Сонгуулийн өмнө хийсэн ажил, хэлсэн үгээ булаацалдах нь улстөрчдийн зуршил. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржхандын үхэр тэрэг үнэний замд хэмхэрч, явгалсан бололтой. Тэрбээр парламентад ороод стресстэж, туйлдаж, ядарч, 3.5 сая төгрөгийн цалиндаа чардайсан байна. Атал цалин нь нэмэгдсэн ч түүнд хангалттай санагдахгүй, хүнд хүчир нөхцөлд "хар ажил" хийж буйдаа хил дамнан гутарч явна.
Ордонд зовлонгийн туйл болсон дөрвөн жил нь ийнхүү шувтарч байхад иргэд дахин сонгож "лай ланчиг" үүрүүлэхвий.
Тэрбээр төрийн өндөр дээд албан тушаал хашаад ч дархан эрх, ямба эдэлж чадаагүйдээ тун гонсгор байгаа нь илт, түүнд хүйтэн харшид даарч, өлсөж суух "айхавтар тавилан"-г ард түмэн зурж өгчээ. Өнөөдөр Монгол Улсын иргэдэд бухимдалгүй, авдаг хэдэн төгрөгтөө хангалуун, амьдралдаа бээрч хөрч, өлсөж цангахын бэрхийг үзэхгүй байх хувь заяа дутуу. Гэтэл дундажаас доогуур орлоготой иргэний гурван сарын цалинг голоод гол нь горойж байгаа хүний "амар тайван" байх эрхийг нь энэ удаагийн сонгуулиар дутаах уу эсвэл гавьяаных нь амралтад гаргах ёстой ч юм уу.
Манай нийслэл хот хүйтнээс ч хүйтэн. Энэ, тэр захын дүүргийн гэр хороололд түлш ч үгүй, хорвоогийн хоногийг осолдохгүйхэн шиг "бор зүрх"-ээрээ болгож яваа иргэдийн "борог амьдрал"-аас өвөлдөө халаагуур тавиад бүлээчхэж болдог ордных нь өрөө арай л дулаахан байлтай. Хангамж муутай гэгдэх УИХ-ын гишүүний мөрөөдөл "жолооч бас албаны машин" байгаа нь даанч хоржоонтой юм.
Тэр дөрвөн жил уйдлаа, дөрвөн жил өөрийн сэтгэлээр "уйтгартай" гэж тодорхойлсон улсын ажилд Хан-Уулынхан түүнийг уялаа. Үнэндээ ялархаж суух орон зай, эрх чөлөөг нь саналын хуудас дээр цөмөөр будаж өгсөн билээ. Гагц ялын тогтоол шиг парламентын он жилүүдэд гарцаагүй сонирхолтой нь бүхнийг эргүүлж чадах бодлого байсан гэж зовлонгоос тэр өөрийгөө цагаатгаж байна.
Амташсан хэрээ арван гурав эргэдэг гэлцэнэ. Азаар гэх үү, Т.Доржхандад амтших завдал өгөхгүй бүх зүйл өрнөлөө. Тэрбээр "сонгуулийн тогтолцоог өөрчлөөгүй бол дахиж нэр дэвших тухай бодох ч үгүй байсан, яагаад гэвэл мөнгөгүй" хэмээн хурааж чадаагүйдээ тунирхаад авав. Түүний танхимд үлээсэн шүгэл Хөгжлийн банкны хаалгаар орж, Ногоон автобусны цонхоор гарсныг үгүйсгэхгүй. Харин "Би, би, ганцаараа, Доржханд, ХҮН" гэж байн байн ясаа цууртал ярьж буйд гонсойх ч журмын олон байна. Монголын парламентын түүхээс "уйдав" гэж улаан цагаан хэлээд улс төрийн хаалгыг савж гарахад авилгачидтай тэмцэхээс илүү эр зориг хэрэгтэй ч биз.
Чухамдаа Т.Доржхандын гүний гүн дэх мөрөөдөл нь Засгийн газрын гишүүн болох шиг амттай зүүд юм уу, түүний хэлснээр хэтэрхий их стресстэй, хэтэрхий бага цалинтай, хэтэрхий их зардлаар гишүүн болдог гэдгийг одоо л тэр сэрж мэдэрсэн бололтой.
Цалин авахын тулд УИХ-ын гишүүн болоогүй гэж байгаа ч "хуучин" улс төрд уйдаж бас улдсан хүнээр тэр өөрийгөө өргөмжлөв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)