Олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд орох тамирчдаа тодруулсантай холбогдуулан Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяртай утсаар дараах тодруулгыг авлаа.
-Олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд оролцох баг тамирчдын нэрс тодорчээ. Үүнийг ямар шалгуураар тодруулсан бэ?
-Олимпын эрхийн тэмцээнд оролцох баг тамирчдыг сорил хийж тодруулна гээд манай холбоо журам баталсан байсан. Гэсэн ч эрх олгох хоёр тэмцээний хоорондын зай богино, сорил хийгээд тамирчид сэргэлт авах хугацаа байхгүй байсан учир Азийн аваргын өмнө шигшээ багийн багш, дасгалжуулагч нараас холбоонд хүсэлт гаргасан байсан. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ирээд сорил хийх хугацаа хомс байна аа. Дараагийн эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдыг сорил хийхгүйгээр шийдье гэсэн хүсэлтийг эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн 8 багш гаргасан байсан. Энэ дагуу Удирдах зөвлөл өчигдөр хуралдаад тамирчин тус бүр дээр санал хураагаад шийдвэр гаргалаа.
-Журмаа зөрчсөн гэсэн үг үү?
-Үгүй, үгүй. Тэр журамд нэмэлт өөрчлөлт оруулаад шийдсэн. Дасгалжуулагч нарын гаргасан хүсэлтийн дагуу Бишкекийн тэмцээний өмнө Удирдах зөвлөл хуралдаад журамд өөрчлөлт оруулсан. Тэгээд багш дасгалжуулагч нарын саналыг харгалзан тамирчин тус бүр дээр санал хурааж олимпын эрх олгох тэмцээнд оролцох 7 тамирчныг сонголоо. Олонхийг нь 100 хувийн саналаар тэмцээнд оролцуулахаар болсон.
Эрэгтэй
57 кг З.Занабазар
65 кг Т.Тулга
74 кг О.Сүлдхүү
97 кг Г.Ганхуяг
Эмэгтэй
53 кг Б.Хулан
57 кг Б.Хонгорзул
76 кг Э.Даваанасан нар Туркийн эрх олгох тэмцээнд оролцоно.
-Эмэгтэй, эрэгтэй 57 дээр нэлээд санал зөрөлдсөн гэсэн үү?
-Эрэгтэй 57 кг-ын жинд Б.Мөнх-Эрдэнэ, З.Занабазар хоёр дээр нэлээд ярилцсан. Хоёр цаг шахам ярилцаж байгаад санал хураахад олонхи Занабазарыг олимпын эрхийн тэмцээнд явуулах дээр санал өгсөн. Эмэгтэй 57 дээр мөн л Х.Болортуяа, Б.Хонгорзул дээр ярилцаж байгаад Б.Хонгорзулыг эрхийн тэмцээнд явуулахаар олонхийн саналаар шийдвэрлэсэн.
-Өчигдрийн хуралдаанаар эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг чөлөөлж гавьяат тамирчин Ц.Цогтбаярыг томилсон байна лээ. Ямар учраас ийм сэлгээ хийсэн юм бол?
-Нарийн учрыг хэлэх боломжгүй. Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарт сахилгын зөрчил гаргасан учир арга хэмжээ авч, шигшээ багийн дасгалжуулагч болгосон.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (12)