Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг өчигдөр хэлэлцжээ.
Тодруулбал Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Эрдэнэбаяр, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгчид болон шүүгдэгч Д.Батмөнх, Б.Ганбаяр, Б.Эрдэнэбаяр нарын өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцсэн байна.
Шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
Д.Мөнх-Эрдэнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй хорих ангид 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх