2024 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 29-ны өдөр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Ирэх оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байгаа аж. Тухайлбал, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.
Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллар. Монгол Улсын нийт гадаад өр нэг жилийн дотор 792.9 сая ам.доллароор өсч, 33.8 тэрбум ам.доллар болсон тухай Үндэсний статистикийн хороо мэдээллэж байсан билээ.
Ийнхүү уншигч та бүхэнд Улсын гадаад өр, тэр дундаа Засгийн газрын өрийн тухай дараах мэдээллийг танилцуулж байна.
Монгол Улсын нийт гадаад өрийн:
- 21.8 тэрбум ам.долларыг аж ахуй нэгжүүдийн гадаад өр,
- 8.0 тэрбум ам.долларыг Засгийн газрын гадаад өр,
- 2.0 тэрбум ам.долларыг Төв банкны өр,
- үлдсэн 1.7 тэрбум ам.долларыг арилжааны банкнуудын өр тус тус эзэлж байна.
Монгол Улсын нийт гадаад өрийн ДНБ-д харьцуулах харьцаа үзүүлэлт 2021 он хүртэл 200 хувиас өндөр байсан бол 2022 оноос эхлэн буурч 2023 оны хагас жилийн байдлаар 189 хувьтай тэнцэж байна.
Улсын нийт гадаад өрийг зээлдүүлэгч тус бүрээр харуулбал:
- Олон зээлдүүлэгч оролцсон зээллэгийн үлдэгдэл 12.9 тэрбум ам.доллар,
- Нидерланд улсын 11.3 тэрбум ам.доллар,
- БНХАУ-ын 3.7 тэрбум ам.доллар,
- Япон улсын 1.2 тэрбум ам.доллар,
- Сингапур улсын 1.0 тэрбум ам.доллар,
- бусад улсын 3.6 тэрбум ам.доллартой тэнцэж байна.
Тэгвэл Засгийн газрын өрийн хувьд 2023 онд Засгийн газрын өрийн баталгаатай Монгол Улсын Хөгжлийн банк (МУХБ)-ны "Самурай” бонд төлөгдөх хуваарьтай аж. Үүнийг зээлийн эргэн төлөлтөөс Монголбанкинд хуримтлуулж, төлж барагдуулахад бэлэн болжээ.
2024 онд МУХБ-ны БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авах зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх "Чойбалсан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх" төсөл болон "Шинэ сэргэлтийн бодлого"-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслүүдэд Засгийн газрын өрийн баталгаа гаргахаар тооцоолсон байна. Мөн НЗДТГ-ын зүгээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж 2023 онд эхний ээлжид 200.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хүлээлттэй байгаа аж. Хэрэв тэгвэл 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Засгийн газрын нийт өр 32.2 тэрбум төгрөгтэй тэнцэхээр байна.
ДНБ-тэй харьцуулсан харьцаа 2023 онд 44.3 хувь, 2024 онд 42.7 хувьтай тэнцэх төсөөлөлтэй буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 2024 оны өрийн хязгаар болох 60 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хангах төсөөлөлтэй байна хэмээн хуулийн төсөлд тусгажээ.
Д.Батчулуун