-Нийслэлийн МАН-ын хорооны 99 жилийн ойн хүрээнд удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо-
Нийслэлийн МАН-ын хороо 1925 оны дөрөвдүгээр сарын 27-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд 99 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан Нийслэлийн МАН-ын хорооны удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэл, дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, ИТХ-ын төлөөлөгчид, төрийн бус байгууллагуудын дарга, тэргүүлэгчид зэрэг 700 орчим хүн оролцов.
Арга хэмжээг нээж Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “Одоогоос 103 жилийн тэртээ ард түмнийхээ эрх чөлөө, бүрэн эрхт байдлаа хамгаалах үйлсэд нэгдсэн цогтой залуус үзэл санаагаа нэгтгэн МАН-ыг байгуулсан түүхтэй. Улс орныхоо хөгжлийн төлөөх тэмцэл, зүтгэлийн манлай болж ирсэн Нийслэлийн МАН-ын хороо 99 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. МАН бол уламжлал, шинэчлэлээ хослуулсан улс төрийн ууган хүчин.
Энэ улс төрийн байгууллагын ачааны хүндийг намын анхан шатны байгууллагад ажилладаг гишүүд маань нуруундаа үүрч яваа. МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм. Иймээс үнэт зүйлээ эрхэмлэж, аливаад уламжлал, шинэчлэлийг хослуулж, залуу, дунд, ахмад үеийн хэлхээ холбоог хангаж ажиллах нь чухал. Энэ бүхэн бол 100 жилийн түүхтэй манай намын соёл.
Миний бие Хотын даргаар ажиллах хугацаандаа нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 8500 гаруй гарааш, 87 км хашааг буулгасан байна. Мөн хууль бусаар олгосон болон зөрчилтэй 1015 га газрын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нийслэлийн мэдэлд эргүүлэн авсан.
Энэ ташрамд, Хотын дарга Х.Нямбаатарт төрийн залгамж халаа, бодлогын бичиг баримтыг үргэлжлүүлэн ажиллаж байгаад, мөн нийслэлийн засаглал, тохижилт, үйлчилгээг сайжруулах, эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг зоригтойгоор хийж байгаад талархал илэрхийлье” хэмээлээ.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар Бүсчилсэн хөгжлийн реформыг танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын дулааны үнэ дэлхийн бүх хотоос хамгийн хямд байна. Тодруулбал, нэг ам метр талбайн дулааны үнэ 506 төгрөг байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дулааны шугамаа дагасан нягтаршил хотын төвд бий болсон. Энэ нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан. Мөн сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын эдийн засаг тэлж байгаа учраас нийслэлийг зорих хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр нийслэлийн түгжрэл, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудал улам бүр толгойны өвчин болж байна.
Би Хотын даргын ажлаа аваад удалгүй Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Улаанбаатар хот хоёр сая орчим хүн амтай хэрнээ лаг боловсруулах үйлдвэргүй. Жилд 1.5 сая тонн хог гаргаж байгаа ч хогийг шатааж боловсруулах үйлдвэргүй байна. Иймээс энэ бүх асуудлыг шийдэхийн тулд улс, нийслэлийн төсвийг хардаг гунигт байдлаасаа салах хэрэгтэй. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд эхний ээлжид хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Мөн орон нутагт бие даасан эрх мэдлийг нь өгөх шаардлагатай” гэсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд хүссэн асуултдаа хариулт авч, санал бодлоо солилцсон. Мөн МАН-д шинээр элсэгчдэд батлах гардууллаа.
МАН-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөн энэ сарын 12-нд болсон бөгөөд Нийслэлийн бүсийн салбар хэлэлцүүлэг мөн болсон. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны намын хороо, 641 үүрийн дарга, дэд дарга тэргүүтэй 930 гаруй удирдах ажилтан оролцсон юм.
Сэтгэгдэл (4)