Биеийн тамир, спортын улсын хороог Соёлын яаманд нэгтгэх тухай яриа саяханаас гарлаа. Тэр бүү хэл Намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх гэнэ. Соёлын яаманд биеийн тамир, спортын салбарыг өмнө нь нэгтгэж байсан үе бий л дээ. Гэвч бүтэлтэй юм болоогүй санаж буй биз. Монголын спортын салбарын талцал хуваагдал чухамдаа соёлын яаманд шилжсэн үеэс эхэлсэн гэдэг. Биеийн тамир, спортын салбар маань эргэн аль нэг яамны мэдэлд очвол манай шигшээ багийнхны бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаанд оролцох зардлын хэмжээ буурч, эргээд хоцрогдмол үетэйгээ нүүр тулах биш байгаа. Энэ сайн зүйл биш.
Биеийн тамир, спортын газрыг аль нэг яамны харъяаллаас гарган шууд Ерөнхий сайдын мэдлийн агентлаг болгосон нь саяхан. Энэ байгууллага Биеийн тамир, спортын улсын хороо болсны дараа тус салбарт гарсан өөрчлөлт их. Тухайлбал, Монгол Улсын нийт 330 суманд энэхүү асуудлыг хариуцсан орон тооны арга зүйчийг ажиллуулахаар болж, цалинг нь төсвөөс шат дараатай гаргахаар болсон нь бодит ажил гэж дүгнэдэг.
Тэр үнэн. Үүнээс гадна зарим спортын төрлийг хөгжүүлэхэд төрийн гүйцэтгэж байсан чиг үүргийг тухайн спортын холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлж, бие даасан байдлыг нь бүрдүүлсэн нь бодитой ажил болсон. Бас манай шигшээ багийнхны олимп, паралимпад үзүүлсэн бахдам амжилт байна. Энэ бүхэн манай биеийн тамир, спортын хамгийн том байгууллага босоо удирдлагатай болсны ач тус билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (7)