Парламентын цахим шинэчлэлийн хүрээнд жил гаруй хугацааны өмнө D-Parliament платформыг олон нийтэд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэхүү платформыг Digital буюу цахим, Deliberative буюу зөвлөлдөх, Democratic буюу ардчилсан гэсэн гурван агуулгыг чиглэл болгон бүтээж, хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах арга хэрэгсэл болоод байгаа юм. Өнгөрсөн жил 2023 оны төсвийн төслийг нээлттэй оруулж, санал авахад 60 гаруй мянган иргэн хандсан нь дээд үзүүлэлт болсныг холбогдох албаныхан хэлж байна. Тэгвэл тус платформд 2024 оны Төсвийн төсөл, задаргаа мэдээллүүд байршиж, иргэдийн саналыг авч эхэлснийг УИХ-ын дарга өчигдөр мэдээлсэн юм. Үүнээс гадна тус цахим платформыг өргөтгөх хүрээнд нийтийн цахим, өргөдөл гомдлыг хүлээн авах D Petition системыг туршиж эхэлсэн. 10-р сарын 17-ны өдрөөс хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Энэ дагуу аливаа асуудлаар 33 000 иргэн санал ирүүлсэн бол Хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулах, 70 000 саналд хүрвэл Хяналт, шалгалтын түр хороо байгуулах, 100 000 иргэн саналаа өгвөл хууль санаачлах хэмжээнд хүрэх зэргээр УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт орох ажээ.
D-Parliament аппликейшнийг 13899 хэрэглэгч татаж авчээ
Өнөөдрийн байдлаар D-Parliament аппликейшнийг 13899 хэрэглэгч татаж авчээ. Харин 9322 иргэн тус системд бүртгүүлсэн байна. Иргэд хамгийн их буюу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд 20570, Боловсролын ерөнхий хуульд 12881, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд 11144, Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад 9183, Монгол Улсын 2023 оны төсөвт 6284 санал ирүүлсэн байна. Тус аппликейшнд хамгийн их хандалтыг Монгол Улсаас 99597 удаа хийсэн бол АНУ, БНСУ удаалсан байна.