Ардын хувьсгалын 101 дэх баяр наадам дэнж хотойтол дэлгэр сайхан болов. Улсын аварга зургаа, арслан зургаа, гарди долоо, заан 13, харцага 18, начин цолтой 50 бөх зодоглолоо. Улсын цолтой нийт 100 бөх хүч үзсэнээс Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Нутгийн буян” группын бөх, улсын харцага М.Бадарч ес даван түрүүлж, Архангай нутгаас 15 дахь арслан цолтон төрсөн юм. Отгон арслан М.Бадарч улсын гурван цолыг хүртэхдээ гурван жилийн зайтай (2017 онд харцага, 2020 онд гарди, 2023 онд арслан) авсан ба өдгөө 33 нас хүрч байна. Түүнээс өөр бяртай бөх энэ дэнж дээр лав байсангүй ээ.
Даваа болгоны эхэнд давж, наадамд бүртгүүлэхдээ хүртэл хамгийн эхэнд бүртгүүлсэнээс үзэхэд өөртөө түрүүлэх итгэл дүүрэн байж. М.Бадарч арслан нэгээс есийн даваа хүртэл залуу бөх О.Отгонбаяр, аймгийн начин Д.Нарангарав, аймгийн арслан Ш.Отгонтөгс, Я.Бумбаяр, Б.Баянмөнх, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан С.Сүхбат, улсын аварга О.Хангай, харцага Ц.Бямба-Отгон нарын төвөг багатай хаясан юм. Түүний барилдаан ихэвчлэн таван минут дотроо шийдэгджээ.
Бөхийн барилдаанд хамгийн ахмад нь улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ 59 настайдаа хоёр давсан бол энэ наадамд Мөнх-Эрдэнэ нэртэй есөн бөх барилдсан нь бас хамгийн олон тоо. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, гарди Ж.Мөнх-Эрдэнэ, харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан А.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ болон сумын заан, залуу бөхчүүд байжээ.
Өнөө жил начин цолтон цөөн төрөхдөө харьцангуй чанартай байв. Гавьяат тамирчин Л.Отгонбаатар Бүх цэргийн наадамд босоо түрүүлсэн бол хурц арслан Э.Ууганбаяр улс, аймгийн цолтны барилдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөхийн нэг. Харин Д.Тогтохжаргал бол Улсын наадмын начин цолны даваанд гурвантаа барилдлаа. Хэн ч тэднийг муу бөх гэхгүй. Аварга Г.Эрхэмбаяр дөрвийн давааны оноолтод аймгийн арслан Д.Эрдэнэтулгад унасанаар нэг начин хорогдсон ба улсын арслан Ц.Содномдорж заан М.Өсөхбаярыг, арслан Б.Орхонбаяр заан Б.Батмөнх нарыг амлан авсанаар начин цолтон төрөх боломж хоёроор хасагдсан нь энэ. Энэ ам авсан байдлыг наадамчин олон лав талархан хүлээн авлаа. Тавын даваанд С.Мөнхбат аварга шавьдаа тахим өгөхөөс аргагүй болсон. Уг нь С.Мөнхбатын бэлтгэлжилт гойд сайн байсан бөгөөд их шөвөгт хүрнэ гэж бөхийн хүрээнийхэн харж байв.
Түүний шавь Д.Тогтохжаргал гурав дахь удаагаа начин цолны босгон дээр тулж ирсэн ба С.Мөнхбат шавиа орхисон бол тэр цол авах нь эргэлзээтэй. Харин нас чацуу гарди Б.Гончигдамба, Ө.Бат-Орших нарыг начин төрүүлнэ гэх таамаг наадмаас өмнө гарсан нь үнэн болов. Тэд тавын даваанд үнэн хүчийг бага үзүүлэн унасан нь яалтай билээ. Нэгэн түрүүлж, үзүүрлэхгүйгээс хойш амьдралаа бодсон тэдний буруу биш ээ. Наадмын түрүү бөхийн тааварт хамгийн өндөр магадлалтай бөх байсан улсын заан Б.Бат-Өлзий хурц арслан Э.Ууганбаярыг амлан авсан нь зөв боловч арслан илүү бэлтгэл сайн байлаа. Тэд хоёр жилийн өмнөх албан бус наадмын түрүү булуулдах даваанд хүч үзэхэд заан давсан. Энэ байдлаа бодож авсан биз. Мөн О.Мөнх-Эрдэнэ харцага он жав цолтон Г.Бадрахад тахим өгсөнөөр наадмын таавар үндсэндээ эргэсэн. Н.Золбоо харцага таван бөхөөс найзыгаа тунаанаас гарган өгч Ш.Пүрэвгарди нь харцага болсоноос хойш анх удаа шөвгөрлөө.
Ер нь наадмын шөвгийн дөрвөн бөхийг зөв таасан хүн гараагүй биз. Их шөвөгт өнөөх Б.Орхонбаяр, Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл нь хаа байна. Өнгөрсөн наадмын шинэ цолтонгуудаас О.Хангай, Ц.Бямба-Отгон нар их шөвөгт үлдлээ. Бас арслан Р.Пүрэвдагва гурвын даваанд амны бөхөө дийлээгүй нь наадмын таавар, дөрвийн оноолтыг багахан өөрчилсөн нь үнэн. Тэр арслан болсоноос хойш долоон жилийн хугацаанд ахин шөвгөрөөгүй байна. Заалны барилдаан сайн байдаг тэрбээр наадамд харин улсын арслан цолтой бөх шиг харагдахгүй байгаа юм. Мөн аварга П.Бүрэнтөгсийг дөрөв дээр унана гэж хэн бодох билээ. Алтан цомын барилдаанаас түүний бэлтгэлжилтийн үнэн төрх харагдсан. Өндөр аварга Улсын баяр наадмын дөрвийн даваанд хоёр дахь удаагаа унаж байгаа ба өмнө нь 2014 оны наадмын дөрөв дээр Завханы Г.Баасандоржид тахим өгч байв.
Энэ жил улсын начин цол хүртсэн залуус нас ахисан байна. Даага хөтөлсөн хамгийн залуу начин Л.Отгонбаатар гэхэд 30 настай бол Д.Тогтохжаргал 34, Э.Ууганбаяр 32-тай. Ердөө гурван начин төрсөн нь тэд. Харин улсын харцага болсон хоёр бөх нас залуу. С.Сүхбат 23-тай бол Г.Ганхуяг 27 настай. Тэд баяр наадмын тааврыг будилуулахад үүрэг гүйцэтгэсэн бөхчүүд юм. Харцага цол авахдаа Г.Ганхуяг залуу арслан Б.Орхонбаярыг, С.Сүхбат залуу заан М.Лхагвагэрэлийг давсан, наадамчин олон ингэж төсөөлөөгүй байсан болов уу.
Баяр наадмын сайханыг багагүй гутаасан зүйл нь даян аварга Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж нарын барилдааны төгсгөл. Хэн хэн нь даваагүй барилдааны ялагчийг хөлийн цэц шийдвэрлэсэн нь алдаатай дүрмийн балаг бөгөөс барилдаж буй бөхчүүдийн буруу биш, шийдвэр гаргасан хөлийн цэцийн ч буруу алга. Засгийн газраас эцэслэн баталсан Баяр наадмын тухай хуулийн ноцтой алдаа энэ. МҮБХ-ны удирдлагууд, бөхчүүд ч энэ дүрмийг эсэргүйцэн үг, үзэл бодлоо хэлээд дийлээгүй юм.
Сэтгэгдэл (2)