Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг нар дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Асар их мөнгө урссаар, гэр хороолол тэлсээр ирлээ
-Улаанбаатар хот-бүсчилсэн хөгжлийн форумд том асуудал яригдаж байна. Энэ бол гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах асуудал. Үнэнийг хэлэхэд 30 жил ярьж байна шүү дээ. Асар их мөнгө ийш урсаад байгаа хэр нь гэр хороолол тэлсээр ирлээ.
Өнөөдөр нүүрсний экспорт нэмэгдсэн, манай улсад хөрөнгө мөнгө нь байгаа яг энэ үед бүсчилж хөгжүүлээд, агаар болон хөрсний бохирдлоосоо салах боломж үүлэн чөлөөний нар шиг одоо л тохиож байна.
Эрчим хүчний дэд бүтцийг шийдэх тал дээр би ч тууштай явах болно. Суурь дэд бүтцийн эрх зүйн орчныг нь энэ хаврын чуулганаар УИХ шийдчихвэл зарим дэд төвүүдийн асуудлыг шийдэх боломжтой болох нь. Одоо Сэлбэ дэд төвийн инженерийн дэд бүтэц бэлэн болон. 12 мянган айл орон сууцандаа 2025 он гэхэд орохоор байна. Баянхошуу ч мөн адил. Яг үүн шиг хэд, хэдэн төвүүдийг бий болгож чадвал нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг богино хугацаанд орон сууцжуулах боломж харагдаж байгаа.
Түүнчлэн өм цөм, зохион байгуулалтгүйгээр бус иргэд 15-20 минутын дотор бүх төрлийн үйлчилгээгээ аваад тэндээ амьдарчихдаг жишгийг бий болгох бололцоо байна.
Үүний төлөө л ажиллах учиртай. 200 гаруй хороог 42 болгоно гэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдана. Шийдчихвэл үнэхээр зөв. Нийслэл хотын 35 хувийн төвлөрөл нь ордон тойроод байгаа. Үүнийг задлах бололцоо бүрдэх юм. Бидэнд өнөөдөр л хийж чадах бололцоо байна гэж харж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг: Хороодууд иргэдийн асуудлыг шийдэгч үү, дамжуулагч уу гэдэгт дүгнэлт хийх цаг ирсэн
-Агаарын бохирдол, замын түгжрэл, байгаль орчин, хөрсний бохирдол гээд асуудлын цөм шийдлийн нэг бол хэсэгчилсэн дэд бүтэц. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн бүтээн байгуулалт дууссан. Үүнд түшиглэсэн орон сууцжуулах бүтээн байгуулалтыг эхэлнэ.
Өнөөдөр бид дахин төлөвлөлтийн алдааг засаж, алдааг давтахгүй байдлаар төлөвлөлтийг хийн жишиг хорооллыг бий болгохоор зорьж байна.
Анхны жишигт нь хот оролцож, хяналтаа тавиад явна. Үүний дараа хувийн хэвшлүүд оролцож, Улаанбаатарын шинэ өнгө төрхийг илэрхийлэх бүтээн байгуулалтыг хийх үүднээс ажлаа явуулж байгаа.
Мөн иргэдэд тулгамдаж байгаа сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээг яаж төлөвлөх вэ, ямар байх ёстой талаар концепцийг энэ хэлэлцүүлэгт ярихаар төлөвлөсөн. Түүнчлэн дагуул хотын тухай асуудал байна. Улаанбаатарт Монгол Улсын иргэдийн 50 хувь, газар нутгийн 0.3 хувь дээр төвлөрсөн байдалтай. Нийслэлийн иргэдийн хувьд ДНБ-ий 65 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Бид бөөгнөрөөд байх уу, эсвэл бүс нутагтайгаа хамтарч ажиллах, тээвэр логистикийн асуудлуудаа шийдэж, эдийн засгийн таталцлыг бий болгох уу. Хөшигтийн хөндийд байгуулах "Шинэ Зуун мод" дагуул хотын Төв аймагтай хэрхэн хамтрах талаар ярина. Дөрөвт, засаглал эрх зүйн шинэчлэлийн асуудал байгаа. Эдийн засгийн таталцлыг Монгол Улс даяарх бүсүүддээ хэрхэн зохистой хуваарилах үүн дээр төвлөрсөн бүтээн байгуулалт, хөгжлийн бодлогыг ярина.
Өнөөдөр бол Улаанбаатар хотын төвлөрсөн дүүргүүд 1,7 сая иргэнд хүртээмжтэй үйлчилгээ, засаг захиргааны нэгж болж чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй байна.
Хороодууд иргэдийн асуудлыг шийддэг нэгж байж чадаж байна уу эсвэл зөвхөн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг холбоос болж байна уу гэх мэт. Улаанбаатар хот ямар нэгжтэй байж, ямар хэм хэмжээтэй байж гэмээн иргэдийн асуудлыг шийдэхэд ойрхон бүтэцтэй болох вэ гэх асуудал байна.
М.Жаргал