Энэ жил бид бүсчилсэн тойрогт нэр дэвшигчдийн зургийг нэг самбараас харна. Учир нь өнгөрөгч 2023 онд "Сонгуулийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт орж, сурталчилгааны шинэ аргыг ашиглахаар баталсан билээ. Самбар болгон дээр өөр өөр нэр дэвшигч, өнгө өнгийн уриа үгтэйгээр гудамж, талбай, зай талбар бүрд өөрийгөө зарлан тунхагладаг байсан нь үгүй болно гэсэн үг.
Тодруулбал, тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбарыг сум, дүүргийн Засаг дарга нар бэлтгэж, байршуулах зохицуулалт хуульд тусгагдсан. Хороонд гэхэд л дээд тал нь дөрвөн л нэгдсэн самбар байх юм. Харин суманд хоёр, аймгийн төвийн суманд тав хүртэлх самбар байршуулах зохицуулалттай болсон. Харин намын зүгээс найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулах боломжтой. Харин арилжааны самбар, дэлгэцийн орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байхаар тусгаж, баталсан юм.
Ийнхүү бэл бэлчингээс үл хамааран самбарт зургаа хадах, харилцан эрх тэгш, илүү дутуугүй өрсөлдөх боломж бий болсон хэрэг. Мэдээж, энэ үед хүний нүдэнд өртөх нь туйлын хүсэл зорилго болно. Гэвчиг хэнийг нүдэндээ олж харах эсэх нь ард түмний сонголт, мэргэн ухаанд үлдэж байна.
2024 оны сонгуулийн тогтолцооны хувирал самбарт хүртэл оршиж буй. Ганц том зарлалын самбар дээр ганц "том хүн" биш, зарын хуудас шиг олон хүн багтах нь. Хүн хайж байгаа зүйлээ олж харахын төлөө эрэл хайгуул хийдэг шиг энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчдийн үнэн мөнөн, ашиг сонирхлыг нэгд нэгэнгүй нэгжиж, үр дүнд нь угжирсан улс төрчдөөс салах ч биз эсвэл бүр барьцалдан зууралдах ч биз.
Дөрвөн жил гэдэг зарим улстөрчдийн хувьд дахин дахин сонгогдоод ч нэмэргүй богино хугацаа болж, парламентын бэлтгэл бүлэгт байгаа аятай аяглах нь хэвийн үзэгдэл болсон. Тэгвэл сонгогчид хэрсүүжсэн гэдгээ харуулж, төлөвшсөн, ёс суртахуунтай нэгнийг ч эрж хайхын сацуу монголын улс төрд үгүйлэгдэж буй үнэт зүйл чухам юу вэ гэдгийг ч бодох цаг ирсэн билээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)