Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Дэлгэрсайхан, дэлхийд хүн ам, эдийн засгийн үзүүлэлтээр дээгүүрт жагсдаг БНЭУ манай улсад уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллаж ирсэнд талархаад, хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, ялангуяа зам тээврийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд боломж нээлттэйг тодотгов. Тэрбээр, БНЭУ-д салбарын яам, төмөр зам, агаарын тээвэр, авто замын салбарын алба хаагч залуусаа англи хэл, IT технологи, мэргэжлийн дагуух мэргэшүүлэх, чадавхжуулах богино хугацааны сургалтад хамруулах хүсэлтээ илэрхийлжээ.
Монгол, Энэтхэгийн хооронд коксжсон нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох, нүүрсний туршилтын тээвэр хийхийг ажил хэрэг болгоход анхаарах талаар санал солилцлоо.
Элчин сайд Атул Малхари Готсурве, “Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах болно” гэсэн юм.
Монгол, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо. Ойг угтаж, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцож, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх тухай ярилцлаа.
Энэтхэг улсаас газрын тос, мэдээлэл технологи зэрэг салбарт ажиллах мэргэжилтэн олноор ирдэг бол Монголоос Энэтхэг улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авах, шашин соёлын үйл ажиллагаанд оролцох, аялах зорилгоор зорчдог байна. Хоёр улсын хооронд шууд нислэгтэй болвол иргэд харилцан зорчих, аялал жуулчлал хөгжих, олон чиглэлд шууд харилцах боломж бүрдэхийг ЗТЯ мэдээлжээ.