Сайхан Монгол орондоо саар амьдрах шалтгаануудын зарим нь эрүүл бус хооллолт, амьдралын буруу хэвшил, нийгмийн бухимдал ужгирчээ. Энэ ужгирааг энхийн цагаан сэтгэлээр эдгээж өгдөг нь эмч нар билээ. Хорвоо дээр эмчийн тухай олон дуу бий.
“Зөөлөн гараараа эдгээн сувилсан
Зүйтэй аалиараа тэтгэн ивээсэн
Цагаан өмсгөлт уяхан дагина чи
Гэгээн үйлстэй ухаант бүсгүй
Өрөвчхөн цагаан сэтгэлтэй
Сувилагч чамдаа баярлалаа” гээд л Монгол улсын гавьяат жүжигчин Ж.Уранчимэг, нөхөр Соёлын тэргүүний ажилтан П.Хатанбаатартайгаа дуулсан сан.
Цар тахлын хүнд цагт супер баатрууд биш, цагаан нөмрөгтэй эгэл эмч нар л бидний төлөө байж, амь биеэ хайрлалгүй аймшигт тахалтай алалдан, тэмцэлдсэн. Тэрхүү эгэл баатруудын нууц объектыг манай сайтаас олж илрүүлэн, сурвалжилга бэлтгэлээ. Манай улсад эгэл баатруудын нууц байгууламж олон бий. Тэдгээрийн нэгийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр байдаг гэх нууц мэдээллийн дагуу хайж олсон юм. Тэд өөрсдийгөө нууцлах зорилгоор “Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг” гэх хаягийг байгууламжийнхаа дээр хадсан байв.
Бидний нийслэл Улаанбаатар хот 4,704 км2 газар нутагтай. Нийт хүн ам нь 1,519,196 хүрсэн байна. Хотын хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэг нь 43 хороотой. Нийслэлийн нийт хүн амын 22,6 хувь буюу 344 орчим мянган хүн амийг багтаадаг. Үүнээс 0-15 насны хүүхэд нийт хүн амын 34,4 хувь эзэлж байна. Орон сууцны барилга 27 хувь, гэр хороолол 73 хувийг бүрдүүлсэн бөгөөд ажилгүйдлийн түвшин 9,3 хувь, ядуу болон нэн ядуу өрх 26,3 хувийг эзэлж, тус дүүрэгт жилд 10 мянга гаруй хүн шилжин суурьшдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр том дүүрэг, том эмнэлэгтэй байх нь зүйд нийцнэ.
Нөмрөг нь цагаан, сэтгэл нь дулаан хүмүүс энд олон. Тэд бол эрүүл мэндийн манаанд тангараг өргөсөн эмч, сувилагч, цэвэрлэгч, харуул, хувцас өлгүүрийн ажилтан гээд л бүгд юм. Үүдээр ороход л цэмцийсэн шалтай. Эм, тарианы хурц үнэр хамар цоргино. Хүсээд байх үнэр биш. Гэвч нэгэнт хүрээд ирсэн өвчинг эдгээхэд хүч болох итгэл найдварын үнэр ч юм шиг.
Тэдний нууц байгууламж гурван жилийн өмнө ашиглалтад орж, хуучин байрнаасаа тэд нүүн иржээ. Цар тахлын аймшигт довтолгоог хааж чадсан тэдний санаа, сэтгэл амгалан болж амжсан эсэхийг үл мэднэ. Гэвч зөвхөн цар тахлаар хязгаарлагдахгүй. Олон төрлийн өвчин эмгэг иргэдийг зовоосоор байдаг нь амьдралын жам гэлтэй. Үүдээр ороход л инээмсэглэн зогсох гурван бүсгүйтэй таарав. Тэд бол угтах үйлчилгээнд ажиллаж буй сувилагч нар юм. Эндхийн сувилагч нар ээлжээр үүдэнд зогсож иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгдөг нь тааламжтай, зөв соёл болжээ.
Тэд эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн иргэдэд гадуур хувцсаа өлгүүрт өгч, улавч өмсхийг эелдэг гэгч нь хэлж явуулна. Гунигтай нь тэдний үгэнд орох хүн ховор юм билээ. “За, ойлголоо” гэж хэлээд хувцасны өлгүүрийн зүг явчхаад, гадуур хувцсаа гартаа барьж, улам өмсөөгүй таарах нь их байсан. Угтагч гурван бүсгүйн өмнөөс бухимдал төрсөн. Харин тэр гурав огт бухимдсан шинжгүй, орж ирсэн хүн болгонтой найрсаг харьцана. Хүмүүс тэдний хичээл зүтгэлийг ойлгоод, тавьсан шаардлагыг нь биелүүлдэг болох цаг ойрхон биз ээ.
Тус эмнэлэгт угтах үйлчилгээний соёлыг нэвтрүүлж, иргэдийг эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсдэг хүндрэлийг бууруулах ажлыг зохион байгуулж байгаа нь энэ. Асуудалгүй газар гэж үгүй. Эндхийн хамгийн том асуудал бол иргэдийн наад захын соёлгүй байдлын асуудал болжээ.
Энэ талаар эмнэлгийн Харилцаа соёл, үйлчилгээний албаны дарга Д.Алтанчимэг “Манай эмнэлгийн уриа бол стандартыг эрхэмлэгч, хүний эрүүл мэндийг дээдлэгч, нийгэмд манлайлагч байгууллага байх. Бид үйлчлүүлэгч төвтэй, үндэсний манлайлагч эмнэлэг болохыг цаг ямагт зорин ажилладаг. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн, дэвшилтэт технологи, инновацид суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн, эрдэнэт хүний наслалтыг уртасгах, авран хамгаалахын төлөө бид өдөр шөнөгүй ажиллаж байна. Мөн манай байгууллагын хамгийн үнэт чанар бол эерэг хандлага, чанартай үйлчилгээ, мэргэжлийн өндөр ес зүй, хариуцлага, бүтээлч сэтгэлгээ, төлөвлөгөөтэй сайтай багийн үйл ажиллагаа юм. Гэвч нөгөө талаас иргэдийн үйлчилгээ авахдаа гаргадаг соёлын асуудал нэн тэргүүнд тавигдаж эхэлсэн. Жишээлбэл, тэд эелдгээр шаардлага тавих үед үл тоох, эргүүлээд дургүйцлээ илэрхийлж бухимдах зэрэг асуудлууд гарна. Тэр болгонд бид аль болох ойлгуулах гэж хичээдэг л дээ. Тэгээд манай хамт олон ярилцаад үйлчлүүлэгчийг угтах аяныг зохион байгуулж байгаа юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ өргөжиж байгаагаас хүний нөөц 40-50 хувиар нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн шинэ ажилчдыг байгууламж, үйл ажиллагаатай танилцуулах, эмнэлгээр үйлчлүүлэгчийн эрх үүргийг ойлгуулан таниулах, байгууллагын харилцаа хандлага, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ажилтан бүр хөтөч байх оролцоог сайжруулах, хамт олны найрсаг харилцаа, эелдэг хандлагад тулгуурлан байгууллагын соёлч байдлыг сайжруулах аяныг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ аян маань ирэх долдугаар сар хүртэл үргэлжилнэ” гэв.
Биднийг хүлээн авсан тэрбээр эмнэлэгтэйгээ танилцуулж, өөрсдийн үйл ажиллагааны онцлогуудыг харуулсан юм. Биднийг зураг дарж, элдвийг сонирхож явахад эндхийн эмч, мэргэжилтэн, сувилагч гээд бүгд л анзаарах ч завгүй, анзаарахыг ч хүсэхгүй төвлөрөн ажиллаж байгаа харагдсан. Хүний эрдэнэт амь нас, эрүүл мэнд гэдэг ямар чухал гэдгийг уг дүр зургаас харж, мэдэрч болохоор.
Арга ч үгүй юм. Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг. Үүнийг дагаад эмнэлгийн амбулатори, яаралтай тусламжийн хүлээн авахаар үйлчлүүлэх иргэдийн тоо бусад дүүргийн эмнэлэгтэй харьцуулахад их байдаг. Шинэхэн цагаан байрны дотоод засал, тохижилт нь яриангүй шинэлэг, ая тухтай. Үүнийг дагаад үйлчилгээ авахаар ирсэн иргэд сэтгэл амар оочроо хүлээцгээнэ.
Нэг үеэ бодоход эмнэлгийн үйлчилгээ ийм сайхан болжээ. Үүдээр ороход цэлгэр танхим угтаж, зүүн гар талд өлгүүр байрлана. Цаашлаад цахим бүртгэл хийх, өвчний түүх нээх, цаг авах зэргийг хялбаршуулсан нэг цонхны үйлчилгээ байдаг. Мэдээж иргэд тухлахад хангалттай хүрэлцэх сандалнууд энд бий.
Цэвэрлэгч эгч нар шалаа байн байн зүлгэж, хөлс нь хамар дээгүүр нь бурзайсан харагдана. Хувцасны өлгүүрийн эгч найрсаг гэдэг нь жигтэйхэн. Ийм том дүүрэгт өдий зэрэгтэй том эмнэлэг байх л ёстой. Байгуулсанд нь талархмаар. Энд хүлээлгийн танхим нь олон суудалтай, бүүр хүүхэд хуурайлах, саатуулах ор зэргийг байрлуулсан байв.
Өөр нэг зүйл гэвэл энд Өдрийн эмчилгээний тасагтай. Яаруу ажилтай ч өөрийн эрүүл мэнддээ анхаарч, эмнэлгийн энгийн шатны тусламж авахаар ирсэн ахмад настан, хэнбугайд ч тэд үйлчилдэг байна. Биднийг очиход тус тасагт ахмад настай иргэд голдуу дусал залгуулах, даралтаа үзүүлэх зэрэг үйлчилгээ авч харагдсан.
Өдрийн эмчилгээний тасгийн эрхлэгч Ш.Цэцэгдаваа “Сүүлийн үед манай тасгаар толгой өвдөх, зүрхээр хатгуулах, юм мартах зовуурьтай хүмүүс ихээр ирэх болсон. Мөн гадаа орчны бохирдолтой холбогдолтой холбоотой ханиалгах зовуурьтай иргэд ирж байгаа. Ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь ковидоос хойш мартамхай болсон, ханиалга намдахгүй байна гэх зүйлийг хэлдэг. Гэвч үнэхээр ковидоос болоод иргэд мартамхай болсон уу гэдэг шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл. Үнэнийг хэлэхэд цар тахлаас өмнө ийм зовуурьтай иргэд бага байсан шүү. Харин ханиалга намдахгүй байх асуудал элбэг байсан. Энэ бол мэдээж утаа, гадаах орчны бохирдолтой шууд холбоотой зовуурь л даа. Тийм болохоор ковидтой холбож ойлгох боломжгүй” гэлээ.
Түүнээс дэлгэрүүлэн хэд хэдэн зүйлийг асуув.
-Хүмүүс цар тахал, вакцинаас болоод цус өтгөрдөг, толгой өвддөг гэх зүйлсийг ч бас хэлдэг болжээ. Үнэхээр вакцин иргэдэд ингэж нөлөөлөх боломжтой юу?
Тэгж шууд ойлгож болохгүй. Энэ бол хувь хүний өөрийн амьдралын буруу хэвшилтэй л холбоотой. Дасгал хөдөлгөөн хийхгүй, буруу хоол хүнс хэрэглэж, согтууруулах ундааг тогтмол хэрэглэх, гар утас, компьютер зэрэг муу нөлөөллүүдээс татгалзах хэрэгтэй л дээ.
-Сүүлийн үед цусны даралт ихсэх өвчин залуужих хандлагатай байгаа. Энэ нь ердөө амьдралын буруу хэвшил байж шүү дээ?
Яг тийм. Амьдралын буруу хэвшил залуусын дунд бий болсон. Олон цагаар сошиал орчинд байж, компьютерын ард сууж, эрүүл агаарт байгаагүйгээс болж дадсан буруу хэвшил нь мэдрэл, цусны эргэлтэд нөлөөлөх болсон гэж харж байгаа. Бас илүүдэл жинтэй болсон байна. Жин ихтэй хүмүүс цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэл өндөр шүү дээ.
-Хавар болохоор ядаргаа тусчихлаа гэдэг шүү дээ. Энэ ойлголтоос болж иргэд өөрийн дур мэдэн дусал, витамин залгуулах явдал олон байдаг?
Дур мэдэж өөртөө юу ч хийж болохгүй. Тамиргүй болчихлоо, ядарлаа гээд эмчийн зааваргүйгээр дусал хийлгэнэ гэдэг туйлын буруу ойлголт шүү дээ. Энэ бол хамгийн буруу хэвшил.
-Тэгэхээр эхлээд эмнэлгийн байгууллагад хандах нь зөв юм байна. Тийм үү?
Тийм. Дээрээс нь хүн өөртөө зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэй. Зөв амьдралын хэв маяг гэдэг нь идэж, ууж байгаа хоол хүнс, дасгал хөдөлгөөнийг хэлээд айгаа юм. Өглөө босох, орой унтах цагийг тогтмол байхгах учиртай. Ямар өвчин, зовуурь байгаа эсэхийг шинжилгээгээр баталгаажуулаад тохирсон эмчилгээг хийх хэрэгтэй. Эрүүл амьдралын хэв маяггүй байж дусал хийлгээд л шууд эрүүл болчихно гэдэг бол хатуухан хэлэхэд тэнэглэл шүү.
-Эмийн сангаас витамин авч уух тал дээр?
Бас л буруу. Ер нь бол хамгийн түрүүнд эмчид хандаад, шинжилгээ өгч баталгаажуулаад, хэрэв эмгэг илэрвэл тохирсон эм, эмчилгээг эмчийнхээ заавраар хийлгэхэд л болно. Нэгэн хэвийн хоол хүнс хэрэглээд байхаар хүн эрдэс бодисын дутагдалд орно. Тийм болохоор витаминлаг жимс, уураглаг мах, шим тэжээллэг олон төрлийн шалгарсан хүнсийг хэрэглэж дадах хэрэгтэй. Заавал эм, тариа хэрэглэх хэрэггүй гэж хэлмээр байна.
Тэдний ярьж буй гол зүйл бол хүмүүс өвдөхгүй байх, эрүүл мэндээ хамгаалах үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй. Өөрийгөө өвдөх ёстой гэж боддог, эмчийг эмчлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Үнэн хэрэгтээ иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийг анхаарах, эрүүл амьдрах үүрэгтэй гэдгээ ойлгодоггүй тухай ярив. Мөн эмнэлгээр үйлчлүүлээд хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэсэн хариу хэлээд байхад заавал хэвтэх ёстой гэж зүтгэдэг хүн ч байдаг тухай гайхширан ярьсан юм. Мөн иргэд эрт илрүүлэг шинжилгээндээ сайн хамрагдах хэрэгтэй гэж байлаа.
Гаднын улсад үхлүүт, зайлшгүй хэвтэх шаардлагатай хүмүүсийг л эмнэлэгт хэвтүүлдэг. Гэвч манайд гэрээр дэглэм сахиад, анхан шатны тусламж аваад эдгэрэх өвчнийг заавал эмнэлгийн орон дээр хэвтэж байж эдгээх гэсэн сэтгэхүйтэй иргэд олон болсон. Ад үзэж байгаа асуудал огт биш. Энэ асуудлаас үүдэн зайлшгүй шаардлагатай иргэдэд орны хүрэлцээ бага үлддэг. Цаашлаад эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс холдох эрсдэл харагддаг байна. Тэгэхээр иргэд “Би даатгал төлсөн болохоор заавал үйлчилгээ авах, эмчлүүлэх ёстой” гэдэг бодлоо хаяж, хамгийн түрүүнд өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг, дасгал хөдөлгөөн хийж, болзошгүй өвчлөлөөс өөрийгөө хамгаалдаг хариуцлагатай иргэн байгаасай гэж хүсмээр...
Бид эмнэлгийн хүүхэд болон насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг, лаборатори, цайны газар, хүлээлгийн танхим, хүлээн авах, амбулатори, нөхөн сэргээх эмчилгээний тасаг гээд л яваагүй гэх газаргүй.
Эдгээрээс хамгийн их ачаалалтай байсан нь бидний сайн мэдэх Амбулатори юм.
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн төв Амбулаторийн эрхлэгч Г.Алтанцэцэг “Амбулаторийн тасаг бол хүлээгдэж болохуйц, тухайн хүний амь насанд заналхийлээгүй шинж тэмдгүүд дээр цагийн схемийн дагуу үйлчилгээ үзүүлдэг газар юм. Манай үйлчилгээгээр өдөрт 400-500 хүн ирдэг. Нарийн мэргэжлийн 23 эмчтэй. Чих хамар, хоолой, нүд, мэдрэл, хүүхэд, арьс, ахмад, дотор, уушги, зүрх судас, гэмтэл, мэс засал, уламжлалт, шүдний нарийн мэргэжлийн кабинетууд энд бий. Бид амбулаторийн тусламж үйлчилгээг сайжруулах, өргөжүүлэх зорилгоор шинээр дотоод шүүрлийн кабинет нээхээр бэлтгэж байгаа. Эмч маань тун удахгүй төгсөөд ирнэ. Шүдний үзлэг, оношилгоо маш их ачаалалтай байдаг болохоор эмчийн тоог нэмэгдүүлж, өдөр үйлчилгээ үзүүлэх зорилго тавьсан байгаа. Эдгээр нь энэ оны хамгийн том зорилт болоод байгаа л даа. Манай дүүрэг бол нийслэлийн хамгийн олон хүн амтай нь. Үүнийг дагаад нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв гэсэн хоёр лавлах шатны эмнэлэгтэй. Хүн амын хувьд бүсчилж, үйлчилгээ үзүүлдэг ч ачаалал өндөр байдаг” гэсэн юм.
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн 185200 хүн амд, 0-16 насны 135000 хүүхдүүдэд мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.2-т заасны дагуу харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар 17151 өвчтөн тусламж үйлчилгээ авсны дотор хүүхэд 14382, насанд хүрэгч 2769, Амбулаториор 73373 иргэн үзүүлж тусламж үйлчилгээ авснаас 5648 буюу 8.2 хувь нь хэвтэн эмчлүүлсэн ажээ.
Түүнчлэн энэ оны эхний улирлын байдлаар нийт хэвтэн эмчлэгдсэн 5624 иргэн байгаагаас ашигласан ор хоног 32293 байна. Харин орны фонд ашиглалт 85,6 хувь, дундаж ор хоног 5,7 хувь, орны эргэлт 14,9 хувьтай байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад орны фонд ашиглалт 1 хувиар өссөн. Дундаж ор хоног ижил түвшинд, орны эргэлт 0,4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ. Нэгдүгээр улирлын байдлаар нийт өвчлөлийн 64,9 хувийг амьсгалын замын өвчлөл, 12,2 хувийг хоол боловсруулах тогтолцооны өвчлөл, 7 хувийг зүрх судасны өвчин, хувийг бөөр шээс дамжуулах замын өвчлөл, 3,1 хувийг мэдрэлийн өвчлөл, 1,8 хувийг хорт хавдрын өвчлөл, 6,6 хувийг бусад өвчлөл эзэлж байна. Үүнээс хүүхдийн амьсгалын замын өвчлөл 3342 буюу 91.8 хувийг, хүүхдийн хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 304 буюу 44.3 хувийг тус тус эзэлж байна.
Тооцоо, төлөвлөгөөтэй үр дүнтэй, үйлчилгээ сайтай, ажилсаг, сэтгэл ханамж мэдрүүлэхүйц үйлчилгээтэй эгэл баатруудын энэхүү НУУЦ байгууламж зогсолтгүй ажилладаг юм билээ. Мөнхийн хөдөлгүүр гэж үгүй. Гэвч орчлонд юу ч болсон зогсошгүй ажиллаж, мөнхийн хөдөлгүүр мэт байдаг нь эмнэлэг л юм байна. Супер баатрууд кинон дээр л байдаг. Харин жинхэнэ супер, эгэл баатрууд эмнэлэгт л байдгийг хүн болгон ухаараасай. Тэднийгээ хайрлаж, хүндэлж, тавьсан шаардлагыг нь биелүүлж байгаасай. Өвдлөө гэж өөрийгөө буруутгаж, өвчнийг минь эдгээж өг гэж БУРХАНд биш ЭМЧ нарт л мөргөж байгаасай. Бид энэхүү сурвалжилгын төгсгөлд та бүхнээс үүнийг л хүсэх байна.
“Зөөлөн гараараа эдгээн сувилсан
Зүйтэй аалиараа тэтгэн ивээсэн
Цагаан өмсгөлт уяхан дагина чи
Гэгээн үйлстэй ухаант бүсгүй
Өрөвчхөн цагаан сэтгэлтэй
Сувилагч чамдаа баярлалаа” гэж амандаа аялаад тэндээс би явсан юм.
Л.Сайнаа.
Сэтгэгдэл (1)