**********************************************************************************************************************************************************
"Нас яваад ирэхээр" гэж саяхан таарсан найз минь уулгалан яриагаа эхэлсэн сэн. Саяхан л хүүхэд явсан улс 25 насанд ингэж яриа өрнүүлэх ч уйтай санагдана. Ганцаардал, тэнүүчлэх хүсэл, бачуурал ихтэй амьдарна гэдэг энэ насанд хэмжээ нь таарсан хувцас шиг эд л дээ. Цалгиж халгих зүйл нь залуу нас гэдэг үгийг итгэлтэй хэлж байгаа харц л юм билээ. Цалингаа буухаар хүнсээ цуглуулаад, цай уунгаа кино үздэг нас л юм билээ. Угтаа манай улсад амьдрал зохиоход тохирох л нас гэж байгаа юм. Гэвч бид цэнгээний газар цэцэн үг хаялцаж, цэртэй шүлсээ нулимж өнгөрөөдөг хүмүүс дээ. "Нас яваад ирэхээр" гэж найз минь хайраас болж хэлсэн юм билээ. Хайр хүнийг ингэж л зовоодог эд дээ. Хайр үгүй бол дэндүү амгалан амьдарч болох.
Хайр угтаа улирал л юм шиг ээ. Энэ улирлыг туулж дадсан зүрхнүүд хат суусаар л байдаг болов уу. Хавар хайр ирдэг гэдэг үг огт худлаа, дэмий үг. Хайр бүх насан турш үргэлжилэх тийм л хатуу улирал. Магадгүй хавар, намар, зун, өвөл гэдэг зүйлс утгагүй, харин хайр л утгатай улирал. Тэрбум жилийн настай дэлхий дээр хайрыг бүтээсэн нь бурхан биш, ердөө л бид. Ээж тань чамайг хэвлийдээ олоогүй байхад ээжийн тань чамайг гэх хайр байсан билүү дээ. Ингээд бодохоор хайр гэдэг байхгүйгээс байх хүртэлх орон зай байж болно. Тэр орон зайд нулимс, сэтгэлийн учигууд бий. Тийм дээ ч энэ улирал дуусашгүй ур үргэлжилдэг байх л даа. Хамаг бүхнээ үрэн, таран хийгээд хорих ангид ял эдэлж яваа залуугийн зүрхэнд хайр байж л байгаа. Бид энэ зүйлгүйгээр амьдарч чадахгүй. Гэхдээ амиа хорлож буй хүний хувьд хайр дууссан байж болох юм. Үгүй ээ, үгүй юм байна. Хайраас болж л тэд үхэх замыг сонгож байгаа шүү дээ. Дан ганц амраг сэтгэлийн хайр биш, өөрийгөө хайрлаад амьдралаас гамнаад үгүй хийж байгаа ч юм билүү.
Мөнх бусыг үзүүлсэн нэрт яруу найрагч Цэндийн Доржсэмбэ гэдэг хүн "Юуг ч хайрлахаа болихоор үхнэ дээ" гэж хэлж билээ. Энэ үгнээс л би улбаалан үүнийг бодсон юм.
Мандах нарны эхний цацрагийг харж, маргаашийн тухай бодох энэхэн амьдралд жаргах нарны сүүлийн цацрагийг харахдаа итгэл, нулимс, зориг, ухаан, тэнэглэл шингэсэн ХАЙР-тай зүйрлэн боддог. Жинхэнэ хайр хэлгүй гэдэг. Жирийн хайр өнгөгүй гэдэг. Өнгөгүй, хэлгүй хайртай учирсан бол алдаж огт болохгүй ч юм шиг. Гэвч залуу нас хайр хоёр зам нийлэх үед тэнэглэл тээг болдог ч юм шиг. Ямартай ч бид энэ улиралд амьдарсаар л дуусна. Олон залуус амьдралаа шийдэх гэж олгойтой цус шиг хагарчих гээд байгаа хүндхэн цаг хугацааг туулж байгаа. Хүчтэй байгаарай...