнээ үдсэн, шалгуулсан, цоллуулсан жил болж байна. Тэгвэл хамгийн том хулгайн схем яригдаж асан "Нүүрсний сонсгол"-д УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр сонгогдон ажилласан. Энэ нь түүний "цэвэр" харагдуулав.
БАРИМТ 20
Ямар нэгэн хэрэгт холбогдолгүй, нэрээ хичээж "мандат"-ын цаг хугацаагаа дуусгаж байгаа гишүүдийн нэгээр Ж.Бат-Эрдэнийг нэрлэж байна.
БАРИМТ 21
Тэрбээр өөрийн ажлын гол цөм, гол чиглэлийг "Жижиг дунд үйлдвэр буюу ЖДҮ" гэж тодорхойлсон нэгэн.
БАРИМТ 22
Түүний хувьд УИХ-д чухал хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж, хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан, ахалсан, сонсгол удирдахаар сонгогдсон, сонсголд гишүүнээр оролцсон арвин ажилтайгаар хугацаагаа дуусгах гэж байна.
БАРИМТ 23
Гэхдээ 2021 оноос түүний орлого нэмэгдсэн байгаа юм. Тодруулбал, 2021-2022 онд 159 сая байсан орлого нь 164 сая болж нэмэгдсэн нь ХОМ-ээс харагдана.
БАРИМТ 24
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг тодордоггүй улстөрч гэж нэрийдэх нь бий. Гэхдээ Булганаас хамтдаа парламентад гарсан "алдарт" Ц.Анандбазарыг бодвол хийсэн зүйлтэй гэж үнэлэх нь бий. Чухам энэ удаагийн сонгуулиар л иргэд түүнд дүн тавина.
Сэтгэгдэл (3)