Хэдхэн хоногийн өмнө зуны олимпын XXXII-р наадам Япон улсын Токио хотод амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тэгвэл тус арга хэмжээнд эмэгтэйчүүдийн усан дахь уран сайхны гимнастикийн төрөлд шагналт байранд шалгарсан баг тамирчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр хүрэл медаль хүртсэн Украины хос Марта Фиедина болон Анастасия Савчук нарыг ОХУ-ын тамирчид хэмээн зарлажээ.
Тус олимпын үеэр шагнал гардуулахдаа эхлээд эзэн орны хэл болох Япон хэлээр дараа нь дэлхий нийтийн хэл болох Англи хэлээр сүүлд нь олон улсын олимпын хорооны үндсэн хэл болох Франц хэлээр зарласан байна. Харин Франц хэлний орчуулагч нь тус хариуцлагагүй үйлдлийг гаргасан байна.
Энэхүү үйл явдал нь энгийн нэг алдаа хэдий ч ОХУ болон Украин улсууд нь хоорондоо улс төрийн болон хилийн маргаантай байгаагаас гадна ЗХУ задарснаас хойш бие биенийгээ үзэхээ больсон билээ. Ийм тул улс үндэстнүүдийн хоорондоо өрсөлдөж эх орноо дэлхий дахинд сурталчилдаг олимпын наадамд өөр улсын нэрээр зарлагдах нь тамирчдад болон Украин улсын ард иргэдэд таалагдаагүй нь мэдээж.
Тус үйл явдлын дараа зохион байгуулалтын багаас хандаж “Энэ бол 100% бидний тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагаан дээр гаргасан алдаа” хэмээн хэлж Украины шигшээ багаас уучлал хүссэн.
Мөн ОХУ-ын телевиз олимпын нээлтийн үйл ажиллагааны үеэр Украин улсын баг тамирчдыг цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэн орох үед тус улсын тул далбаа, тамирчдыг гаргахгүйн тулд зар сурталчилгаа гаргаж тэднийг явж өнгөрсний дараа эргэн шууд дамжуулалтаа үргэлжлүүлсэн нь тус улсуудын хоорондын зөрчлийг харуулж байна. Үүнээс гадна ОХУ болон Украины хөлбөмбөгийн шигшээ багууд болон клубууд 2014 оноос хойш бие биетэйгээ тоглохоос татгалзсаар байна. Гэсэн хэдий ч энэхүү олимпын наадамд тус орны тамирчид эв нэгдэлтэйгээр хамт өрсөлдлөө.
Ташрамд дурдахад эндүүрэл гарсан шагнал гардуулах ёслолын үеэр ОХУ-ын хос Светлана Ромашина болон Светлано Колесниченко нар алтан медалийн тавцан дээр зогсож байсан нь орчуулагчийг төөрөгдүүлж орхижээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)