Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар баталсан бөгөөд тус Байнгын хороо энэ сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байна. Мөн хуралдаанаар Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир нар заавал хийх дархлаажуулалтын нэр төрөлд нэмэхээр тусгасан гурван вакцины талаар тодруулж асуусан.
Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, заавал хийх дархлаажуулалтын нэр төрөлд А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусын халдварын эсрэг вакцинуудыг нэмж байгаа бөгөөд эдгээр вакцинуудыг нэвтрүүлснээр эдийн засгийн болон хүн амын өвчлөл, нас баралтаас сэргийлэх үзүүлэлтүүд сайжирна гэж тооцож буй аж. Гепатит А-гийн вакциныг 2011 оноос тархвар зүйн заалтаар үе шаттайгаар нэвтрүүлж ирсэн байна. 2011 онд анх нэвтрүүлж байхад жилдээ 14 мянга орчим хүүхэд гепатит А-гээр өвдөж байсан бол 2022 онд 14 болж, өвчлөл бараг мянга дахин буурсан үзүүлэлт гарчээ.
Монгол Улс эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр бүс нутагтаа дээгүүрт бичигддэг бөгөөд хүний папиллома вирусын халдварын эсрэг вакциныг 14-19 насны эмэгтэйчүүдэд хийснээр папиллома вирусийн халдварын тархалтыг 86 хувиар бууруулах боломжтой гэлээ. Үүнийг олон улсын судалгаа харуулж байгаа бөгөөд энэ вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн зэрэгцээ эрэгтэйчүүдэд тохиолддог бэлэг эрхтний болон ам залгиурын хорт хавдраас сэргийлэх үр дүнтэй гэсэн хариултыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн.
Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүсэн санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтатган явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдаж, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжтой нийцүүлэх хүрээнд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд батлан хамгаалах чиглэлээр тусгасан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Батлан хамгаалах яамнаас боловсруулжээ. Төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэн тус хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй албан хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг алба хаах хугацаанд оруулан тооцох, дээрх хугацаанд төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тухайн үед мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.
Мөн цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон зааврыг батлан хамгаалах болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан насанд хүрээгүй байхдаа нас барсан тохиолдолд түүний оршуулгын зардал олгогдохгүй байгаа хуулийн хийдлийг засаж, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт энэ талаарх зохицуулалтыг тусгахаар оруулжээ.
Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах насны насны хязгаар хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт хэдий хэрийн ачаалал ирэхийг тодруулаад, 2024 оны төсвийн төсөлд туссан эсэхийг лавласан.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Жирэмсний амралттай болон хүүхдээ харах хугацаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн алба хаах харилцааны асуудал эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явсаар ирсэн. Тийм учраас цэргийн цолны цалин олгох тухай журам гаргаад өнөөдрийг хүртэл мөрдөж ирсэн Цэргийн цолны цалин гэдэг нь тухайн офицер ахлагчийн цолны байдлаас шалтгаалан албан тушаалын үндсэн цалингийн тодорхой хувиар олгогддог мөнгө юм. Жирэмсний амралтаа авсан хүнийг цэргийн албанаас халсан тушаал гаргадаггүй учраас өнөөдрийг хүртэл цолны мөнгө олгож ирсэн. Гэхдээ хууль эрх зүйн хувьд цэргийн алба хаасанд тооцох ямар ч үндэслэл байхгүй. Тийм учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасантай нийцүүлэн цэргийн алба хаагч эмэгтэйн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаа, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тухайн үед мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгаснаар цэргийн цолны цалин олгож байсан тогтолцоог халах боломжтой. Түүнчлэн төсөвт ямар нэгэн дарамт байхгүй. Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Сангийн сайдаас санал авсан. Сайд нар төсвийнхөө багцад шийдэх бүрэн боломжтой гэж үзсэн. Тодруулбал, нэг албан хаагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцахад 11 орчим мянган төгрөг болно. 1200 орчим эмэгтэй цэргийн албан хаагчдын зардал 13 сая гаруй төгрөг болох юм. Цаад агуулгаараа цэргийн алба хаах хугацаа тасрахгүй байх эрх зүйн зохицуулалт бий болно гэсэн хариултыг өглөө.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуралдаанаар Байнгын хорооны тогтоол баталж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээр ахлуулан байгууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.