Улаанбаатар хотын дурсамж, гэгэлзэн алхсан мөчүүдийг тээсэн, ханын будаг нь ховхорч, хөгзөнд идэгдсэн ч ямар нэгэн түүхийг өгүүлсээр оршиж асан Байгалийн түүхийн музейг хүн бүр санаж байгаа биз ээ.
Музейн хаалгаар алхаж ороогүй, үнэ цэнийг нь эс мэдэх хэн нэгэнд шил толь болсон барилгуудын дэргэд солих цаг нь нэгэнт ирсэн "хуучирсан хүрэм" шиг л санагдаж байсан болов уу.
Хотын төвд он цагийн цас бороонд угаагдан бүдгэрч, олны хөлд үрэгдэн элэгдсэн нэгэн барилга торойж байсан нь өдгөөгөөс хэдхэн жилийн өмнө.
"Хорио"-той гэх лазтай музейн бөөрөнд байх шар хаалгыг чахруулан орж, ажилчидтай нь уулзаж байсан цаг саяхан мэт. Эртний үнэр ханхалсан, тоосонд нь хүртэл гараа арчиж хүрмээр "нандин" байлаа.
Байгалийн түүхийн музей нь 1924 онд “Үндэсний музей” гэх нэртэйгээр байгуулагдаж, 1930 онд өдгөө бидний дурсамжид үлдээд буй зургаан багана бүхий гурван давхар цагаан барилгад нүүн ирсэн түүхтэй. Харин 1956-1991 онд “Улсын төв музей” 1992 оноос “Байгалийн түүхийн музей” нэртэй болжээ. Тухайн музейд газар зүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой үзмэрүүд тавигдсан юм.
Мөн Богдын шар ордны шөргөөгөн хашааны үүдэнд байсан хоёр чулуун арсланг 1954 онд газарзүйн эрдэмтэн О.Намнандоржийн санаачилгаар Улсын төв музей байхад нь авчирч байрлуулсан байдаг.
1956 оноос хойш 63 жилийн турш их засвар хийгдээгүй, зөвхөн бага зэргийн урсгал засвар хийгдэж ирсний улмаас 2010-2013 оны хооронд үндсэн барилгад цаашид үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм.
Архитектурын үнэт өв байлаа. Эл музей 2015 онд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд “Архитектурын дурсгал” хэмээн Соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Мөн манай улсын хамгийн анхны архитектур Б.Чимэд барилгын зураг төслийг гаргаж байжээ. Ашиглах боломжгүй, нурах эрсдэлтэй тус байгууламж Санхүү эдийн засгийн дээд сургуулийн барилгатай ижил настай байсан ч өнөөдөр нэгийг нь хөрстэй тэгшилжээ.
Ингэж архитектурын үнэт өв "үнэгүйдэн" нурсан юм. Гэвч бидний сэтгэлд одоо ч "сүндэрлэсээр" буй.
Ингээд 2019 онд музейн суурин дээр Чингис хаан гэх сүрт нэрэн дор үндэсний музей байгуулагдсан юм. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэр байв. Тус музей нь үзүүллэгийн нийт 10200 м2 талбай бүхий монголын анхны төрт улсууд, Монголын Их Эзэнт Улс, түүний бүрэлдэхүүний улсууд, XV-ХХ зууны үеийн Монголын хаад язгууртнууд, Дэлхий дахин ба Монголчууд, Их хааны хүндэтгэлийн өргөө зэрэг байнгын үзүүллэгийн нийт 6 танхим, түр үзэсгэлэнгийн 2 танхимтай.
Ийнхүү есөн давхар барилгын сүр хүчин дор "гурван давхар, зургаан баганат цагаан барилгаа сэтгэлдээ дүрслэн явж өнгөрөх он жилүүд биднийг угтан авсан билээ.
М.Дэвээжаргал