Шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн сошиал орчинд олны хэл амны бай болж буй нэг асуудал бол өнөөдөр Монголд айлчилж буй Польшийн ерөнхийлөгчийн айлчлалыг угтсан гэх Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фридерик Шопены хөшөөний дуулиан байлаа. Тодруулбал, Зайсангийн ойролцоо боссон хөшөөний нэг талд Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фридерик Шопены “Spring Waltz” бүтээлийн нотыг сийлжээ. Үнэн хэрэгтээ уг бүтээл нь Шопеных огт биш. Харин 1978 онд Францын хөгжмийн зохиолч Пол де Сенневилийн туурвисан “Marriage d’amour” хэмээх бүтээл бөгөөд хэдэн жилийн өмнө YouTube сувагт "Шопены бүтээл" гэсэн алдаатай гарчигтай нийтлэгдсэн нь олны дунд буруу ойлголт үүсгэсэн гэж хэлж болно.
Юу юугүй ирж байгаа Польшийн ерөнхийлөгчийн айлчлалыг тохиолдуулан Бүгд найрамдах Польш улсын элчин сайдын яамны захиалгат ажил гэж Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагдорж твиттер хуудаснаа бичсэн.
Гэвч Бүгд найрамдах Польш улсын элчин сайдын яамнаас "Ф.Шопены дурсгалыг хүндэтгэдэг аливаа санаачлагыг бид талархдаг. Улаанбаатар хотноо боссон Ф.Шопены хөшөө нь ЭСЯ-ны ямар нэгэн оролцоогүйгээр хувь хүний санаачлага, санхүүжилтээр бүтээсэн бөгөөд БНПУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын хүрээнд хийгдсэн ажил биш болно" гэжээ. Мөн Монгол улсын Гадаад харилцааны яамнаас хийсэн мэдэгдэлд "Уг бүтээлд төр засгийхан оролцоогүй, цэвэр уран бүтээлчийн бүтээл болно. Түүнчлэн Польшийн ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрт энэ хөшөөтэй холбоотой үйл ажиллагаа байхгүй болно" гэжээ.
Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагдорж хэлдэг худал мэдээлэл гэдгийг элчин сайдын яам нь ч батлаад өглөө. Нэгэнтээ боссон уг хөшөөг БНПУ-ын ерөнхийлөгчид харуулахгүй тойруулсан нь, бүүр энэ тухай сонсгохгүй байсан дээр биз ээ.
Л.Сайнаа