Мөнгөн зээлийг үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Тус хуулийн талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодрууллаа.
Тэрбээр "Зээлийн үйл ажиллагаа явуулдаг тодорхой этгээдүүд бий. Тухайлбал, банк, банк бус санхүү, ломбард, зээлийн үйл ажиллагаа явуулдаг иргэд байна. Эдгээрийг зохицуулах шаардлага үүссэн. Тиймээс энэ хууль батлагдсан. Ингэснээр ломбард болон тогтмол зээлийн үйлчилгээ явуулж буй иргэд бүртгүүлж үйл ажиллагаа явуулна. Нөгөө талдаа хэрэглэгчдийн эрх ашиг яригдана. Иргэд ломбардад эд зүйлсээ тавиад өндөр хүү тавигддаг, зөрүү мөнгийг нь олгодоггүй зэрэг олон асуудлууд бий. Энэ асуудлуудад цэг тавигдана. Бизнес явж буй учир татвараа төлөх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн гол хэрэглэгч нь жижиг бизнес эрхлэгч, хэрэглээний зээлүүд байдаг. Хэрэглээний зээлд улс орнууд хүүгийн дээд хэмжээ тогтоож өгдөг. Харин бид нар хуульд хүүгийн дээд хязгаарыг тогтоогоогүй.
Дээд хэмжээг Монголбанк болон санхүүгийн зохицуулах хорооноос тогтооно. Хэрэглээний зээлд хүүгийн дээд хэмжээг тогтоодог улс орнуудыг туршлагыг судалсан. Мөн барьцаанд тавьсан зүйлсийн аюулгүй байдлыг хангах үүднээс уг хууль мөрдөгдөнө.
Хоёр болон түүнээс дээш салбар байгуулах, эргэлтийн хөрөнгө 250 сая төгрөгөө дээшээ байх юм бол Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ. Бусад тухайн орон нутагтаа үйл ажиллагаа явуулах хэсгүүд аймаг нийслэлийн эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлээд, үйл ажиллагаа явуулах боломжтой" гэв.
Д.Батчулуун