Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржтой ирэх оны төсвийн талаар ярилцлаа.
-Төсвийн алдагдал 2,1 их наяд гэж тооцсон. Үүнийг сонгуулийн амлалтаа биелүүлэх гээд ийм зүйл хийчхэв үү гэх хардлага төрж байна?
-2024 онд сонгууль болох нь ойлгомжтой. Сонгууль болох гэж байна гээд төсвөө хийхгүй гэж хэлж болохгүй. Бид төсвийг хэдэн төгрөгөөр нэмэгдэж байгааг харахаас гадна ДНБ-д харьцуулж үзэх хэрэгтэй. Сүүлийн гурван жилийн хугацаанд манай эдийн засгийн багтаамж 10, 10 их наядаар нэмэгдээд явж байна. Ирэх жилийнх ч мөн адил 10 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцсон. Эдийн засгаас татаж буй улсын төсвийн орлого ДНБ-ний 36 хувийг эзэлж байгаа. Зарлага мөн энэ хэмжээгээр нэмэгдэж байна. Сонгуулийн жил гээд огцом нэмэгдсэн зүйл байхгүй. Өмнө жилийн төсвийн орлого, зарлага 4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Энэ жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээс харахад мөн л ялгаагүй нэмэгдээд явж байгаа.
-Сонгуулийн жилд халамж их нэмэгддэг гэх зүйлийг иргэд ярьдаг шүү дээ?
-Энэ жилийн төсөвт тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмдэг болох бодлогыг тусгасан. Цар тахлын үед халамж, тэтгэвэр, цалинг нэмэхгүй явж байгаад 2023 онд огцом нэмэх шаардлага үүссэн. Энэ нь төсөвт нэлээдгүй дарамт авчрахуйц гэнэтийн цохилт болсон. Гэхдээ орлого давж байсан учир үүнийг даваад гарсан.
Ирэх жилээс огцом нэмэгдлийг хийхгүй.
-Харин нийгмийн даатгалын санд нэмж 300 гаруй тэрбум төгрөг суулгажээ?
-Нийгмийн даатгалын сангийн багц хууль 2023 оны долоодугаар сард батлагдсан. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэхдээ маш томоохон өөрчлөлт орсон. Тэтгэврийн даатгалын сангийн шимтгэлээс хоёр хувийг тэтгэврийн нөөц санд хуримтлуулна. Нийгмийн даатгалын сан 700 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс авдаг. Үүнд нэмээд 380 орчим тэрбум төгрөгийг суулгаж өгсөн.
-Ирэх жилийн хөрөнгө оруулалтын зардалд хэдэн төгрөг тусгасан бэ?
-Төсөв гэдэг бол ДНБ-ны 36 хувийг татан төвлөрүүлээд эргээд буцаагаад нийгэмдээ, компаниудад захиран зарцуулдаг. Иймд үүгээрээ дамжуулаад бизнесээ дэмжье гэдэг бодлого орж ирж байгаа.
Төрийн өмчит, хувийн өмчит компани эсэхээс үл хамааран ажил хийснийх нь төлөө санхүүжилт өгнө. Ажил хийгээгүй байхад нь санхүүжилт өгдөггүй системийг бий болгож байна.
Ирэх жил хөрөнгө оруулалтын зардал 3,5 их наяд төгрөг болно. Энэ бол хувийн хэвшлээ дэмжиж буй нэг бодлого юм. Энэ мэтчилэн төсвийг ард иргэддээ болон бизнесийн салбарыг дэмжихэд зарцуулна.
-Өнөөдрийн байдлаар 47 сая тонн нүүрс экспортод гаргажээ. Харин ирэх жил 60 тонн нүүрс экпортлоно гэдэг хэр боломжтой вэ?
-Нүүрсний экспорт манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар 47 сая тонн нүүрс экспортод гаргачхаад байна. Сард 5.2 сая тонн нүүрсийг экспортолж байна гэсэн үг. Энэ жилдээ 55 орчим сая тонн нүүрс гаргачих болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Харин ирэх жил 60 сая тонн нүүрс экспортолно. Бидэнд итгэл төрүүлсэн хэд хэдэн үйл явдал болсон. Тухайлбал, БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хэд хэдэн удаа хийгдлээ. Үүнд цаашдын хамтын ажиллагааны бодлогууд тусгагдсан байгаа. Боомтын холболтын асуудлыг эцэслэж чадлаа.
Иймд ирэх жил 60 сая тонныг экспортолж чадна гэдэг итгэл үнэмшил бий болсон.
-Нүүрсний экспорт нэмэгдвэл эдийн засгийн өсөлт нэмэгдэх нь гарцаагүй биз?
-Эдийн засгийн өсөлт ирэх жил 7 хувь байх болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа. Энэ жил 6 хувь байгаа. Тухайлбал, нэг сая тонн нүүрснээс улсын төсөвт орж буй орлогын хэмжээ ойролцоогоор 60 тэрбум төгрөг байдаг. Энэ жилийн хувьд 300-400 тэрбум төгрөгөөр орлогоо тооцож байгаа. Эдийн засгийн өсөлтөөс гадна нэг чухал зүйл бол ДНБ байдаг. ДНБ-ийг ирэх жил 74 их наяд гэж тооцсон. Энэ жил төлөвлөхдөө 61 их наяд байх болов уу хэмээн төлөвлөсөн.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Батчулуун