**************************************************************************************************************************************************************
Хаврын хачин өдрүүд дундаас өндийж, сурвалжилга бэлтгэнэ гэдэг залхуутай санагдана. Гэвч дурлаж хийдэг ажил тул дургүйцэх зүйлгүйгээр сурвалжилгаа эхлүүлж байна. Хавар угтаа их хачин улирал гэдгийг залуу насанд л ухаарахгүй бол хожимддог байх. Хаалгаа нээж, гэрээс гарахад цас, эсвэл бороо орж байхыг үл таана. Хамгийн муугаар бодоход шороо шуурч, салхи дэгдэж байдаг үнэхээр л нууцлаг, ааш нь үл олдох улирал юмсанж.
“Миний 24 цаг” булангийнхаа энэ удаагийн дугаарт BARLOWORLD MONGOLIA компанийн Аналитик Инновацын газрын менежер Э.Уянга оролцож, нэгэн өдрийн ажлын хэв маяг, дотоод ертөнцийн багахан хэсгээс хуваалцлаа. Уг компани нь 120 жилийн түүхтэй, 16 улсад албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг BARLOWORLD компанийн Монгол улс дахь салбар юм. Тэдний үйл ажиллагаа анх 1996 онд манай улсад нэвтэрч, үйлдвэр, үйлчилгээ, уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээс, худалдаа, засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр зэрэглэлд хийж буйгаараа онцлог ажээ.
Э.Уянга биднийг найрсгаар хүлээн авч байгууллагынхаа бүтэц , засвар үйлчилгээний шат дамжлагатай танилцуулсан юм. Мөн түүний ахалдаг Аналитикын багт шинээр ажиллаж байгаа хоёр гишүүндээ ажлыг танилцуулав. Түүний ажил өглөөний 07:30 цаг эхэлдэг. Бусад газраас ялгарах онцлог нь тухайн байгууллага ажилчдынхаа цаг зав, эрүүл мэнд, сэтгэл зүй, хувь хүний хөгжилд анхаардаг учир 07:30-16:00 гэсэн цагийн менежментийг баримталдаг байна. Ингэснээр тэдний ажилчид замын түгжрэлд оролгүй ажилдаа ирж, явж гэр бүл болон өөртөө гаргах үнэт цагийг хэмнэ ж чаддаг байна.
"Тус компанитай танилцсан сэтгэгдэл"
Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол ажиллах орчин нөхцөл үнэхээр сайн гэж хэлмээр... Түүний ахалдаг Олон нийтийн харилцаа, маркетингийн багийнхан өрөөндөө уран зураг өлгөж, номын сан тохижуулжээ. Номын санд нь хувь хүний хөгжил, уран зохиолын гээд л орчин цагийн шилмэл бүтээлүүд байх нь тэдний хэр мэдрэмжтэй харуулах мэт... Мөн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх ширээний хөлбөмбөг тэнд бий. Дэлхийн томоохон компанийн салбар учир тухайн байгууллагын соёлыг хүртэл нэвтрүүлэн ажилладаг. Бидний засвар, үйлчилгээний хэсгээр аялахын өмнө нь аюулгүй байдлыг сайтар хангаж, зориулалтын малгай, хантаазыг өмссөн юм. Энэ бол наад захын соёл. Түүнчлэн байгууллагын хана болгон дээр зарчим, аюулгүй ажиллагааны тэмдэглэгээ байх нь хэнийг ч осол, эндэгдэлд оруулахгүй гэсэн хатуу зарчим нь аж.
Уг байгууллага нь 530 гаруй ажилчидтай, тэдний 20 нь гадаад мэргэжилтэн. Саяхнаас “Component Rebuild Center” буюу уул уурхайн том техникүүдийн эд ангийг сэргээн засах, дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, ажиллаж байгаа гэнэ. Жишээлбэл, тухайн техник эвдэрч, ашиглалтаас гарсан тохиолдолд эд ангиудыг нь задалж, дахин боловсруулснаар цоо шинэ мэт болгодог ховорхон газар ажээ. Э.Уянгын хэлснээр САТ-ын техникүүд хойд настай гэж хүмүүс ярьж, үнэлдэг гэнэ. Учир нь сайн чанарын гангаар хийгдэж, эдэлгээ насжилт нь удаан байдаг. Хэдийгээр эвдэрсэн ч дахин боловсруулж, шинээр ашиглах боломжтой байдаг нь байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй гэдгийн тод илрэл гэлтэй. “Component Rebuild Center”-т техникийн эд ангиудыг хэсэгчлэн салгаж, үнэлгээ хийснээр ямар төрлийн засвар шинэчлэлт хийхийг тооцож, шат дамжлагаар засварладаг байна. Тус газарт туршилтын хэсэг байх бөгөөд засварласан эд ангиудыг олон удаагийн туршилтад оруулж, чанарын үнэлгээ хийдэг. Ингэж явсаар эцсийн шатандаа угсрагдаж, шинэ бүтээгдэхүүн болдог гэнэ. Энэ бүхнийг Э.Уянга бидэнд сайтар тайлбарлаж, хичээнгүйлэн ойлгуулсан юм.
Сайн ажилчин, инженерийг дотооддоо мэргэшүүлнэ үү гэхээс бэлтгэнэ гэдэг хэцүү. Энэ ажлыг тэд Caterpillar-ын мэргэжилтэн бэлтгэх курсээр дамжуулан хийсээр ирсэн. Мөн энд уул уурхайн хүнд машин, механизмын жолооч бэлтгэх сургалт бий. Мөн уул уурхайгаас гадна барилга, зам засварын ажилд зориулсан шинэ, хуучин, түрээсийн тоног төхөөрөмж, дагалдах шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж, Улаанбаатар хотод сэлбэгийн агуулах ажиллуулахын сацуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уул уурхайг түшиглэн хамгийн том сэлбэгийн агуулах, Ханбогд, Гурван тэс, Дорноговь аймгийн Замын-Үүд, Төв аймгийн Заамар суманд засварын цех байгуулж амжжээ. Мөн тэд сэргээн засах үйл ажиллагаа, аюулгүй байдлын үнэлгээгээр ТАВАН ОД-той. Энэ нь салбар компаниуд дундаасаа хамгийн өндөр үнэлгээтэй буюу ховорт тооцогдох амжилт гэдгийг онцлов.
Онцолж хэлэх нэг зүйл гэвэл, тус байгууллага тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хянах, шингэний шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторитой ажээ. Хүнээр яривал цусаар өгдөг эрт илрүүлгийн шинжилгээ юм. Харин тэд технизийн тосыг шинжилж, хэрэглэгч нартаа зөвлөгөө мэдээллээр хангаж ажилдаг нь гоё санагдсан.
Тэрбээр “Би энэ байгууллагын Аналитик багийг ахалдаг. Бид байгууллагынхаа харилцагч, харилцагчийн байгууллагын мэдээлэл зэрэг бүх төрийн датан дээр ажилладаг. Мөн байгууллагын ирээдүйн төсөөлөл, зорилго, боломжуудыг зураглаж, чиг баримжааг гаргадаг. Дата багийнхны цуглуулсан эдгээр мэдээлэл дээр тулгуурлаж, маркетингийн баг бас миний удирдлага дор ажилладаг. Манай компани CATERРILLAR хэмээх дэлхийн хамгийн том уул уурхайн үйлдвэрлэгч компанийн САТ гэдэг брэндийн тоног төхөөрөмжүүдийг Монгол улсад төлөөлдөг албан ёсны салбар л даа. Улсын төсвийн бараг 90 гаруй хувь нь уул уурхайн салбараас бүрддэг. Харин уул уурхайн салбарт тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгчийн үүргээрээ бид хамгийн том нь гэж ойлгож болно. BARLOWORLD гэх толгой компани маань Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг, Өмнөд Африкаас гаралтай, 120 жилийн түүхтэй. Гэхдээ манай компани 2020 оныг хүртэл Вагнер Ази нэртэйгээр, АНУ-ын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаагаа явуулж байсан. Эзэмшигч нь солигдсон болохоор нэр нь солигдсон гэж ойлгож болно. Бусдаар үйл ажиллагаа нь яг хэвэндээ байгаа гэсэн юм.
Э.Уянга нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. Төрөлх нутагтаа суралцаж төгсөөд, МУИС-д суралцаж байгаад Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, ОХУ-ын Москва хотноо Улс түмний найрамдлын сургуульд PR буюу Олон нийтийн харилцааны чиглэлээр зургаан жил суралцаад эх орондоо ирсэн чадварлаг боловсон хүчнүүдийн нэг юм. Тэр 2013 онд ОХУ-аас дөнгөж ирээд BSB service компанид Маркетингийн мэргэжилтнээр таван жил ажилласан байна. Түүний дараагаар буюу 2018 онд одоогийн газартаа ирж байжээ. Анх мөн л Маркетингийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн ч амжилт бүтээлийн сайнаараа ялгарч, хэлтсийн дарга болж чадсан хөдөлмөрч нэгэн. Бас тэр энэ онд салбар дундаа дэлхийн хэмжээний хамгийн шилдэг гүйцэтгэлтэй ажилтнаар шалгарсан байна. Уг шагнал нь тус компанийн хамгийн том захирлын нэрэмжит шагнал гэдгээрээ онцлог. “Өөрийгөө тус шагналд нэр дэвшсэн гэдгийг мэдээгүй явсан” гэдгийг тэр инээмсэглэн хэлээд цаашид улам их хичээж ажиллана гэж нүдээрээ хэлэх шиг болов.
Эндхийн ажилчид цагийн хуваарийн дагуу өдөрт нэг удаа хооллодог. Э.Уянгын хувьд энэ өдөр ажил багатай байсан бөгөөд үдээс хойш байгууллагаа төлөөлөн Монголын зам тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбооноос зохион байгуулж буй “Road Expo”-д оролцох чухал ажил байв. Түүнээс өмнө тэр ажлынхантайгаа өдрийн хоол идэж, чөлөөт цагаараа багийнхантайгаа ширээний хөлбөмбөг тоглож, хөгжөөнтэй байлаа. Үүний дараагаар түүний ажлын өрөөнд орж хэсэг ярилцсан юм.
-Энэ компанид ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?
Мэдээж энд ажиллахад өөрийгөө тал бүрээр хөгжүүлэх боломжтой байдаг. Үргэлж харилцагчидтай холбоотой байдаг учраас мэргэжил талдаа өөрийгөө 200 хувь хөгжүүлж, мэргэшиж байгаа. Бас компанийн зүгээс ажилчдадаа анхаарал тавьж, жижиг чадваруудыг нь ч гололгүй дэмжиж, хөгжүүлдэг нь сайхан. Мөн гадаадын ажилчид байдаг учир хүссэн хүсээгүй англи хэлний мэдлэгээ тэлж чаддаг. Бид нар чөлөөт цагаараа нэгэнтэйгээ англиар ярьж, хэлний мэдлэгээ тэлдэг. Анх энд ирэхдээ англи хэлний мэдлэг маань тааруу байсан бол одоо сайжирсан. Бүх албан хэрэг хөтлөлтүүд, гадагшаа явуулдаг тайлан, мэдээллүүд гээд л бүгд англи хэл шаарддаг учир энэ тал дээр өөрийгөө хөгжүүлж чаддаг.
-Ажлын цаг чинь эрт эхлээд эрт тардаг хуваарьтай юм байна. Энэ нь таны амьдралд эергээр нөлөөлдөг байх?
Яг тийм. Өглөө эрт түгжрэлээс өмнө ажилдаа ирчихнэ. Оройны түгжрэлээс өмнө гэртээ харьчихна. Үнэхээр үр дүнтэй цагийн менежмент л дээ. Үүнийгээ дагаад байгууллагын ажилчид маань ч гэр бүлдээ, өөртөө сурах, хувийн ажлаа амжуулах цаг завыг олж авч байгаа. Ихэнх нь л өөрийгөө хөгжүүлэх сургалт, иог, фитнест явдаг байх гэж би бодож байна. Бусад газрууд ч ийм болчихвол стресс бухимдал багасна. Манай байгууллага ажилчдадаа алдах, онох эрх чөлөөг нь олгодог, шахалт, дарамт үзүүлдэггүй учраас ажилчид нь хашир туршлагатай, илүү чадварлаг болж байгаа юм болов уу гэж би харж байгаа. Чөлөөтэй, ажилдаа дуртай байна гэдэг өөрөө маш том давуу тал. Магадгүй энэ нь гадаадын компанийн соёл орж ирсэнтэй холбоотой байх. Энэ соёлыг Монгол хүний зан чанар, сэтгэхүйн онцлогтой уялдуулж чадсан нь сайхан. Цаашлаад харилцагч компаниуддаа түгээж байгаа. Бас манай байгууллага хэнийг ч шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл, хүйсийн чиг хандлагаар нь ялгаварладаггүй. Манайд нийгмийн цөөнх гэж тооцогддог олон хүн миний адилаар хөдөлмөр эрхэлдэгт би сэтгэл хангалуун байдаг.
-Танай багийнхны өрөөнд ч тэр, таны өрөөнд ч тэр эмэгтэй хүнийг дүрсэлсэн бүтээлүүд байна л даа. Таны сонирхол уу, эсвэл зүгээр л тохижуулах үүднээс үү?
2014 оны үед байх аа. Би жирэмсэн болоод гэртээ байх шаардлага үүссэн юм. Тэгээд ном их уншдаг болохоор ном бичиж үзмээр санагдаад тухайн үед ховор байдаг байсан, эмэгтэй хүнд урам зориг өгөх ном бичсэн юм. Тухайн номонд дэлхийд алдартай эмэгтэйчүүдийн хүүхэд насны тухай, амьдралын замналынх нь тухай бусдад урам зориг өгөх сэдвүүдийг хөндсөн. Тэгээд эдгээр зургуудыг тухайн номондоо зориулж, зураач найзаараа зуруулсан юм л даа. Гэхдээ би номоо хэвлүүлж амжаагүй л явна. Сэтгэлийн мухарт хэвлүүлчих юм сан гэх хүсэл уяатай л яваа.
-Номондоо ямар нэр хайрласан бэ?
Анхандаа “Охидын ном” гэж нэр өгөх гэж байсан. Одоо ийм төрлийн ном олширсон учир өөр содон нэр төлөвлөж байгаа.
Түүний өрөөнд дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешкова, Мусульман эмэгтэйчүүдийн эрхийн төлөө зоригтойгоор тэмцэгч Малала Юсуфзай, бидний сайн мэдэх Харри Поттер бүтээлийн зохиолч Ж.К.Роулинг зэрэг алдартай эмэгтэйчүүдийн хөрөг байв. Номондоо зориулж, найзаараа зуруулсан олон хөргүүдээс цөөн нь түүний ажлын өрөөг чимж, бусад нь түүний удирддаг багийн өрөөнд бий.
Тус хөргүүдэд дүрслэгдсэн эмэгтэйчүүдийн хувьд бүгд л эрх чөлөө, энх тайвны төлөө тууштай тэмцэж, амьдралаа үлгэрлэж, хүйсийн тэгш байдлын төлөө амь насаа эрсдэлд оруулсан хүмүүс байлаа. Магадгүй түүний бичсэн ном хэвлэгдэж гарвал олон эмэгтэйчүүдэд урам зориг өгөх сайхан бүтээл болох нь гарцаагүй гэж бодлоо. Тэр бас эдгээр эмэгтэйчүүдээс урам авч, өнөөдрийн өөрийгөө бүтээсэн байх.
-Сая ном унших дуртай гэсэн. Ямар төрлийн ном уншдаг вэ?
Ихэвчлэн уран зохиолын ном уншдаг л даа. Гэхдээ сүүлийн үед ажлын онцлогоос хамаараад хувь хүний хөгжлийн ном их унших болсон. Өмнө нь удирдлагын түвшин ажилласан туршлагагүй учраас тэр талаараа өөрийгөө хөгжүүлэх ном их уншиж байгаа. Бас өөр байгууллага, түншүүдтэй байнгын харилцаанд орж, төрөл бүрийн хүмүүсийг нэг баг болгон зангидах хэрэгцээний улмаас хүссэн хүсээгүй хувь хүний хөгжлийн ном руу орсон.
-Таныг би ажилдаа үнэхээр дуртай гэж ойлголоо. Гэхдээ өөрийгөө тийм хүн болох байсан даа гэж бодож, харамсаж байв уу?
Хийж байгаа ажилдаа үнэхээр дуртай, хайртай. Харамсаж байгаагүй. Гэхдээ өөрийгөө хүүхдийн сэтгэл судлалаар сурах байж дээ, сурдаг ч юм билүү гэх бодол сүүлийн үед төрөх болсон. Яагаад гэвэл ээж болсны дараа хүүхэдтэй харьцах нь том хүнтэй харьцахаас хэцүү гэдгийг ухаарсан. Хүүхдийн сэтгэл зүй эрүүл том хүнийхээс илүү төвөгтэй юм байна лээ. Ер нь улс орноо хөгжүүлье л гэж бодож байвал хүүхдийн сэтгэл зүйн асуудалд хүчээ хаях хэрэгтэй гэж боддог. Багаас нь сэтгэл зүйг нь эрүүл байлгаж, зөв хүн болоход нь тусалбал ирээдүйн бие хүн болоход нь санаа зовох зүйлгүй юм байна гэдгийг л би хамгийн сайн ойлгоод байгаа. Энэ бүхэн эцэг эхчүүдээс шууд хамааралтай л даа. Би хүүхдэдээ зөв үлгэр үзүүлж, эерэг хандвал миний хүүхэд сургууль дээрээ очоод найзуудтайгаа тэгж харьцана. Тэр найзууд нь цаашлаад бусдад эерэг хандаад, нэг үгээр эерэг хандлага, зөв сэтгэл зүйг түгээх ийм амархан санагдсан.
-Том шагнал хүртсэн байна. Яагаад өөрт тань энэ шагнал ирсэн гэж бодож байгаа вэ?
Компанийн хамгийн том захирал нь дэлхий даяар бүх салбаруудаараа тойрон аялал хийдэг юм байна лээ. Манайх ч байнга л арга хэмжээ зохион байгуулдаг. Тэр том захирлыг ирэх үед бид нар нэг арга хэмжээ зохион байгуулж таарсан юм. Тэр нь магадгүй нөлөөлөх нэг үндэслэл болсон байх. Мэдээж би ганцаараа хийгээгүй, баг хамт олноороо л зүтгэж байж энэ гавьяаг хүртсэн. Мөн манайх хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг гуравдагч байгууллагаар хийлгэдэг. Тэрхүү үнэлгээгээр манайх дэлхийд хамгийн өндөр оноотой байгаа. Бас эрсдэл, эндэгдэлгүй ажилласан хүн цаг хэлдэг юм, тэрүүгээрээ бид бас өндөр үнэлгээтэй явж байгаа. Эдгээр оноог цуглуулж үр дүнтэй ажиллахын тулд маш олон шинэчлэлтийг хийж, хүн бүр дор бүрнээ хичээж ажилласан. Бас манай баг харилцагч нар дээрээ очиж тоног төхөөрөмжүүдийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, өрсөлдөгч байгууллагын төхөөрөмжтэй харьцуулсан судалгаа хийж харуулдаг. Хэдийгээр зарж, борлуулаад 100 хувь тухайн хэрэглэгчийн мэдэлд шилжсэн ч бид сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлж, цаашид түншлэх итгэлийг нь хангах зорилгоор уг ажлыг хийдэг. Гэхдээ мэдээж олон нийтэд цацдаггүй, харин дээр байгаа том байгууллага руугаа илгээж, тэд ч бидний харьцуулсан судалгааг үйл ажиллагаагаа тэлж, шинэ түншлэлдээ ашигладаг.
-Тэгэхээр амжилттай яваа хүн өөрийгөө амжилттай яваагаа мэддэггүй байх. Тийм үү?
Тийм. Нөгөө талдаа хүн нэг ажилдаа нарийн мэргэшээд ирэхээр ажилдаа дуртай болж эхэлдэг юм шиг байна лээ. Жишээ нь багадаа нисгэгч болохыг хүсдэг байж л дээ. Тэгээд аав ээжийнхээ шахалтаар эмч болчхож. Гэвч нэг удаа хүний амь авраад, талархлыг үг сонсоод үнэхээр л сайхныг мэдрээд, ажилдаа дурласан хүн байна. Үүнтэй л адилхан зүйл. Бас хүн гэдэг даваа, шалгуурыг давах тусмаа улам их шалгууртай тулгарахыг хүсэж, үүнийгээ дагаад амжилт үзүүлж эхэлдэг ч юм шиг.
-Маркетингаар суралцах гэж байгаа залууст та ямар зөвлөгөө хүргэмээр байна?
Хүмүүс маркетингийг зар сурталчилгаагаар төсөөлөөд байдаг. Гэхдээ энэ нь асар том цараатай зүйл л дээ. Энгийнээр хэлэхэд харилцагч, бүтээгдэхүүн нийлүүлэгч хоёрын эерэг, өгөө аваатай харилцааг л зохицуулж байгаа зүйл. Энэ чиглэлд сурах гэж байгаа залууст хэлэхэд, байнга онолоо битгий үзээрэй. Олон талын мэдлэгээр өөрийгөө цэнэглэж байгаарай. Энэ салбарт ажиллаж байгаа хүн нэг газраа зогсож болохгүй, байнга тренд дагаж, цаг үеэ мэдэрч, торгон мэдрэмжтэй байх ёстой шүү. Ирээдүйг зөв төлөвлөж, одоог ойлгож, хуучнаа судалж, эдгээрийг хослуулж байж төгс зүйлд хүрнэ шүү л гэж хэлмээр байна.
-Энэ байгууллагыг машин гэж төсөөлцгөөе. Тэгвэл танай багийнхан, та бүхний үйл ажиллагаа тухайн машины юу нь гэж хэлэх вэ?
-Дугуй, хөдөлгүүр гэчихээр болохгүй. Үнэндээ бүх зүйл нь л юм байна. Тухайн машины эд анги, бат бөх чанар, хурд, хянах самбар гээд л бүр зүйлд нь бидний хичээл зүтгэл, үйл ажиллагаа шингэдэг учраас бүх зүйл нь л гэж хэлмээр байна.
-Удирдагч хүний сэтгэл зүй хамгийн эрүүл байх ёстой гэж би боддог л доо. Таны хувьд үүнийг хангахын тулд ямар зарчим баримталж байна?
-Хүн өөрийн үнэ цэнээ тодорхойлчихсон байхад гаргах шийдвэр нь ойлгомжтой гэж би боддог. Хүн өдөрт ойролцоогоор 20 мянган шийдвэр гаргадаг юм гэнэ лээ. Өглөө сэрэх үү, унтах уу гэдэг сонголтоос эхлээд олон шийдвэрүүдийг гаргадаг байх нь. Тухайн шийдвэрүүдийн ихэнх нь бидний өөрийн мэдэлгүй хийдэг дадал зуршлаас бүрддэг юм байна лээ. Тэгэхээр хүн өөрийн амьдралдаа зөв дадлуудыг хэвшүүлэх хэрэгтэй. Зөв дадал гэхээр л өглөө эрт босох, гүйх, дасгал хийх гэж ойлгодог. Энэ нь зөв. Гэхдээ хамгийн чухал нь сэтгэл зүйн хувьд зөв дадалтай байх явдал. Бухимдалтай өнөөгийн нийгэмд энэ дадлын хүчийг л эзэмшчихвэл болно гэж ойлгодог.
-Олон нийтийн дунд дарга гэхээр л эрэгтэй хүн байх ёстой гэсэн ойлголттой үүсчихсэн байна. Энэ талаар та өөрийн бодлоо хэлэхгүй юу?
-Би энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг. Ээж нар гэрийн хамаг зүйлийг л зохицуулчихдаг шүү дээ. Манай улсад эхийн эрхт ёс жаахан давамгай гээд хэлчихвэл гайгүй байх аа. Хэдийгээр тэр аав байгууллага дээрээ дарга байж болох ч гэртээ ирээд гэрээ даргалж чадахгүйтэй л адил. Миний хэлэх гэсэн санаа бол эмэгтэй хүн эрчүүдийг бодвол байгууллагынхаа эд эс бүхэнд, нарийн асуудлуудад санаа зовниж чаддаг юм шиг ээ. Үнэхээр эмэгтэй хүний удирдаж байгаа байгууллага амжилтгүй явна гэж байдаггүй юм байна лээ. Тэгэхээр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү нарийн мэдрэмжтэй, нарийн асуудлуудыг харж, байгууллагынхаа эд эс бүхэнд хүрч ажиллаж чаддаг гэж би боддог.
-Хэрэв танд гэртээ хүүхдээ хараад л суух амьдралын хэв маяг ногдсон бол яах вэ?
-Миний найзууд дунд ч ийм амьдралын хэвшилтэй хүмүүс бий. Гэхдээ өөрийгөө хөгжүүлээд, шинэ зүйл эрэлхийлээд байдаг юм байна лээ. Миний хувьд огт зүгээр сууж чаддаггүй хүн. Ямар сайндаа л жирэмсэн байх хугацаандаа ном бичих вэ дээ. Нэг үгээр галзуурах байсан байх аа.
Ийнхүү ярилцсаны дараа тэр өнөөдрийн хамгийн том ажил болох “Road Expo”-д байгууллагаа төлөөлж, сурталчлан таниулахаар явсан юм. Түүний ажилд саад хийхийг хүсээгүй учир тэнд удаан суулгүй сурвалжилгаа өндөрлүүлсэн билээ.
Манай улсын хувьд үнийн өсөлт, агаарын бохирдол, хотжилтын ачаалал, замын түгжрэл зэрэг олон шалтгаануудаас болоод нийгэм дэх иргэдийн сэтгэл зүй ажлын бүтээмж багассан гэж хэлж болно. Гэвч тэд бүхэн дундаас торойх олны илтэс шиг нэгэн байгууллага буй. Тэрхүү байгууллага дотор одны гялбаа шиг гийх нэгэн бүсгүй суудаг. Тэр бол Э.Уянга юм. Ажилдаа дуртай, амжилтандаа даруухан, хийснээ дөвийлгөдөггүй, хээгүй яриатай энэ бүсгүй нийслэл хотод буй цөөхөн, золбоолог, өөдрөг хүмүүсийн нэг. Түүнийг ийм байхад байгууллагынх нь нөлөө асар их байсан нь мэдээж. Биднийг өглөө түгжрээд явж байхад тэр ажилдаа ирчихсэн эрч хүчтэй суудаг. Харин бидний орой ажлаа тараад түгжрээд явж байхад тэр гэртээ харьчихсан хайртай хүмүүстэйгээ хамт хооллож, хөгжилдөж байдаг. Атаархмаар амьдралын хэв маяг гэж энийг л хэлнэ.
Сурвалжилгын төгсгөлд, дээр суугаа дээдсүүдээ
Зөв зохион байгуулалттайгаар, цагийн менежмент хэрэгжүүлж, биднийгээ энэ байгууллагын ажилчид шиг болгож өгөөч ээ гэж хүсье. Тал нь эрт ажилдаа ирээд эрт буцдаг, тал нь 09:00-18:00 цагийг баримталбал ядаж л түгжрэлгүй гэртээ харьж, хайртай бүхэндээ эрүүл сэтгэл зүйгээр хандаж чадна шүү дээ. Үүнийг дагаад гэр бүл салалт, хүүхэд өнчрөлийн асуудлыг ч давхар шийдэж болохоор санагдлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)