БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Сү.Батболд 1963 онд Чойбалсан хотод төрж, 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөж, 1991 онд Лондоны Бизнесийн их сургууль дүүргээд 1992 онд хувийн хэвшлийн салбарт шилжиж, "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 онд улс төрд оржээ.
БАРИМТ 2
УИХ-ын гишүүн Сү.Батболд Дундговь, Говьсүмбэр аймагт 5 дахь удаагаа 14091 сонгогчийн саналаар сонгогдсон. 2023 онд нийт хуралдааныхаа 51 хувьд суусан тэрбээр 1567 минут хоцорсноороо “ангиа” хошуучилж буй. Одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна.
БАРИМТ 3
Улстөрчдөөс "бэл бэлчин"-ээрээ бэлд нь хэзээ ч зогсож үзээгүй түүний хөрөнгийн хэмжээ 2019 онд 1,8 тэрбум байсан бол 2022 онд 1,6 болж буурчээ. Харин 2019 онд 385 саяын орлоготой байснаа, 2022 онд 516 болж нэмэгдсэн байх юм.
БАРИМТ 4
2009 онд Ерөнхий сайд асан С.Баяр өвчний улмаас ажлаа өгөхөд тохой залгаж, Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан замнал Сү.Батболдынх.
БАРИМТ 5
Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд эрхэм “бохир” мөнгөөр, Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт тансаг ангиллын хоёр орон сууцыг 14 сая доллараар худалдаж авсныг тогтоосноо Ройтерс агентлаг болон ВВС агентлагууд мэдээлсэн. Санхүүжилт нь 2011 онд Хонконгод бүртгэлтэй Catrison Limited компанид Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал худалдан авах уурхайн томоохон гэрээ байгуулсны шагнал болгон өгсөн 68 сая ам.доллароос гаргасан хэмээн дэлгэсэн ч, юу ч шийдэгдээгүй.
БАРИМТ 6
Монголоос хальж алдар нэрээрээ хэвлэлийнхнийг шуугиулж буй С.Батболдын хувийн амьдрал бас л ээдрээтэй. Эрхэм гишүүний анхны эхнэр Баттуяа хатагтайн хувьд 20 настай хонгор зүстэй байхдаа хүүгийнхээ аав болох С. Батболдтой хувь заяагаа холбосон гэдэг. Үеийнхэн дундаа өндөр боловсролтой, эрхэмсэг бүсгүй Сү.Батболдод Баттүшиг хэмээх ууган хүүг нь төрүүлж өгсөн ч, эр нөхрийнхөө гэр бүлээс гадуурх явдлыг уучилж үл тэвчсэн тул мөрөө хөөжээ. Тэр цагаас хойш дахин амьдрал зохиогоогүй гэх. Сү.Батболд хүүгээ гурван нас хүрэх жил, одоогийн эхнэр Х.Отгонтуяагийнхаа “арганд” орж, ухаангүй дурлаж, хайрынхаа төлөө, гэр бүлээ орхисон гэдэг. Хэн хэнийх нь хувьд 2 дахь сонголт байсан тэд нэг, нэг хүүтэй нийлж, өнөөгийн амьдралын эхлэлээ тавьсан.
БАРИМТ 7
Сү.Батболдын мөрийг мөшгөсөн олон улсын шинжээч хүртэл бий. Тодруулбал, Куала Лумпураас оргон зугтсан бизнесмен, гэмт хэрэгтэн Лоу Тэк Жогоос, өөрийн төрсөн хүү болон хамтрагчаараа дамжуулан 6 орчим сая доллар шилжүүлэн авсан талаарх баримтыг Британийн санхүүгийн мөрдөн байцаах шинжээч Анжела Баркхаус нийтэд ил болгосон. Мөн Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшдэг "Infinite Properties Limited" компанид 4.54 сая ам.доллар, "Bophut Investments Limited" компанид 2.5 сая ам долларыг тус тус шилжүүлсэн нь ил болсон ч, Монголд хэсэгхэн шуугиад л өнгөрсөн.
БАРИМТ 8
Өнөөдөр иргэн бүрийн ашиг хүртээд байгаа "том" Тавантолгойн орд газрын лицензийг “Майн Инфо”-гийн захирал Батсайханаас, “Алтай трейдин”-гийн босс Сү.Батболд яагаад ч юм 100 мянга орчим доллароор авчихсан гэдэг. Харин тэрхүү “санаандгүй” авчихсан лицензийг нь авахыг санаархсан хамгийн эхний хүн нь алдарт Дерипаска буюу дэлхийн баячуудын жагсаалтад дээгүүр бичигддэг Оросын олигарх. Ганц Дерипаска ч биш хятад, солонгосуудын зүгээс санал тавьсан гэх.
БАРИМТ 9
Сү.Батболд гадаадад зартай нэгэн. Хонконгд 7.6 сая, 5.1 сая ам.долларын өртөг бүхий Дуплекс загварын хоёр байр, ОХУ-д Арбатын гудамжинд 2.1 сая ам.долларын өртөгтэй байр, Тайландад таван сая, 8 сая ам.долларын өртөгтэй хоёр байр, Лондонд 13 сая, 2.4 сая ам.долларын үнэ бүхий хоёр орон сууц байгаа бол АНУ-д 9.9 сая, 3.2 сая, 1.5 сая ам.долларын өртөг бүхий гурван орон сууц байгааг дурдсан байдаг. Эдгээр нь нийлээд 57.1 сая ам.доллар буюу 159.8 тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэйг олон улсад эрэн сурвалжлаад гаргасан байдаг. Харамсалтай нь Монголдоо албан ёсоор мэдүүлсэн нийт хөрөнгө нь 1,6 тэрбум байгаа, гадаадад байгаа болохоор эрхэм гишүүн маань “мартчихсан” байж мэдэх юм.
БАРИМТ 10
Ерөнхий сайд асан Сү.Батболд "Эрдэнэс Тавантолгой"-н талаар мэдэгдэхдээ “Би иргэн хүний хувьд, энэ лицензийг 1999-2007 он хүртэл найман жил эзэмшиж ирсэн юм. Лицензийнх нь төлбөрийг хадгалаад, найман жил төлбөрийг нь төлөөд, энэ яриад байгаа гаднын компаниудад өгөхгүйгээр хадгалж ирсэн. Энэ Орос, Хятад, Япон, Солонгосын компаниуд бүгд өндөр үнээр авья гэхэд нь зараагүй” гэж “гавъяа байгуулсан” мэтээр зарлаж явдаг. “Тавантолгойн ордын лицензийг авч хадгалахад ч, төрд, ард түмэндээ буцааж өгөхөд ч манлайлсан хүн нь би юм шүү дээ. Хэрвээ тухайн үед лиценз нь гадаадынхны гарт орчихсон, худалдагдчихсан байсан бол төрд буцааж авч чадахгүйн дээр Тавантолгойн баялаг Монгол Улс, монголчуудын тоглоомын дүрмээр явахгүй байх байлаа” хэмээн “хулгайгаа” маш цэвэрхэн хайцаалдаг.
БАРИМТ 11
Тэгвэл Ерөнхий сайд асан Сү.Батболдын үеэл дүү нар нүүрсний хулгайг тэргүүлж, олны нүдийг орой дээр нь гаргасан. Амгалангийн аав Т.Цэрэнпүрэв, Сү.Батболд нар төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд гэгддэг агаад Сү.Батболд Ерөнхий сайд болмогцоо Т.Цэрэнпүрэвийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж байжээ. ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан өөрийн хамаарал бүхий найман компани дээрх нүүрсний 1 сая тонныг нь гаалийн бүртгэлгүйгээр хилээр гаргасан гэдэг. Энэ удаад ч бас яагаад ч юм хэргийн талаар чимээ тасарч байна.
БАРИМТ 12
2006 онд МоАх-чуудын тэмцэл хурцдаж, Сү.Батболд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаж байлаа. Сү.Батболд нарын 14 олигархи хамтран, Засгийн газар унагах акц өрнүүлж ард түмний баялагийг өөрсдийн болгох замаар, 30 гэр бүл гэх нэршилтэй баялагийн эздүүдийг "төрүүлж, өсгөсөн" юм.
БАРИМТ 13
УИХ-ын гишүүн С.Батболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэрэг байхгүй боловч нийтийн албан тушаалтнуудтай холбоотой оффшор бүсэд компани эзэмшдэг, хууль бус орлогоо нуусан эсэх талаарх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан.
БАРИМТ 14
Ш.Сайхансамбуу хэлэхдээ "Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар 200 сая төгрөг төлж дэд сайд болсон" гэж байв. УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэрийн дүү Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт гэж асар их мэдэлтэй нөхөр байсан. Авилга хээл хахуулийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулж байсан ч, прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл хэргийг дахин шалгаж эхлэхэд Б.Асралт гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгосон байна. Гэсэн хэдий ч энэ хугацаанд нэр бүхий 4 компани 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барааг хил, гаалиар татваргүй оруулж ирсэн ба, тэр компанийн нэг нь Сү.Батболдын хүү Б.Баттүшигийн эзэмшлийн аж ахуй нэгж байсан гэдэг. Дүрэм ёсоор Б.Асралтын хэрэг “эрүүгийн хэрэг биш” болж хаагдсан.
БАРИМТ 15
Ардын хувьсгалын 100 жилийн ой. Энэ үеэр Драмын театр, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг засварлахаар болсон. Гэвч засварлах нэрийдлээр барилгыг нурааж, газар дээр нь өндөр барилга барих тухай хардлага нийгэмд үүсээд байсан юм. Мөн түүх соёлын дурсгалт газар руугаа халдсан буруу шийдвэр гэж шүүмжлэх хүн олон байв.
БАРИМТ 16
УИХ-ын гишүүн С.Батболд нарт холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас 2020 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс оюу толгой” ХХК-аар дамжин ашигт малтмалын орд газрууд дахь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, түүнийг хамгаалах зорилготой бичсэн нэхэмжлэлтэй холбоотой илэрхийлсэн байр суурь гэж ойлгож байна.
БАРИМТ 17
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын дөрвөн нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Харамсалтай нь, Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.9-д "хариуцагчийн хаяг тодорхойгүй" нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
БАРИМТ 18
Гурван сая монголчууд сайхан амьдарч чадахгүй 30-хан гэр бүл тэсэртлээ баяжиж байгаагийн гол шалтгаан, гол эзэд захиалгаа өгчээ. Тэд юу хүснэ яг тийм тоглоом улс төрд өрнөдөг. Парламентад 62 сууудалтай эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ард түмнээсээ тусламж хүсэж байна... Парламентаа тарааж чаддаг хүчтэй Ерөнхий сайдтай сонгодог парламент руу явахгүй бол горьгүй нь...” хэмээн уйлан дуугарч буйгийн цаад шалтгаан энэ. Сү.Батболдыг Монголын шүүх дээр яллаж чаддаггүйн шалтгаан энэ хэмээн Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан мэдэгдсэн байдаг.
БАРИМТ 19
Сү.Батболд, Д.Цогтбаатар нар “Бату майнинг” ХХК-д 2003 онд хувьцаа эзэмшээд 2005 онд заржээ. Эл дуулианы эргэн тойронд хөвөрсөн бас нэг анхаарал татсан зүйл нь түүний ах С.Бат-Очир гэх эрхэм оффшорт данстай байсан илэрсэн явдал. Мухардалд орсон Батболд ч сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би өглөө ахаасаа утасдаж асуухад “Би шалгая” гэсэн. Манай ах 25 жил бизнес хийж байгаа хүн. Бизнесийн хүн бизнесээ хийгээд явж байгаа бол хууль ёсны асуудал. Мэдээж улс төрчийн ах учраас мөнгө татвартай холбоотой асуудлаа шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй гэж хэлсэн байгаа” гэжээ. Тухайн үед оффшор данстай 49 хүний дотор Сү Батболдын ах буюу Сүхбаатарын Бат-Очир хэмээх нэр байгаа нь тогтоодсон юм билээ.
БАРИМТ 20
С.Батболд улс төрд дүүтэй болсон шигээ хүүтэй болохыг хүсэж буй нь нууц биш. Хүү Б.Баттүшигтээ хэдийнэ албан тушаалын сайн, муу талыг амсуулаад амжсан. Баттүшиг эцгийн бизнесийг авч явахын зэрэгцээ МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн суудалд тухалж буй. Мөн Монголын Морин спорт, тамирчдын нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг ч давхар хашдаг. Харамсалтай нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаад амжсан ч, бас л урьдын адил “чимээгүй” болчихсон.
БАРИМТ 21
Сү.Батболдын фракцад МСS-ын Л.Энх-Амгалан, “Хурд”-ын Б.Чойжилсүрэн, “Оргил”-ын Ж.Ганбаатар, “Их засаг”-ийн Ч.Учрал гээд Ардын намын гол “хандивлагчид” багтдаг. Мөн УИХ-ын “тавилга” Н.Энхболд, Хөгжлийн банкны Г.Амартүвшин, Х.Ганхуяг, улс төрийн эмэгтэй гишүүд дундаа амбицтай гэгдэх Ц.Мөнхцэцэг нар ч багтаж байгаа. Түүнчлэн намынхаа “элит” гэгдэх УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар байдаг байна.
БАРИМТ 22
УИХ-ын гишүүн фэншүй тодотголт Ганбаатар “Англи улсын дээд шүүхийн шүүгч Хатан хааны зөвлөх Марк Пеллинг Монгол Улсын баялгийг Ерөнхий сайд нь өөрийн гараар бусад орны дээрэмчидтэй хийж хулгайлсан тухай шийдвэр гаргасан ч, УИХ нь мэдсэн ч мэдээгүй царайлж байна. Сү.Батболд бол хулгайч. Хамгийн том дээрэмчин. С.Батболд Монголын ард түмний итгэлийг эвдэж, баялгийг нь хулгай хийчихээд дархан эрхээрээ далайлгаж Засгийн газрын ХЭГ болон "Эрдэнэ Оюутолгой"-д д дарамт үзүүлж, бичиг хийлгэсэн” хэмээн мэдэгдсэн.
БАРИМТ 23
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ил болгосон оффшорын баримтад Сү.Батболдод хамаарах “Batu mining” гэх компани оффшорт бүртгэлтэй нь ил болсон. Эрхэм гишүүн бусдад худалдсан гэдэг ч, худалдсан хүнтэйгээ буюу Kim Yoon Jung гэх эмэгтэйтэйгээ өөр нэг компанийг хуваан эзэмшдэг баримт байдаг. Өөрөөр хэлбэл “түрийвч нэгтэй” хэвээр байгаа ч манай шүүх авч хэлэлцдэггүй хэвээрээ. “Batu mining” нь Монгол Улсад 100 гаруй тусгай лиценз эзэмшиж байсан, уул уурхайн томоохон компани юм байна.
БАРИМТ 24
Дэлхийн улс орнуудын авлига, хууль бус санхүүгийн урсгал, улстөрчдийн хууль бус үйлдлээс үүдэлтэй хохирлыг судалж, тайлагнадаг “Kleptocracy Initiative”-ийн нийтлэлч Ричард Мессик “Клептократ Монголд, Сү.Батболдын хэрэг” гарчигтай нийтлэлийг globalanticorruptionblog.com цахим хуудаст байршуулсан нь шуугиан тариад байна. Түүнд Сү.Батболд тэргүүтэй нөхдийн талаарх 1500 хуудас баримт материал цугласнаас эхний хэсгийг дэлгэжээ. “С.Батболд хөрөнгөө нуун дарагдуулах зорилгоор 10 гаруй улсад 100 орчим компани байгуулжээ. Нью-Йоркийн хэрэгт ирүүлсэн баримтууд нь клептократийн хэргийн танил дүр зураг бөгөөд С.Батболд өөрийн үйлдлээ өмгөөлөгч, нягтлан бодогч, хуульч зэрэг ойрын хүмүүсийнхээ тусламжтайгаар нуун дарагдуулж, дор хаяж арван улсад 100 орчим нууц компани байгуулжээ. Клептократ гэдэг нь хувьдаа баяжиж хөлжихийг нэн тэргүүнд тавьдаг, төрийн албан тушаалыг зорилгоо хэрэгжүүлэх, авлига авахад ашигладаг хангалттай эрх мэдэл бүхий улс орны удирдагч юмуу Засгийн газрын өндөр албан тушаалтанд хамаарах нэр томъёо бүхий хэргийг хэлдэг. Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үедээ дэлхийн зэсийн баяжмалын зах зээлийн “гол тоглогч” байсныг нотолж байна. Тухайн үед түүний мэдэлд байсан Засгийн газрын эзэмшлийн уурхайгаас авсан авлигын хэмжээг 400 сая доллар гэж үзэж байгаа. Энэ авлигалаа нууц компани, үл хөдлөх хөрөнгө худалдан авахаасаа хэдхэн хоногийн өмнө авсан бөгөөд зарим худалдан авалтаа энэ мөнгөнөөсөө хийсэн болж таарсан” гэж дурджээ.
Сэтгэгдэл (6)