Хоёр сарын өмнө ажлын газрынхаа үүдэнд их сургуулийн найзтайгаа таарсан юм. Тэр өөрийгөө “мөрөөдлийнхөө ажлыг хийж байгаа” гэж инээмсэглэн хэлээд утасны дугаар, фейсбүүк хаягаа үлдээгээд салцгаасан. Бидний үеийнхэнд улс орноо авч явах, тордох үнэт цаг хугацаа өвлөгдөн иржээ. Саяхан л санагдах авч 2018 он алс тэртээд, их сургуулиа төгсөөд амьдралын зам зөрсөн ч уулзах ёстой хүмүүс уулздагийн учигаар бид таарсан байж. Булангийн маань өнөөдрийн дугаарт бусдын мөрөөдлийг биелүүлж, зөв зүгийг зааж буй оюутан насны минь найз О.Уртнасан хэмээх залуухан мөрөөдөгч оролцож байна.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн уугуул. Мөрөнгийн ус намуухан урсдаг, хүн зон нь холгүйхэн нутаглана. МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэж, нийслэлийн 48 дугаар сургуульд 2020 оныг хүртэл багшилжээ. Багшлахынхаа зэрэгцээ хүргэлтийн ажил хийж, цагийн багшаар давхар ажилладаг байж. Оюутан байхаасаа л нийгмийн идэвхтэй байсан тэрбээр олон ч газар төсөл, сайн дурын ажилд оролцож, ямар ч цалин авдаггүй, харин туршлага хуримтлуулж ирсэн нь өнөөдрийн түүнийг бүтээсэн гэж би дүгнэсэн. Шаргуу, тэвчээртэй байх нь амжилтын түлхүүр биш, хичээнгүй бас хэвийнээр урагшилж чаддаг хүн л амжилтад хүрдэг байх. Ямартай ч тэр өнөөдөр мөрөөдлийнхөө ажлыг эхлүүлчихсэн. Түүний байгуулсан “Dream Fulfiller” академи 2020 оны зун, долдугаар сарын 05-нд долоон гишүүнтэйгээр дэлхий нийтийг хамарсан аймшигт цар тахлын давлагаанд цохигдон эхэлжээ. Хязгааргүй, уудам тэнгисийн шуургыг төсөөлцгөөе. Тэнд загасчны бяцхан завь, зөвхөн тэсэхийн төлөө байх нь түүний эхлүүлсэн энэхүү сургалтын төвийн ажил. Тэр үед бизнес эхлэх нь битгий хэл хэрхэн хоолтойгоо хонох асуудал толгойн өвчин байв. Гэвч тэр эхлүүлж чаджээ. Энэ бүх цаг үед түүний дэргэд зогсож, хамгийн сайн туслагч нь байсан хүн бол түүний найз бүсгүй.
Сурвалжилгаа бид өглөөгүүр эхэлж, бидний нэрлэж заншсанаар НАТУР-ын зүг явцгаасан нь “Lingors” хэмээх англи хэлний цахим сургалтын төвтэй гэрээ байгуулах ажил байв. Тус байгууллагатай гэрээ байгуулсан явдалдаа О.Уртнасан сэтгэл хангалуун байлаа. Энэ мэтчилэн олон газартай хамтран ажиллах гэрээ байгуулж чадсан нь түүний овсгоотой, сэргэлэн зан чанарынх. Тийм дээ ч түүний мөрөөдлийн ажил бүтэмжтэй яваа биз.
“Dream Fulfiller” буюу “Мөрөөдөл биелүүлэгч одод” хэмээх нэрийг сар гаруй хугацаанд бодог байж олсон тухайгаа тэр ярив. Яагаад энэ нэрийг өгөх болсон тухай нь асуухад “Бусдын мөрөөдлийг биелүүлнэ гэдэг миний мөрөөдөл байсан болохоор тэр” гэж хариулсан юм. Хүмүүсийн ихэнх нь л ямарваа нэгэн ажил мэргэжил эзэмшиж, баян хүн болохыг л мөрөөдлөө гэж хэлдэг. Гэвч амьдралдаа анх удаа л энгийн бус мөрөөдөл сонссон минь энэ байлаа. Яагаад тэр УИХ-ын гишүүн, саятан, эмч, жолооч, дэлгүүрийн, эсвэл хоолны газрын эзэн болохыг хүсээгүй юм бол.
Цаг үе хувьсан өөрчлөгдөж, цар тахлын балгаар үнийн өсөлт, эдийн засгийн уналт бидний амьдралыг хөмөрлөө. Үүнийг дагаад угаас олиггүй байсан олон нийтийн санаа бодол, уг чанар улам бүр муудсан гэж хэлэх нь гадуур холхих хүмүүс дунд олон. Энэ цаг үед бидний дундаас хил давж, амин хувиа хичээхийг хүсээгүй цөөхөн гэрлүүдийн нэг нь тэр л юм даа гэж өөрийн эрхгүй бодов. Тэр зүгээр л бусдын мөрөөдлийг биелүүлэхээр энэ орчлонд ирсэн. Ирсэн хэргээ ч гүйцэлдүүлж яваа энгийн нэгэн.
Энгийн амьдарна гэдэг амиа бодохын нэр
Тэднийх одоогоор 20 гаруй Монгол, таван гадаад багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. Анх эхэлснээ бодоход АХИАД л байна гэж хэлэхдээ тэр инээмсэглэсний учир маш энгийн. Амжилт гэдэг их, багадаа биш. Амталж байгаа цэнгэл, урам зориг, амьсгалж буй дүүлэхэд хүргэх эрх чөлөөний үнэрт байдаг гэж би боддог. Тийм ч учир түүний инээмсэглэл дүр биш, жирийн мэдрэмж нь гэдгийг уншиж чадсан юм.
Байгууллагын дотоод журам гэж энд байхгүй бололтой. Зүгээр л “мөрөөдөл” гэдэг үгийг ойлгуулах дамжаа ч юм шиг санагдана.
Анхандаа Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын шугамаар үйл ажиллагаагаа эхэлсэн ч өнөөдөр академи болтлоо өргөжин тэлсэн энэ газар 3000 орчим гишүүдтэй. Гишүүнчлэлийн алт, мөнгө, хүрэл карттай. Одоогоор 100 гаруй сурагч, оюутан залуус уг байгууллагаар үйлчлүүлж, мөрөөдлөө биелүүлэх эхний шатаа алхаж яваа аж. Монголын боловсролын салбарт шинэчлэлт авчирч, сургалтын төвүүдийг эгнээндээ нэгтгэж, шилдэг мэргэжилтнүүдээр хүч зузаатгасан Монголын хамгийн том ЕБС болон Их сургуулийг байгуулах нь энэ хамт олны алсын хараа нь гэнэ. Одоогоор дотоодын төрийн бус байгууллагууд, боловсролын төв, хувийн болон улсын олон арван сургуулиудтай хамтран ажиллахын сацуу АНУ-ын 50, БНХАУ-ын 20 гаруй сургуультай хамтарч, хүүхэд залуусыг зуучилдаг байна. Цаашид улам тэлж, Япон, Солонгос, Их Британи, Австрали зэрэг улсуудад зуучлахаар зорилт тавьсан тухайгаа ярив. Мөн тэд өнгөрсөн хугацаанд 100 гаруй хүүхэд, залуусыг тэтгэлэгт хамруулан, гадаадад сургаад байгаа гэнэ. Энэ тоо цаашдын таван жилд нэмэгдэж, 1000 болох нь тэдний зорилгуудын нэг. Бас 5000 гишүүнтэй болохоор
ажиллаж байгаа.
Сайшаах зүйлс энд олон байлаа. Оюутан цагийн найзаараа бахархахаас гадна зөв шатлалтай, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж буйг нь шагнамаар санагдав. Ямар ч газар хэл сурахаар ороход хамгийн эхлээд түвшин тогтоох шалгалт өгөх нь мэдээж. Түүний дараагаар зохих түвшингээс эхлэн хэлийг сурна.
Гэвч энд ондоо. Та суралцаж, гадаадын их сургуульд зуучлуулахаар ирсэн л бол тэд танд хамгийн түрүүнд хувь хүний хөгжлийн хичээл орно. Магадгүй хэн нэгний шахалт, хүслээр яваа бол тэд олоод л мэдчихнэ. Хэл сурч, мэдлэгээ тэлэхийн хамгийн чухал нь “суралцах хүсэл, эрмэлзэлтэй байх явдал” гэж нэгэн танил минь хэлж билээ. Энэ зөвлөгөө ч амьдралд минь хэрэг болсон удаатай. Тэгвэл тэд таны сурах эрмэлзлийг нэмэгдүүлж чадах шат дараалалтай сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлдэг аж. Хүсэл нь бадарсан хүн хаа хүрэх нь мэдээж шүү дээ. Тэдний бусад газраас ялгарах онцлог гэвэл энэ. Багш нар нь найрсаг. Зөвхөн Англи хэл гэлтгүй Япон, Солонгос, Хятад, Герман, Орос гээд олон хэлнээс сонгон суралцах боломжтой.
Дээрх гэрээг байгуулах нь түүний энэ өдрийн хамгийн чухал ажил байв. Эргээд бид номын дэлгүүр хэсэж, хотын төвд хоол идсэн юм. Түүний дараагаар муурнуудыг нь хооллохоор гэрт нь очив. Энэ бүгдийг амжуулахдаа замын түгжрэл, замбуулингийн их чимээнээс огтхон ч төвөгшөөлгүй, нэгэн хэмээр ажлаа амжуулан яваа нь сайхан. Манай нийгэмд олон нийт ямар их бухимдал тээж яваа билээ дээ. Нэг нь ч болтугай ингэж гэрэлтэж явбал найдвар буй хэрэг.
Тэр хоёр цагаан мууртай. Эрийг нь Ханхүү, эмийг нь Цасхан гэдэг. Өхөөрдөм тэд эзнээ хараад бөөн баяртайгаар угтав. “Амьтан хайрлаж мэддэггүй хүн бусдыгаа хайрлах нь юу л бол” гэж тэр хэлэв. Үнэн шүү. Амьтад хүмүүсийг ялгаварлан гадуурхаагүй байхад хүмүүс амьтдыг ялгаварлах нь тэнэг хэрэг гэж би боддог. Бүгд л хайр мэдрэх гэж хорвоод ирсэн байж таараа. Охин муур сониуч, эр муур хэнэггүй. Бяцхан, үслэг амьтдыг дурандаа буулгаад амжсан билээ.
Эдгээр ажлыг амжуулах зууртаа бид олон ч зүйлийн тухай үг сольсон юм. Тэр бүхнээс голчлон түүж, дор бичив.
-Өөрөө удирдагч уу, эсвэл босс уу?
Би өөрийгөө удирдагч гэж дүгнэнэ. Учир нь бусдыгаа манлайлж, үлгэрлэж, хамтдаа урагшлах нь миний зарчим. Хэрвээ би босс байсан бол мөрөөдлийн ажил маань өдий зэрэгтэй явахгүй байсан. Ерөнхийдөө бидний үеийн залуусын улс орондоо нэмэр болох цаг ирсэн байна. Хуучин, захиргаадалтын үед босс сэтгэхүй давамгай байсан байх. Харин одоогийн залуусын зарчим удирдагч буюу хамт олноо хөтлөн урагшлах л гэж би хардаг.
-Хэцүү цаг үед ажлаа эхэлжээ. Олон ч саад байсан биз?
Тийм шүү. Анх долуулаа эхэлж байлаа. Одоо олуулаа болсон байна. Бүгд л хөл хорионд орж, цахимаар суралцах гарц нээгдсэн нь бидний боломж байсан байх. Эцсийн зорилгодоо хүртэлх бүх хугацаа минь хэцүү үе байна гэж би боддог. Надад энэ ажлыг эхлүүлснээс хойш амарсан нэг ч болов өдөр байхгүй дээ. Үргэлж л шинэ гарц хайж, ажилдаа санаа зовж явдаг болохоор. Одоо хавар ч ирж, алжаах янзтай.
-Тэрхүү хэцүү цаг үед энэ ажлыг эхлүүлсэн тань бас зориг шүү?
Ер нь зориг гэдэг хүний амьдралдаа байлгах хамгийн чухал үнэт чанар юм билээ. Зориглоогүй бол би өдийд багшийн ажлаа хийгээд, шат ахиагүй явах байсан даа. Бас дан ганц зоригоор алдах зүйл олон. Хажуугаар нь мэргэн ухааныг хослуулж байж энэ бүхэн боссон гэж би боддог. "Зоригтой хүн тэнэг" гэдэг үг байдаг шүү дээ.
-Тэгэхээр мэргэн ухаан тань олон жилийн төлөвлөгөө байж дээ янз нь?
Яг тийм. 2014 онд нэгдүгээр курсийн оюутан байлаа. Тэр цаг үеэс л өөрийгөө тал бүрээр хөгжүүлж ирсэн байна. Харин энэхүү ажлыг эхлүүлэх, мөрөөдлөө баттай болгосон минь гуравдугаар курсээс эхлэлтэй. Энд тэндхийн сургалтад хамрагдаж, сайн дурын ажил эрхэлж, судалгааг ч чамгүй их хийсэн. Ингээд бодохоор яах аргагүй л би мэргэн ухааны хэлтэрхийг өөрөөсөө олсон байж.
-Мөрөөдөгч хүний зовлон юу вэ?
Зовлон гэвэл миний хувьд урам хугаралт л юм даа. Өнөөдөр манайх 3000 гаруй гишүүдтэй. Гэвч тэднээс идэвхтэй байдаг нь цөөхөн. Би тэднийгээ үйл ажиллагаанд хамрагдаж, хамтдаа ахиж, хөгжиж яваасай л гэж хүсдэг. Гэвч тэгэхгүй байгаад нь урам хугардаг даа. Энэ академийг барилга гэж төсөөлбөл би суурь нь, харин тэд тоосго, цемент нь байх учиртай. Гэвч зарим нь үгүй болчихвол барилга гүйцэт баригдахгүй удна шүү дээ. Энэ л миний хамгийн том зовлон.
-Хүн бүрийг нэгэн хэвийн тоосго байлгах дэмий биш үү. Хүмүүс ярьдаг шүү дээ?
Тийм л дээ. Гэхдээ бид нэг зүйлийн төлөө л зүтгэж байгаа болохоор нэгэн хэвийн байх учиртай. Магадгүй зарим хүмүүс блок, хавтан байж болно л доо. Гэхдээ тэд өөрсдийн хэрэгтэй, байх ёстой газраа л байх ёстой гэж би бодож байна. Блокоор баригдах барилга гэж тусдаа байгаа гэж хэлэх гэсэн юм.
-Сайхан хариуллаа. Тэгвэл мөрөөдөгч таны хамгийн жаргалтай агшин хаана байх бол?
Ажил маань бүтэж байгааг мэдрэх бүртээ би дэлхийн хамгийн жаргалтай хүн болдог. Амьдралд яарсангүй, гэхдээ эхлүүлсэн ажлаа босож, сүндэрлэж буйг харах бүрд тэрнээс цаадхыг төсөөлөх минь хамгийн сайхан мөч. Би баян амьдралд шунаагүй ээ. Хамгийн гол нь би дуртай зүйлээ хийж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бусдыг мөрөөдлийг биелүүлж яваадаа л жаргаж чадна. Хүний амьтдаас ялгарах онцлог нь мөрөөдөл шүү дээ. Амьтад ч ялгаагүй ухаантай, сэтгэл зүрхтэй. Мөрөөдөл л биднийг амьтдаас ялгана.
Бүхнийг амжуулчхаад ажлынх нь үүдэнд дайнаас зугтаж, манай улсыг зорин ирсэн Орос найзтай нь таарав. Түүнийг Юрий Николаевич Чернов гэдэг. Монгол хэлийг идэвхийлэн сурч яваа мундаг эр гэдгийг нь дааж авсан багш нь магтан ярьсан юм. Тэд зургаа даруулаад салцгаав. Учир нь Юрий нисэхэд ажилдаг бөгөөд тун завгүй хүн аж.
Буцаж ирээд ажлынхаа газрын үүдээр орохдоо тэр “Юу ч хийж амжаагүй байхад л өдөр өнгөрчих юм даа” гэж үглэх нь сонстов. Гэвч дагаж яваа миний хувьд их л ажил амжуулсан шиг бодогдож байлаа. Арга ч үгүй биз, энэ түүний хамгийн чөлөө завтай өдөр нь байсан гэж тэр сүүлд хэлсэн юм. Энэ өдөр тэр тухтай хором ч суусангүй, гэхдээ л уцаарлаж, ядарснаа үг, үйлдлээр илэрхийлсэнгүй.
Инээлдэн шуугих хүүхдүүд дундаа орж, “хичээлээ сайн хийгээд мөрөөдлөө биелүүлнэ шүү” гэж тэднийг зоригжуулав. Учир нь зориггүйгээр бүхнийг хийх боломжгүй гэж тэр боддог. Бас хэт их зориг тэнэглэл байдаг учир хажуугаар нь багахан ухаан зарахгүй бол алдах зүйл их гэж үздэг. Ярьсан бүхэнтэй нь санал нийлж болмоор санагдсан шүү.
Энэ хүрээд бидний сурвалжилга өндөрлөж байна. Энэ удаагийн зочин маань тайвнаар урагшилж, мөрөөдлөө биелүүлж яваа энгийн нэгэн байлаа. Галыг унтраахад галын хор байхад л хангалттай. Харин хүний сэтгэлд буй хүсэл тэмүүллийн галыг нэгэнт авалзсан л бол юугаар ч унтраах боломжгүй юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)