“Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээ дөрөв дэх өдрөө Шангри-ла Их танхимд зохион байгуулагдаж байна. Уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэхийг зорьж байгаа аж. Уг чуулган хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн иржээ. Ийнхүү уншигч та бүхэнд тус арга хэмжээний үеэрх сурвалжилгыг хүргэж байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын Засгийн газар улсынхаа эдийн засгийг тогтворжуулсан
Тэрбээр "Хөрөнгө оруулагчид ямар улсад хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг асуудлаас бүх зүйл эхэлнэ. Эдийн засаг нь тогтворгүй, төгрөгийн ханш нь савалгаатай байвал хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тиймээс юуны өмнө эдийн засгийг тогтворуулах ажлыг сайн хийх хэрэгтэй.
Монгол Улсын Засгийн газар улсынхаа эдийн засгийг тогтворжуулсан. Одоо Монгол Улсын валютын нөөц 4,1 тэрбум ам.доллард хүрлээ.
Гадаад дотоод бүх төлбөрүүдийг цаг хугацаанд нь төлөөд явж байна. Инфляц санаа зовоож байгаа. Эдийн засгийн ямар бодлого барьж байгаа вэ гэдгийг хөрөнгө оруулагч нар зайлшгүй хардаг. Эдийн засгийг либералчлах бодлогоо Засгийн газар тууштай авч явах хэрэгтэй. Мөн хөрөнгө оруулалтын хуулийг өөрчлөх хэрэгтэй байгаа.
Нүүрсийг биржээр борлуулж эхлэхэд амар хялбар байгаагүй. Тодорхой хэмжээний худалдан авагч нар биржийн арилжаанд оролцохгүй байх нөхцөл хүртэл үүсэж байсан. Харин одоо том том худалдан авагч нар нэмэгдсэн. Бирж гэдэг бол ил тод байдал, өрсөлдөөнийг хангасан. Монгол Улсын хувьд зайлшгүй хөгжүүлэх ёстой дэд бүтцийн нэг бол яах аргагүй биржийн арилжаа гэдэг нь харагдаж байна" гэв.
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: Энэхүү арга хэмжээнд гаднын хөрөнгө оруулагчид оролцож байгаа нь сайны дохио
Тэрбээр "Монгол Улсын эдийн засгийн гол тэргүүлэх салбар бол уул уурхай. Гэсэн ч бидэнд тулгамдаж буй, шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд гадна, дотнын хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Энэхүү арга хэмжээнд олон хөрөнгө оруулагч нар ирж оролцож байна. Энэ бол сайны дохио.
Өмнө нь Монголд ирээч хэмээн урьдаг байхад ирдэггүй байсан бол өнөөдөр 300 гаруй гаднын хөрөнгө оруулагчид ирсэн байна. Өнөөдөр Монгол Улсын төр засгийн явуулж буй бодлого хөрөнгө оруулагч нарт ээлтэй байна. Тухайлбал, өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын хууль сайн хууль болсон юм байна. Иймд эргээд бидэнд боломж бий болж байна" гэв.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: Уул уурхай, эрдэс баялгийн салбар бол улсынхаа тулгуур багана
Тэрбээр "Уул уурхай, эрдэс баялгийн салбар бол улсынхаа тулгуур багана нь болсон. Нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байна. ДНБ-ний 25 хувийг, татварын орлогын гуравны нэгийг бүрдүүлж буй том салбар болж чадсан.
Цаашид зэсийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа.
Иймд Монгол Улсад зэсийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлага бий. Ингэхийн тулд эрх зүйн орчноо сайжруулах, хөрөнгө оруулалт татах шаардлагатай байна" гэв.
Роберт Фридланд: Монгол Улс ойрын хугацаанд уул уурхайн салбарын хөгжлөөр тэргүүлэх боломжтой
Тэрбээр "Дэлхийн улсууд уул уурхайн салбарын хөгжил тогтвортой, нөгөө ирээдүйн төлөө чиглэж байгааг онцлоод 2035 он гэхэд дэлхийн зэсийн хэрэглээ 82 хувьд хүрч өснө. Монголчууд Оюутолгойн ордоос үе дамжин ашиг хүртэнэ. Ирээдүйд дэлхийд Оюутолгой шиг 20 орд бий болсноор зэсийн хэрэглээг хангана.
Монгол Улс тогтвортой ногоон хөгжлийн дэмжих орчин үеийн өндөр технологийг ашиглаж шинэ орд нээх боломж байна.
Мөн шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулснаар дэлхийн бусад оронд туршлагаа экспортлох боломжтой. Монголчууд уул уурхайн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж бусад орноос ялгарч болно. Монгол Улс ойрын хугацаанд уул уурхайн салбарын хөгжлөөр тэргүүлэх боломжтой” гэв.
"Петроматад" ХХК-ийн захирал Майк Бак: Газрын тосны зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадвар муу байна
Тэрбээр "Дэлхийн газрын тосны зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадвар муу байна. Учир нь дэлхийн газрын тосны томоохон компаниуд Монголыг алслагдсан, далайд гарцгүй, өдөрт 20-24 мянган баррель газрын тос олборлох маш жижиг тоо гэж үздэг. Өдөрт 50 мянгаас дээш баррель газрын тос борлуулах зах зээл байхгүй бол дэлхийн томоохон компаниуд орж ирэхгүй. Тэгэхээр олборлолт, зах зээлийн хэмжээгээ нэмэх хэрэгтэй. Газрын тос боловсруулах үйлдвэр бариад дотоодын хэрэгцээгээ хангачихвал сайн" гэв.
Д.Батчулуун