ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ боллоо.
Тэрбээр, "Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах чиглэлд авах тодорхой арга хэмжээний талаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосон. Тодруулбал,
-Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт оногдох ялыг чангаруулж, 20 хүртэлх жил хорьж байгааг 25 жил болгох. Гэмт этгээдийг магадлангаар суллаж, өршөөл уучлал үзүүлэхгүй байх
-Авлига албан тушаалын болон бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг магадлангаар суллахгүй байх чиглэлээр холбогдох хуулийн төслийг нэн яаралтайгаар боловсруулж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхийг үүрэгдлээ.
Бага насны хүүхдийг алах гэмт хэрэг буюу 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн хэрэгт дунджаар 22.2 жилийн хорих ял оноож байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 14.5 жилийн хорих ял оногдуулж байна. Энэ нь ялын бодлого найман хувиар суларсан үзүүлэлт. Энэхүү төрлийн ял шийтгэлийн бодлогын алдааг шуурхай засаж, залруулах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн бага насны хүүхдийн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн мэдээллийг ил болгож, олон нийтээс тавих хяналтыг нэмэгдүүлнэ. Эцэг эх асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн ажиллах журам, хүлээх хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай.
Мөн автомашины цахим бүртгэл хийх, гудамж зам талбайг бүрэн камержуулах, жолоочийн хариуцлагыг чангатгах, өмнө нь зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэх үедээ гэмт хэрэг үйлдсэн жолоочийн эрхийг хасах замаар цаашид бага насны хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын сайн туршлагад үндэслэж, зохион байгуулах шаардлагатай байна.
Энэ хүрээнд нэн тэргүүнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгана.
Гэмт хэргийн гаралт болон тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх процессын хувьд шүүхийн үйлчилгээ үзүүлэх тусдаа дэд бүтэц шаардлагатай байна.
Засгийн газраас тун удахгүй Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барина. Энэ хуулийг дагалдуулан Монгол Улсад гэр бүлийн дагнасан шүүх байгуулах нь зүйтэй.
Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууц задардаг асуудал хэрээс хэтэрлээ. Үүнд хил хязгаар гэж бий.
Үндсэн хуульд зааснаар шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй гэх зарчим эвдэгдээд хэвийн үзэгдэл болсон. Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудлыг нэн даруй таслан зогсоохыг ХЗДХ-ын хувиар үүрэг болгоно.
Энэ бол гэмт хэрэг. Энэ нь одоогоор торгох болон, зорчих эрхийг хязгаарлах ялтай байна. Сайдын хувьд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу хууль сахиулгчдын өөрсдийнх нь оролцоотой үйлдэгддэг шалгаж байгаа хэргийн нууцыг задруулдаг асуудал дээр оногдох ял шийтгэлийн бодлогыг чангаруулах саналыг УИХ-д оруулж, шийдвэрлүүлнэ.
Та бүхэн бага насны хохирогчтой хэрэг дээр хүн байгаарай, ухаалаг байгаарай. Гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх нь талийгаачийг үл хүндэтгэж буй хэрэг болно. Хүн болгонд нэр төр, эрхэмсэг оршихуй бий" гэв.
Сэтгэгдэл (1)