2024 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 29-ны өдөр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Ирэх оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байгаа аж. Тухайлбал, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн:
- Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 25,289.8 тэрбум төгрөг
- Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2,070.8 тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Ийнхүү уншигч та бүхэнд ирэх оны нэгдсэн төсвийн урсгал зардлын тоймыг танилцуулж байна.
Төсвийн нийт урсгал зардал 2024 онд 21.3 их наяд төгрөгт хүрэхээр байна. Тухайлбал:
- 60.0 хувийг төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, болон хуульд заасны дагуу тарифаар гүйцэтгэлд үндэслэн санхүүждэг эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс,
- 16.0 хувийг төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал,
- 15.0 хувийг бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал,
- 6.0 хувийг гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр,
- 3.0 хувийг төрөөс иргэн, аж ахуй нэгжид олгох хөнгөлөлт татаас тус тус эзэлж байна.
Дээрх мэдээллээс харахад ирэх онд иргэдийн цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн ирэх онд зуны олимп, УИХ-ын сонгууль гээд нэг удаагийн хэд хэд арга хэмжээнүүд бий. Энэхүү нэг удаагийн арга хэмжээнд хэдэн төгрөгрийн төсөв тусгахаар төлөвлөснийг хүргэе.
Нэг. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан 72.2 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд бүрэн тусгажээ.
- 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг
- Орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөг
Хоёр. "Парис-2024" зуны Олимп, Паралимпын наадамд оролцоно.
Олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны зардал, тамирчдын цалин хөлс, олимпын бэлтгэл, эрх авах болон оноо цуглуулах уралдаан, тэмцээнүүдэд оролцох, ёслолын болон бэлтгэлийн хувцас хэрэглэл, материалын зардлыг 22.6 тэрбум төгрөг хэмээн төсвийн төсөлд тугасан байна.
Гурав. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртөж байгаа иргэдийн нөхөх олговор, эд хөрөнгийн нөхөн төлбөрийг үлдэгдэл санхүүжилт болох 9.2 тэрбум төгрөгийг бүрэн олгоно.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын усан сан бүрэлдэх талбайд оршин сууж байгаа Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 145 өрх, Увс аймгийн Өмнөговь сумын 125 өрх, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 3 өрх. Мянгад сумын 5 өрх нийт 278 өрхийн 1280 иргэдийг нүүлгэн шилжүүлж, тэдгээр хүмүүст олгох нэг удаагийн нөхөх олговор болон эд хөрөнгийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэн зардлын үлдэгдэл санхүүжилтийг 2024 онд бүрэн олгож дуусгахаар төлөвлөн санхүүжилтийг тусгажээ.
Дөрөв. Хайгуулын болон ашиглалтын судалгааны зардлыг нэмэгдүүлнэ.
Монгол Улс эрдэс түүхий эдийн зах зээлд нэвтрэх, эрэлтийн өсөлттэй уялдуулан нийт газар нутгийн хэмжээнд ашигт малтмалын хэтийн төлөвөө тодорхойлох зорилгоор агаарын геофизикийн судалгааны ажлыг орчин үеийн техник, технологийн дэвшил, шинэлэг арга, аргачлалыг ашиглан гүйцэтгэхэд шаардагдах геологи, хайгуул судалгааны зардал болох 40 тэрбум төгрөгийг тусгасан байа.
Гурав. Боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Боомтын сэргэлтийг дэмжих төслүүдийг эрчимжүүлж, хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээндагаарын замын хил /Дэглий-цагаан/, авто замын хилийн боомт /Цагаан дэл уул, Бичигт, Боршоо, Бургастай, Алтанбулаг, Замын-Үүд/, төмөр замын хилийн боомт /Шивээхүрэн, Гашуунсухайт/-ын орон тоо, холбогдох төсвийг тооцон тусгалаа.
Дөрөв. Хууль, тогтоомжид заасны дагуу төрийн байгууллагуудын чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тусгана.
Дотоодын үйлдвэрлэгчээс нийлүүлсэн үндэсний энгийн гадаад паспортад бичилт хийж иргэдэд олгож эхэлсэнтэй холбоотойгоор 350.0 мянган ширхэг цахим гадаад паспорт, 50.0 мянган ширхэг энгийн гадаад паспортын бэлдэц хэвлэх зардал, алсын зайнаас уншигддаг чиптэй 300.0 мянган ширхэг иргэний үнэмлэх хэвлэх зардлыг тооцон тусгажээ.
Д.Батчулуун