ХОЁРДУГААР САР
Хэзээ ч дуусашгүй мэт ундарч байдаг эрч хүч, юугаар ч үгүйсгэгдэшгүй урам зориг минь түүнтэй хамт эргэн ирсэн юм. Группийнхэн тэр аяараа миний эсрэг баримт материал цуглуулах ажилд хүчин чармайлт гаргаж, өглөө бүрийн хурал дээр намайг муугийн жишээгээр дурсаж, хүн бүр жишин зэвүүцэж, чичлэн муучилж байгаа талаар дүү бүсгүй өдөр бүр шуурхай мэдээлж байлаа. Бусдын ярьсан үгс надад ирээд наалдчихгүй учир гутарч гунирхаад байх шалтгаан байсангүй. Харин тэрхүү дөнгө мэт чаргууцалдах өрийг бушуухан дарж, сүүдэр мэт дагах муу нэрнээсээ багахан ч болов холдохыг л хүсч байлаа. Тиймээс ажил идэвхтэй хайж, өмнө нь ажлын санал тавьж байсан байгууллагуудтайгаа эргэн холбогдсоноор өмнөхөөсөө нэг их дор орохооргүй ажилтай ч болов. Эдгээр өдрүүдэд тэр минь л намайг урамшуулж, хурцалж, байрны түрээс хүртэл төлж, санаа зовох зүйлсийг минь хөнгөлж байлаа. Өртэйн зэрэгцээ өмнөхөөсөө хоёр дахин бага цалинтай болсон учир арай хямд байр хайж олохоор шийдэв. Олсон даруйдаа нүүж, өдөр тутмын тансаг хэрэглээгээ хязгаарлаж, хувийн санхүүгээ байгууллагын санхүү шиг тэх татвартай байлгахаар төлөвлөв.
Нэгэн удаа тэр минь манайд зочлохдоо
-Намайг жаахан холдохоор л гутарч гуниглаад байна уу. Би ерөөсөө нүүж ирнэ ээ гэсэн үгээрээ олон зүйлд урам хугарах болсон намайг дахин сэргээж, сэтгэлд минь гэгээ нэмсэн юм.
♥♥♥
“Авч явах юмаа цэгцлээд бараг дуусчихлаа. Хоол идчихээд гарлаа шүү” гэсэн утсанд минь ирснээс хойш хоёр цаг өнгөрсөн ч тэр ирээгүй л байлаа. Утас нь дуудаад байгаа хэрнээ авахгүй байсан учир “Замдаа яваа юм байлгүй дээ” гэж өөрийгөө тайтгаруулаад шүршүүрт орчихоод гарч ирэв. 13 дуудлага иржээ. Хачирхалтай нь, энэ дуудлагын нэг нь ч түүнийх биш юм. Зээлсэн мөнгөө өгөхгүй урмыг минь хугалж байгаа ч өдөрт хэд хэдэн удаа залгаж санаа тавин, сэтгэлийн үгсээрээ уярааж буй халамжит дүүгээс минь дээрх дуудлагууд иржээ. Түүнтэй ярих хүсэл төрөөгүй учир эргэж залгахаа түр азнаад, хайрт руугаа дуудлага хийлээ. Тэр урьдын л адил утсаа авсангүй.
Уур ч хүрэх шиг, чухам юунаас гэдгээ мэдэхгүй ч ямар нэгэн зүйлээс айгаад ч байх шиг хачин мэдрэмж бие, сэтгэлийг минь эзэмдэв. “За тэгээд ирэхгүй бол тэр л биз дээ” гэж бухимдуухан амандаа бувтнаад бичгийн ширээ рүүгээ эргэтэл чамархайн дээрээс ямар нэгэн хатуу зүйлээр дарах мэт хүчтэй өвдөх нь тэр. Хоёр гараараа толгойгоо базалж, иллэг хийгээд ч нэмэр болсонгүй. Өвдөлт улам л ихсээд байлаа. Эмийн сангаа онгичиж, толгойн эм олоод хоёр давхарлан уусан ч өвдөлт намдсангүй. Матрасан дээрээ түрүүлгээ харж хэвтээд, дэмий л толгойгоо базлан, өвдөлт намдахыг хүлээв. Өвдөж байгааг нь мэдрэх авч өөрийн минь биеийн нэгэн хэсэг гэдэгт нь ч эргэлзмээр жигтэй мэдрэмж төрөхтэй зэрэгцээд би орчлонгоос тасраад, огторгуйн гүн рүү живчих шиг л болов. Юу ч үгүй хоосон орон зайд ганцаархнаа жингүйдэн хөвж буй мэт мэдрэмжийн дунд биеэ ч мэдрэхээ больсон байлаа...
Түүнээс хойшхи хэсэг хугацаанд чухам юу болсныг би огт санадаггүй юм. Ямартай ч би шөнө дундын үед зүгээр л унтаж байгаад сэрж байгаа мэт сэрсэн. Гэнэт мэдрэгдсэн тэр өвдөлт ч ор мөргүй алга болсон байлаа. Хэрэв өөрийн биеэр мэдрээгүйсэн бол энэ бүхнийг зүүд байсан гэж оношилж ч болох байв.
Хамгийн түрүүнд гар утсаа шүүрч авлаа. Хоёрхон минутын өмнө хайрт дүү минь залгаж. Эргүүлээд залгавал:
-Аниа минь ээ, зүгээр үү гэх өнөөх л халамж тавьсан үгсээрээ мэндчилэв.
-Зүгээр ээ, зүгээр ч гэж дээ. Түрүүхэн зүв зүгээр байж байгаад тархи хүчтэй базлаад, хэсэг зуур ухаан балартчих шиг боллоо. Иллэг хийж, эм уугаад ч намдахгүй байсан юм. Хэсэг унтаад сэрсэн чинь зүв зүгээр болчихож.
-Ядаргаанаас болсон байх аа.
-Чи унтахгүй юу хийж байгаа юм бэ?
-Намайг тайлан бичиж өг гэсэн. Тэгээд үндсэн ажилтан болгох үгүйгээ шийдэх юм гэнэ ээ. Тэгээд л шаналаад сууж байна.
-Аан, за амжилт. Өлсөж байх чинь ээ. Нэг юм олж идэхээс.
-Тэгж үз ээ. Гэхдээ шөнө дунд идэж байж таргалчихав даа.
-За зүгээр биз дээ. Ингэхэд би нээрээ маргааш ажил дээгүүр очих юм байна шүү дээ.
-Өө, тийм үү? Тэгвэл ирэхээр чинь уулзъя.
-Тэгье. За амжилт. Тайлангаа эртхэн бичиж дуусгаад сайн амарч аваарай.
-Тэгнэ ээ, аниа. Баярлалаа. Та ч гэсэн сайхан амраарай.
Утсаа тасалж, дэрэн дээрээ шидчихээд хөргөгч рүү аядуухан алхлаа. Ямар нэгэн исгэлэн зүйл идэхсэн гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, даршилсан өргөст хэмх, зайдастай аваад эргэв. Хоолны ширээнийхээ дэргэд тухлаад, өргөст хэмх, зайдас хоёроос ээлжлэн үмхэлж, дутуу зажилаад л залгиад байв. Өргөст хэмхнийхээ шүүснээс ууж, исгэлэн юм идэх хүслээ бүрэн гүйцээсний дараа нойр асар ихээр хүрч байгааг мэдрэв.
Хэчнээн ядарч байсан ч хэвтмэгцээ л гар утсаа шүүрч авдаг дадлаараа утсаараа хэсэг оролдож, нүүрномоор хэсэх зууртаа “Сонин юм аа. Гарлаа гэчихээд таг болчихдог байна шүү. Өнөөдөр ирж амжихааргүй болсон бол утасдаад хэлж болно оо доо. Ямар нэгэн муу юм тохиолдчихоогүй байгаа даа... за за, муу ёр гэм. Яагаа ч үгүй, гэрт нь ч юм уу, ажил дээр нь яаралтай ажил гараад завгүй л гүйж яваа биз. Маргааш өглөө залгах биз” гэж өөртэйгөө зөвшилцөөд, унтахаар хэвтлээ.
♥♥♥
Өмнөх шөнө нь нүдээ аньмагцаа л гүн нойронд автсан ч маргааш нь үд өнгөрөөж сэрэв. Сэрмэгцээ асар их өлсөж байгаагаа мэдэрсэн учир хоол хийж идээд, хуучин ажил руугаа яаран гарлаа.
Хаалгаа огцом хаагаад түлхүүрээ шургуултал толгой эргээд, хана түшиж тогтов. Дотор ч муухайрах мэт болоод, хоолой руу гашуу зурахад “Үнэхээр ядраад байгаа юм шиг байна” гэж өөртөө хэлээд хаалгаа цоожлоод, гарч гүйлээ. Хөлсний тэргээр хуучин ажлынхаа үүдэнд буугаад, эгээ л хэдэн жилийн турш хийсэн ажлаа хийхээр яарч буй мэт үсэрч буугаад, хурдан хурдан алхсаар оффис руугаа оров. Өнөөдөр их цэвэрлэгээний бямба гараг учир ажилтнуудын тэн хагас нь ирчихсэн, коридор болон албан тасалгаагаа цэгцэлж байлаа. Тэд ямар нэгэн жигтэй зүйл олж харсан аятай, над руу нүдээ томруулж, хөмсгөө зангидан харцгаах аж. Зарим нь надтай тун дотно харьцдаг байснаа ор тас мартчихаагүй байгаа бололтой, гэнэт урвасандаа гэмших мэт харц буруулаад, эгцэлж ч харж чадахгүй зогсоно. “Энэ одоо энд юу хийж яваа юм бол” гэсэн бодол бүгдийнх нь толгойд эргэлдэж буй нь ойлгомжтой.
Надад тэднээс ичиж эмээх, харц гудайлгах шалтгаан байгаагүй учир хажуугаар нь бардам алхсаар захирлын өрөөний үүдэнд очоод, хаалгыг нь зөөлөн тогшив. Зөвшөөрөл аваад ормогцоо урьдын адил энгийнээр мэндлээд, захирлын өөдөөс нь харсан зөөлөн сандал дээр суулаа. Гэнэтийн цочролоос гарч, сэтгэл зүйгээ цэгцэлж чадсан учир хэдэн өдрийн өмнөх шигээ гэмтэй юм шиг гэлбэлзэхээргүй болсон билээ. Тиймээс ч захирлынхаа өөдөөс эгцлэн ширтээд:
-Би танд сүүлийн хоёр жилийн тайлангаа аваад ирлээ. Энд таны хүсэлтээр татвараас нуун дарагдуулсан материалууд бүгд байгаа. Чин үнэнч тайлангууд болон хуурамч тайлангууд. Та өөрийн биеэр нягталж үзнэ биз ээ. Намайг зориудаар болон зориуд бусаар гүтгэх санаа танд байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ шүүхэд шилжүүлэх тухай яригдаж байгаа учир хашир байсан нь зүйтэй гэж бодоод бүгдийнх нь зургийг аваад, өөртөө хадгалчихсан. Харин сүүлийн хөрөнгө оруулалтаас дутаасан мөнгөө би танд төлнө өө. Яг одоо шилжүүлчихье гэж хэлэв. Тайлангуудаа захирлын өмнө аваачиж тавиад, тэндээ зогсож байгаад 1.4 сая төгрөг байгууллагын данс руу шилжүүллээ. Шилжүүлсэн баримтаа үзүүлэхэд захирал дуугүйхэн толгой дохив. Надад зориулан хэлэх ямар ч үг түүнд байгаагүй юу, эсвэл хэдэн өдрийн өмнө болсон гэнэтийн явдалд балмагдсан миний л адил балмагдсандаа юу хэлэхээ мэдэхгүй байсан ч байж магад. Түүнээс үг хүлээгээд хэрэггүйг ойлгосон учир би:
-За баяртай гэж хэлээд өрөөнөөс гарав.
Санхүү, эдийн засгийн хэлтсийн өрөөний үүдээр шагайгаад:
-За бүгд сайн уу? Манай дүү хаана байна? гэж асуувал бүгд хачирхсан харцаар над руу нэгэн зэрэг эргэн хараад, хариу хэлж ч чадахгүй гацаж орхив.
-Ирсэн үү, ирээгүй байгаа юм уу? гэж дахин лавлавал миний ажлыг хүлээж аваад удаагүй байгаа дэгжин залуу бусдаасаа түрүүлж зориг гаргахаар шийдэв бололтой, хөлөө зөөж ядан алхсаар над руу дөхөж ирлээ.
-Сайн, сайн байна уу? Танай Шаазгай ирээгүй л байна. Өдөр бүр хоцордогийг нь чи мэднэ дээ. Сүүлийн үед бүр ч хойрго болсоон... гээд уг нь цааш үргэлжлүүлэх санаатай амаа ангайлгасан боловч манай ажлын хамгийн аманцар бүсгүй хажуугаар нь тэс хөндлөн дайрч:
-Найз залуутай болоод, ажлаа хайхрахаа больсон шүү дээ. Хэлэхээр “Аниа, ажлаасаа гарчихсан, надад энд ажиллах урамгүй байна” л гэх юм билээ гэх нь тэр.
-Найз залуу?
-Тийм ээ, найз залуутай болсон.
-Аан, зөв зөв гээд эргэтэл аманцар бүсгүй хэрэгт дуртай зандаа хөтлөгдсөн бололтой, гараас минь зөөлөн татаад:
-Ингэхэд таны асуудал юу болж байна? гэж их л санаа тавьсан дүр эсгэн асуув. Би бүтэн биеэрээ эргэж харан зогсоод:
-Ямар асуудал? Аан, тэр үл ойлголцлыг хэлж байна уу? Дөнгөж сая захиралтай уулзаад учраа олчихлоо. Шаазгайн зээлсэн мөнгийг ч төлчихлөө гэж бүгдэд сонсогдохоор хэлчихээд бардам гэгч нь эргэж алхлаа.
Намайг явахад эндхийн хүмүүс бүгд өөрчлөгдсөн. Үнэндээ тэд миний хувьд л өөрчлөгдсөнөөс бус огт өөрчлөгдөөгүйг олж мэдээд, инээд хүрэв. Өөрчлөгдсөн юм гэвэл, тэд миний халамжит дүүг “Шаазгай” хэмээн хочилдог л болж. Зогсоо зайгүй ярьж явдаг болохоор нь ингэж нэрлэсэн юм болов уу даа.
♥♥♥
Шаазгайн хаалгыг нэлээд удаан тогшсон боловч хэн ч хаалга тавьж өгсөнгүй. Гар утас нь дуудаад байгаа хэрнээ авахгүй байлаа. Хэсэг хугацаанд тээнэгэлзэн зогсоод, харихаар шийдэж урам муутайхан эргэлээ. Зам руу гарч хөлсний тэргэнд суугаад асар их өлсөж байгаагаа мэдрэв. “Гэртээ харьж байгаад л амттай юм авч идье” хэмээн өөртөө хэлэх мөчид эвгүй үнэр хамар цоргиод, дотор муухайран, огиулах нь тэр. Урьд өмнө хэзээ ч ингэж байгаагүй учир тавгүйтэн, орчноо ажиглавал жолооч бүсгүй хурц үнэртэй ус гаргаж ирэн, кабинаар нэг шүршиж харагдав.
-Уучлаарай, та үнэртэй усаа шүршихээ больж болох уу? Миний дотор муухайраад байна.
-Аан за, уучлаарай. Таны өмнө согтуу хүн суусан болохоор эвгүй үнэртэй байгаа болов уу гээд л... Таныг хөл хүнд гэж мэдсэнгүй ээ.
-Юу? Би хөл хүнд биш ээ. Зүгээр л хурц үнэрт эвгүйцээд байдаг юм.
Бүсгүйн шүршсэн үнэртэй ус ам руу минь орчихсон мэт л хоолой гашуу оргиулан, дотор муухайруулж байв. Ийнхүү тун тавгүй нөхцөлд тэвчин суусаар, их л удаан явж гэрийнхээ гадаа ирэх шиг болов. Машинаас буумагцаа л буланд очиж, доош тонгойгоод огиулж эхэллээ. Хоолойд тороод байгаа эвгүй зүйлийг бөөлжөөд гаргаад хаячихвал л дотор уужрах гээд байв. Даанч гашуу оргиж, хий огиулаад юу ч гарсангүй.
Гэр лүүгээ ормогцоо хүйтэн усаар амаа зайлж, шүдээ угаачхаад шууд л хөргөгч рүү зүтгэв. Алаг салат, хар талхан дээр түрхэн идэх зууртаа мах гарган, гэсгээхээр тавилаа. Давсаг чинэрч буйг мэдрээд, Ариун цэврийн өрөөнд ормогцоо жолооч эмэгтэйн хэлсэн үгийг санав.
“Өнөөдөр хэдэн билээ?” гэж өөрөөсөө асуугаад “Хоёрдугаар сарын 18” гэж өөрөө хариулав. “Юу...? тийм ээ, өнөөдөр хоёрдугаар сарын 18. Ингэхэд миний сарын найз хэзээ ирлээ... Арванхоёрдугаар сарын 24-нд ирсэн дээ. Харин нэг сард... хүүш ээ, ирээгүй юм байна шүү дээ...” хэмээн өөртөө шивнэн хэлээд Ариун цэврийн өрөөнөөс гүйн гарлаа.
♥♥♥
-Хөөе, чи яагаад ээжийнхээ нүдийг дуурайгаагүй юм бэ? Аав нь ч давхраагүй л болохоос хөөрхөн нүдтэй л дээ. Энэ хөөрхөн нүдээрээ олон ч охин найрч явлаа даа... Атаманыхаа дэргэд ийм юм ярьж болохгүй байх аа... тийм ээ хэмээн тэр минь их л хөгжилтэй ярьж сууна.
-Хөөе, хэдэн охин яаж найрсан гэнэ ээ гэвэл
-Чамайг ч бас найрсан шүү дээ гээд инээд алдав.
-Тэр ч үнэн шүү.
-Миний хүү ч бас аавынхаа нүдээр олон охин найрах байх аа.
-Тэр ч тэгнэ шүү. Би хүүгээ чамтай л адилхан байгаасай гэж хүсч байсан. Хүү маань ч ээжийнхээ үгийг сайн сонссон шүү.
-Би харин ээжтэйгээ л адилхан байгаасай гэж хүсч байсаан. Охид нь ээжийгээ дуурайх юм байлгүй дээ, тийм ээ?
-Тэгэх байх аа.
-Би арван хүүхэдтэй болно оо.
-За, чи ямар зоргоороо юм бэ? Тэрийг чинь хэн төрүүлэх юм бэ?
-Чи л төрүүлнэ шүү дээ.
-Би тийм олон хүүхэд төрүүлж чадахгүй ээ. Сая яаж майлж байж төрлөө дөө. Дахиж төрнө гэхээс үнэндээ халширч байна шүү.
-Хайр нь есийг нь гаргаад өгчихмөөр л байна. Даанч надад сав байхгүй юм.
Зүүдэн дунд тэр бид хоёр ийнхүү хөгжилтэй инээлдэх аж. Харин би тэр их жаргалын дундаас дэлгэрсэн хайрын ургамлаа олж харахыг л хүсч байлаа. Гэвч тэр минь буруу харж, хүүг минь халхалж суучихаад, өөрийнхөө дүрийг ч, үрийн минь царайг ч харуулсангүй. Бид хоёрын дуу хадаж, инээд цангинаад л байхаас бус үрийн минь ганганах дуу ч гарахгүй байгаа нь хэтэрхий гомдолтой санагдав. Ийнхүү учир битүүлэг зүүдэндээ гоморхон тунирхаж хэвттэл хэн нэгэн хаалга хүчтэй балбаад, зүүдийг минь сарниулчихав.
Зүүдэндээ харамссаар, залхуурангуй өндийгөөд, халадаа авч нөмрөөд үүд рүү очиж нүдээ нухлангаа:
-Хэн бэ? гэж асуувал:
-Буянаа... Буянаа гэх танил дуу гарав.
Хаалгаа тайлаад, толгойгоо маажсаар эргэж алхах зуурт багын найзын маань эхнэр Буянаа гутлаа ч тайлалгүй, хоймор руу гараад матрасан дээр минь очоод хэвтчихэв.
-Сонин юу байна даа?
-Тайван, тайван.
-Хар өглөөгүүр хаачиж яваа юм бэ?
-Урьд шөнө ажил дээр хоносон юм аа. Нүд анилдаад болдоггүй. Харих гэснээ зам зуур болохоор нь танайд хэсэг унтаж байгаад явъя гэж бодоод ороод ирлээ.
-Аан. Тэгвэл унт унт.
-Тэгье. Нойр аймаар хүрч байна аа.
-Ингэхэд чи юм идэх үү?
-Юу вэ. Хар өглөөгүүр юу гүзээлээд байгаа юм бэ? Ингэж байж таргалах гэж байгаа юм.
-Өлсөөд байна шүү дээ. Таргалаад юу шалив л гэж.
-Таргалчихвал хонгор чинь чамайг хаячихвал яана?
-Засс. Битгий тэнэгт.
-Тэнэгт гэчихжээ. Нээрээ цаадах чинь сүүлийн үед дүүгийнхээр чинь л эргэлдээд байдаг болчихсон байна лээ. Мэдээтэй байгаарай даа. Залуу хүүхэнд алдчихав даа.
-Эргэлдээд байна гэдэг чинь юу гэж байгаа үг юм бэ? Чи яг харсан юм уу?
-Хэд хоногийн өмнө тэднийд байж байгаад ирлээ гээд үүрээр манайд орж ирж хэсэг унтаад явсан.
-Үүрээрээ? Шөнөжин тэднийд байсан хэрэг үү?
-Тийм юм гэнэ ээ.
-Юу хийж...?
-За чи буруугаар ойлгох хэрэггүй дээ. Тэр охин чинь сахиустай удган юм гэнэ ээ. Тэгээд онгод тэнгэр нь танай хүнийг дуудаж, үзэж өгсөн юм байх.
-Удгаан? Хэн тэгж байна?
-Тэр орой онгодоо буулгаад, шөнөжин бөөлөөд, танай хүнд баахан юм хэлж, гайхал, бишрэлийг нь төрүүлсэн юм байх аа. Танай хүн бүүр шүтчихсэн явна лээ.
-За, үгүй байлгүй дээ. Тийм юманд огт итгэдэггүй хүн дээ.
-Би түүнийг чамаас илүү мэднэ шүү дээ. Бөө удган гэхээр бүүр уурлаад байдаг юм. Тэгсэн чинь танай дүүг бүүр шүтчихэж дээ. Би бүр гайхаад барахгүй байна.
-Тэгээд... тэгээд түүнээс хойш тэднийд очоогүй юм байгаа биз дээ?
-Өчигдөр надтай ярихдаа бас тэднийд байна гэж байсан шүү.
-Айн?
-Харин тийм ээ. Миний найз элдэв юм бодох хэрэггүй дээ. Миний багын найз шүү дээ. Тэгж хоёр хүүхний дунд гүйгээд явах эр хүн биш. Та хоёр уулзалгүй хэр удаж байгаа юм бэ?
-Удаагүй ээ, хоёр л хонож байна уу даа.
-Мхнн, чиний тухай нэг буруу ойлголттой л яваад байгаа юм шиг байна лээ дээ. Өчигдөр согтуу байсан. Над руу залгаад, чиний тухай л баахан асуулаа.
-Согтуу? Энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ? Сүүлийн үед дандаа л ууж байгаа сонсогддог боллоо шүү.
-Харин тийм ээ. Чамаас л болоод байгаа юм шиг байна лээ дээ. Чи нэг уулзаж, сайхан ярилцсан нь зүйтэй байх аа.
-Мхнн
Өмнө нь огт төрж байгаагүй хардах мэдрэмж ч сэтгэл эзэрхийлээд эхлэх мэт... Яг одоо ч бас тэр “хайрт” дүүтэй минь хамт байгаа гэсэн бодол тархиар нэг тархчихав. Хэсэгхэн зуур элдвийг эргэцүүлж бодолд автаад гэнэт сэхээрч:
-Би дэлгүүр орчихоод ирье хө гэж хэлээд эргэж хартал Буянаа аль хэдийнэ унтчихсан байв. Би ч хүрмээ шүүрч аваад, Буянааг гаднаас нь цоожилчихоод гараад гүйчихлээ.
Нар дөнгөж мандаж байв. Зам дагаж, удаан алхсаны эцэст арай гэж хөлсний тэрэг олж суугаад шууд Шаазгайн гэр лүү явлаа. Байрных нь гадаа буумагцаа гүйхээрээ орцоор нь ороод, дөрвөн давхар луу ч сум шиг харваад л гарчихав. Үүдэнд нь ирмэгцээ ганц сайхан уужуу амьсгаа аваад, хэдэнтээ зөөлхөн тогшив. Хариу алга. Хэсэг хүлээзнээд, арай чанга тогшлоо. Бас л хариу алга. “Энэ хаалганы цаана тэр хоёр хамт байгаа” гэж хэн нэгэн чихэнд минь аяархан шивнэх шиг болов. Тэгмэгц өөрийн эрхгүй л хаалгыг маш хүчтэй балбаж эхэллээ. Хариу өгөхгүй байх тусам улам хүчтэй балбаж, угсруулан тогшихын хамт чээжний цаанаас зүрх хүчтэй оволзон, хамар сарталзаж, уур бухимдал дүүрээд ирэв.
Бухимдсандаа эгээтэй л хаалгыг нь өшиглөж, орилж хашхичсангүй. Сүүлдээ бүр уураа барьж дийлэхээ болиод “Хөөе...” гэж хашхираад, урьдынхаасаа ч хүчтэй тогшихоор шийдэн гараа далайж байтал хаалга аажуухан онгойж, Шаазгай нойрмогдуухан нүдээр өөдөөс гайхан ширтэв.
-Та... гээд юу ч хэлж амжаагүй байхад нь би хажуугаар нь дайрч ороод, гэрлийг нь асаагаад шууд ор луу нь хараа бэлчээв. Хуниралдсан хөнжлөөс өөр юу ч байсангүй. Өрөөний булангуудыг харцаараа нэгжиж байгаад олзолсон зүйл минь хойморт байрлуулсан авдар дээрх хөшигний завсраар цухуйж буй бүргэдийн өдтэй удган малгай байлаа. Мөн авдарны хажууд том ширэн цар, монгол гутал харагдав.
-Манай хүн өчигдөр танайд ирсэн үү?
-Арай хайрттайгаа намайг хардаад, хар үүрээр дайрч орж ирсэн юм биш биз дээ? Та чинь хардах өвчтэй юм уу? Танай хүн яалаа гэж манайд ирэх юм бэ?
-Хардах нь ч хаашаа юм бэ? Ингэхэд чи бөө юм уу?
-Удган гээч. Тийм ээ, би сахиустай. Хүн болгонд хэлээд байдаггүй юм л даа. Урьд шөнө буух байсан ч сүүлийн үед архи дарс уугаад байгаа болохоороо онгод тэнгэрээсээ айгаад буулгаж зүрхэлсэнгүй ээ. Буруу юм хийгээд байхаар онгод тэнгэр аймаар уурладаг юм аа.
-Аан, тэгээд шар айраг уучихсан юм уу?
-Тийм ээ, ингэхэд та чинь яагаад байгаа юм бэ?
-Яагаа ч үгүй ээ. Би ч бас урьд шөнө найзуудтайгаа гараад, сая л нэг юм бултаад харих гээд явж байна. Тэгээд замаараа танайхаар орж хэсэг унтдаг юм уу гэж бодсон чинь гадаа зогссоор байгаад нойр сэргэчихлээ. Харья даа.
-Унтвал унтаад л яваач дээ.
-Зүгээр ээ. Харилаа. Гэрт хүн хүлээж байгаа.
-Хэн?
-За би явлаа шүү. Дараа уулзъя.
-За тэгье ээ. Би ч унтлаа.
Түүнд хэлэх үгээ хүртэл бэлдчихээд ирсэн хэр нь тэр байгаагүйд сэтгэл хачин их уужраад, инээмсэглэл тодруулсаар тэндээс гарлаа. Гэвч “Бөө гэдэг нь үнэн юм байна. Буянаа ч худлаа хэлэх бүсгүй биш л дээ. Тэгэхээр эднийд ирдэг нь бас үнэн л болж таарах нь” гэсэн хорон бодол дотроос хатгаад амар заяа үзүүлсэнгүй.
♥♥♥
Тэр бүсгүйнхээр ирдэг нь үнэн бол бид гурвуулаа бус би л хоёулаа болж байгаа байж таарах нь. Тиймээс гурвуулаа болсноо түүнд хэсэгтээ хэлэхгүй байхаар шийдэв. Бодолд автаж алхсаар таксинд гар өргөхөө ч мартжээ. Гадаа жихүүн байгааг мэдэрч, бага зэрэг даарч буйгаа анзаараад л такси барихаар зам руу дөхөж, гараа өргөв.
Таксинд суусныхаа дараа ч элдэв бодолд ээрүүлсээр гэрийнхээ гадаа хэдий хугацаанд ирснээ ч анзаарсангүй. Жолоочийг чангахан дуугарахад нь цочин давхийгээд, санд мэнд тооцоогоо хийчхээд л буулаа. Бодолд автан, толгойгоо ганзагалаад орц руугаа сажилж явтал хэн нэгэн хүрч ирээд, хүчтэй мөрлөчихөв. Түүн рүү харж, үг сөргөх хүсэл ч, тэнхэл ч байгаагүй учир чигээрээ л алхлаа. Тэгтэл
-Хөөе, бүр олж харахаа ч больжээ... гэх танил дуу гарах нь тэр. Эргэн харвал үргэлж цэмцгэр хувцаслаж, цэх алхдаг тэр минь өлөн хир шингэсэн саарал цамцны цахилгааныг хагас татаж өмсөөд, халаасандаа хоёр гараа шургуулчихсан, хөл дээрээ тогтож ядаж буй аятай, биеэрээ бараг 45 градус хазайгаад нүдээ сүүмийлгэн, над руу ширтэж байлаа. Балмагдсандаа
-Чи энд юу хийж яваа юм бэ? гээд юу ч бодолгүй л асуучихлаа.
-Би энд ирж болохгүй юм гэж үү? гэх нь үг сөргөх далд хүслийг нь илэрхийлэх мэт.
-Болно л доо. Хар өглөөгүүр ингээд архи сэнгэнүүлчихсэн явж байхаар чинь гайхаад л...
-Би харин чамайг үүрээр гэртээ ирж байхаар чинь их гайхлаа. Гэхдээ чамаас архи огт үнэртэхгүй байна.
-Уугаагүй юм чинь юу гэж үнэртэх вэ дээ.
-Уулгүйгээр хүнтэй уулзчихаад ирж байгаа юм уу, тэ?
-Чи ингэхэд сураггүй байж байж ирчихээд яагаад хэрүүл өдөөд байгаа юм бэ?
-Би ч чамайг мэддэггүй юм байна аа. Найзуудтайгаа өглөө болтол шоуддагийг чинь мэддэггүй юм байна. Хэнтэй, хэрхэн нөхөрлөдөгийг чинь ч мэддэггүй юм байна. Захирал, дэд захирал хоёртойгоо ямар харьцаатайг чинь бүүр ч мэдэхгүй юм байна.
-Уучлаарай, чи үүгээрээ юу гэх гээд байна аа?
-Танайх руу орж байгаад ярья. Би даараад байна.
-Хэрүүл хийх гэж байгаа бол чамайг гэртээ оруулмааргүй байна.
-Аан нээрээ гэрт чинь хүн хүлээж байгаа гэл үү?
-Юу? Хэн чамд тэгж хэлсэн юм бэ?
-Хэн хэлсэн нь хамаагүй ээ. Гэртээ хэн нэгнийг түгжчихээд, шөнөжингөө гадуур тэнээд л... Чи ч ёстой завхайгийн завхай хүүхэн юм даа.
-Чи хэнээсээ юу сонсчихоод хүн гүтгээд байгаа юм бэ? Алив, оръё. Хар л даа. Харин чамайг ганц бие хүүхний гэрээр өдөр, шөнөгүй эргэлдээд байдаг болсон гэдгийг чинь мэдсэн шүү.
-Би тэр хүүхнээр яах вэ дээ. Онгод тэнгэр бууж байна, таныг ирж үзүүл гэнэ гэхээр нь хоёр, гурван удаа очсон нь үнээн. Тэглээ гээд тэднийд хонож өнжөөд явсан юм байхгүй.
-Чи ч бүр ичихгүй хүлээн зөвшөөрч байх шив дээ. Намайг шөнөжин шоудсан, гэрт хүн хүлээж байгаа талаар ч бас чиний шуурхай мэдээлэгч чинь хэлсэн биз дээ?
-Тэгсээн. Тэглээ гээд бид хоёр явалддаг гэсэн үг биш биз дээ?
-За оръё. Энд зогсоод яахав. Орж байгаад учраа олъё.
-Би ороод яах вэ дээ. Хүн алчихаж магад.
-Ороод л хараач дээ.
-Хүсэхгүй байна аа. Харилаа.
Ингэж хэлээд тэр шуудхан эргээд алхчихав.
-Хөөе, чи ороод хэн намайг хүлээж байгааг харчихаад яв л даа гэж араас нь хашхирвал тэр эргэж ч харалгүй, нэг гараа халааснаасаа гаргаж, агаарт хий сэгсэрчихээд цааш алхсаар л байв. Түүнд гомдсоноосоо болоод гол гогдом өвдөлт мэдэрч байсан ч өөрийнхөө талаар ийм буруу ойлголттой явуулж болохгүй гэсэн ухаандаа хөтлөгдөөд, араас нь гүйцэж очоод гараас нь татав.
-Чи ороод гар л даа.
-Үгүй.
-Хэн хүлээж байгааг нь харахгүй юм уу?
-Хэн хүлээж байгаа нь ойлгомжтой. Би орж хараад яах юм бэ?
-Чи сонсохыг хүссэнээ л сонсож, харахыг хүссэнээ л хардаг, итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг юм байна. Итгэсэн бүхэн үнэн байдаггүй юм шүү дээ.
-Би үнэн гэж бодсон зүйлдээ л итгэнэ. Муу худалч хүүхэн минь.
-Чи бүр намайг хэлэх, хэлэхгүйгээр хэлдэг болжээ. Завхай, худалч... жаахан удвал өөр юу ч гэж хэлж мэдэх юм байна. Больё доо.
-Үүнээс ч илүү муугаар хэлмээр л байна. Даанч надад хэлэх үг олдохгүй байна.
-Надад ч бас чамд хэлэх үг олдохгүй байна.
-За за, ор. Даарчихлаа.
Түүнд ямар нэгэн тайлбар хэлмээр, өчнөөн зүйл яримаар байсан ч чухам хаанаас нь эхлэхээ мэдэхгүй тээнэгэлзэхийн хамт “өөр бүсгүйг нэгэнт сонгочихсон хүнтэй юугаа ч ярих вэ дээ” гэсэн хар бодол дотроос тогшив. Юм бүхний сайн талыг нь олж харах гэж хичээж, болж буй үйл явдал бүрийг олон талаас нь авч үзсээр дадал болсон ч энэ удаа би хар бодолтойгоо зуун хувь санал нэгдэхээр шийдлээ. Тиймээс ч явж буй түүнийг тэр чигт нь орхиод, гэр лүүгээ эргэж алхлаа. Орцны үүдэнд очоод эргэн харвал тэр замын хажууд гар өргөн зогсоод, хэн нэгэнтэй утсаар ярьж байв.
“Өө, нөгөөхтэйгөө ярьж байгаа юм байна л даа” гэж өмнөх хараа улам бататгаад, хаалга таттал гар утас минь цүнхэн дотроос чичирч байв. Хаалгаа татахаа түр азнаад гар утсаа гаргаж ирвэл тэр над руу залгасан байж.
-Байна.
-Зун болоогүй байна шүү дээ. Яасан нимгэхэн явдаг юм бэ?
-Явган яваагүй болохоор даараагүй ээ. Чи өөрөө харин ямар нимгэн явдаг юм бэ, ороод...
-Чи ч яахав дээ, ороод л шууд дулаацуулах хүнтэй хүн. Би ч хөлдөж үхэх нь ээ. Хариад ч дулаацуулах хүнгүй хүн хүйтэн хөнжилдөө шургаад л хэвтдэг байх даа.
-Чи одоо яах гээд байдаг юм бэ?
-За за, ор ор. Аз жаргал хүсье.
-Чи...
Үгээ хэлж амжаагүй байтал тэр утсаа тасалчихав. Үргэлж бахархал, омогшил төрүүлдэг хэгжүүн зан нь хэзээн нэгэн өдөр гүйж очоод цохиод авмаар мэдрэмж төртөл хор шарыг минь хөдөлгөх юм гэж төсөөлж ч байсангүй. Хэзээ нэгэн цагт хайр татдаг байсан юмс ингээд л гэнэт зэвүүцэл төрүүлж эхэлнэ гэдэг хүлээн зөвшөөрөхөд хэцүү л юм. Гэвч энэ бол маргашгүй үнэн. Үнэнийг бид хүлээн зөвшөөрдөг юм биш, үнэн өөрөө өөрийгөө бидэнд хүлээн зөвшөөрүүлдэг юм байна.
♥♥♥
Хамгаас уянгалаг сонсогддог байсан утасны минь хонх чихэнд чийртэй ёнгинох чимээнээр нүдээ арай гэж нээв. Цонхоор тусч буй нарны гэрэл бүүдгэр байхыг бодоход үүр хаяарч байгаа юм болов уу даа. Залхуутайяа эвшээлгэж, дэрэн доогуураа гараа шургуулаад гар утсаа шүүрч авав. Дугаарыг нь ч харалгүй аваад
-Байна гэж нойрмогдуухан хэлбэл
-Би байрны чинь гадаа ирчихсэн байна. Чи яаралтай гараад ир дээ гэх дэд захирлын захирангуй хоолой сонсогдов. Гайхсандаа “аа... юу...” хэмээн ээрч байтал тэр утсаа тасалчихав. Гэрийн халадаа шүүрч аваад, гүйн гарвал дэд захирал том хүрэн жийпээ орцны үүдэнд бараг тулгаад тавьчихсан, хаалгаа дэлгээд “нааш ир” хэмээн дохиж байв.
-Сайн байна уу, та? Юу болоо вэ, хар өглөөгүүр... гэвэл тэр юу ч хэлэлгүй, “суу” хэмээн дохив. Арын суудалд нь суугаад юу хэлэхийг нь тэвчээртэй хүлээлээ. Тэрбээр өвөр дээрээ тавьсан цааснуудаа хурдан хурдан эргүүлэн, шарчигнуулж байснаа жолоочийнхоо өвдөг дээр шидчихээд над руу огцом эргэн харав. Ямар нэгэн ноцтой асуудлаар ярихаар бухимдангуй явааг нь анзаарсан ч түүний өмнө одоо бас ямар хилс хэрэг хүлээх гэж буйгаа таамаглаагүй байсан учир би цочирдож сандарсангүй.
-Чамайг овоо гайгүй бүсгүй юм байх гэж бодсон чинь ёстой овоолсон муу шороо юм даа... гэсэн оршилоор тэр яриагаа эхэллээ. Түүнийг дараагийн өгүүлбэрээ хэлэхийн өмнө би гэдэг хүн “за бас яагаад овоолсон шороо болчихдог билээ?” гэсэн ганцхан асуулт л өөрөөсөө асууж амжив. Гэвч дэд захирал надад өөрийнхөө асуултанд хариулах завдал өгсөнгүй.
-Чи мөрөөрөө боолоо хийгээд гэлдэрч чадахгүй байна уу?
-Уучлаарай, захирал аа. Чухам юу болсон юм бол? Би...
-Юуны чинь уучлаарай? Чи яахаараа захирал бид хоёрын талаар элдэв яриа тарааж, ажилчдын дунд хор хутгаад байгаа юм бэ?
-Юу... би...
-Чи надтай бүүр нэгийгээ үзэхээр шийджээ дээ. Хэрэв чи тэгтлээ хүсээд байгаа юм бол би хүссэн юм хүзүүгээр татна гэж юу байдгиийг чамд үзүүлээд өгч болно шүү.
-Би... би... би юу ч ойлгохгүй байна. Та юун тухай ярьж байгаагаа надад тодорхой тайлбарлаад өгч болох уу? Хийгээгүй зүйлдээ хангалттай л гүтгүүллээ. Одоо бас хэн нь юу гээд ярьчихав?
-Өө, нөгөөх чинь бүүр өөдөөс үг сөргөхтэйгөө болчихож. Дутаасан мөнгөө төлөөд, захиралд хуурамч тайлан аваачиж өгөөд аргалчихсан болохоор эд нар намайг яаж ч чадахгүй гэж бодож байна уу? Үгүй шүү, хүний хувийн амьдралын талаар худал яриа тараах, бусдыг гүтгэх чинь байгууллагын мөнгө хувьдаа завшихаас чинь ч хүнд ялтай байж мэднэ шүү.
-Та тойруулж бөмбөрүүлээд байлгүй шуудхан ярьчихвал сайн байна.
-За, одоо чи бүр надад тушаадаг болоо юу? За би хэлээд өгье, хэлээд өгье. Чи намайг захиралтай янаг амрагийн холбоотой гэж ажилчдад ярьдаг нь ямар учиртай юм бэ, хө?
-Юу яриад байна аа. Би тийм зүйл яриагүй.
-Чи ч овоо гүргэр хүүхэн юм аа.
-Уучлаарай, ажилчид тийм зүйл ярьдаг нь үнэн ч би тэр ярианд огт оролцдоггүй шүү. Надад бусдын амьдрал огт хамаагүй.
-Тэгвэл яагаад бусдын талаар амныхаа зоргоор чалчаад яваа юм бэ?
-Би яриагүй.
-Чи яриагүй гэдгээ баталж чадах уу?
-Би яриагүй нь үнэн. Гэвч үүнийг яаж батлахаа мэдэхгүй байна.
-Тэгвэл би баталж чадна.
Ингэж хэлээд тэр гар утасныхаа дэлгэцэн дээгүүр хуруунуудаа хурдан хурдан гүйлгэснээ нэгэн бичлэг гаргаж ирээд, над руу ойртуулан сонсгов.
“Хүмүүс арай л өөдгүй юм. Би тийм хуурамч, өөдгүй хүмүүсийг үзэн яддаг. Жишээ нь, манай Санхүү хариуцсан дэд захирал Ерөнхий захиралтай явалддаг. Байгууллага даяараа мэддэг ч тэд өөрсдөө хэн ч мэддэггүй л гэж боддог байх. Ерөнхий захирал дэд захирлын нөхөртэй уг нь бизнесийн түншүүд шүү дээ. Яаж нөхөртэй нь урьд шөнө нь хамт наргиж, анд нөхрийн барилдлагаа баталж, хөрөнгө оруулалтын гэрээ хийчихээд, маргааш шөнө нь эхнэрийг нь амралтанд аваад явчихаж чаддаг байна аа... Ийм новшийн амьдрал, ийм новшийн хоёр нүүртэй хүмүүсийг би үнэн сэтгэлээсээ үзэн яддаг...”.
Ээ, бурхан минь. Энэ яах аргагүй миний хоолой мөн байна. Дууных нь өнгө бага зэрэг сөөнгөтөж сонсогдож байгааг анзаарвал халамцуу байгаа бололтой.
-За чи үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Би... би... хэзээ...
-Хэзээ хэнтэйгээ хаана ухаан мэдрэлээ алдталаа уусныг чинь би яаж мэдэх юм бэ? Байгууллагынхантайгаа хамт хааяа нэг гарахаар “би ууж чаддаггүй” гээд л ярвалзаад байдаг өөр газар болохоор чи ухаан мэдрэлээ алдталаа ууж, олон юм донгосоод л явж байдаг юм байна шүү дээ. Хоёр нүүртэй хөгийн хүүхэн бэ, чи?
-Би тэгж ууж идээд, наргиад явдаг хүн биш ээ... аан тийм, би Шаазгайгийнд нэг удаа л ганц шар айраг уусан юм. Тэр үед л элдэв юм донгосчихсон бололтой. Өөр хүнд бол юу ч яриагүй шүү. Би танд амлаж байна... Ингэхэд хэн ингээд бичлэг хийчихдэг билээ... тэгээд яагаад танд...
-Хэн бичлэг хийгээд ямар замаар миний гарт ирсэн нь огтхон ч сонин биш. Чи ингэж ярьсан нь л чухал. Ойлгов уу?
-Би... би...
-Чи манай байгууллагын босгоор дахин давж орно гэж санасны ч хэрэггүй шүү. Наад хорт могойн хэлээ тас хазаад, бидний нүднээс далдхан явж үз. Дахин иймэрхүү яриа сонсвол би чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү. Одоо буу.
Би тушаал авсан цэрэг шиг л яаран буулаа. Намайг буумагц дэд захирал ч жолооч руугаа ганцхан дохиод л шуртхийтэл давхиж одов.
Зах замбараагаа алдсан зугаа цэнгэл амьдралд минь огт байдаггүй учир хэзээ, хаана, хэнтэй хэдэн шил пиво ууснаа би сайн мэднэ. Гэвч тэр үдэш Шаазгайгийн гэрт яаж ухаанаа алдаад, олон юм донгосч, онхолдсоноо санахгүй байлаа.
Ингээд би “Халамцуудаа хүн юу ч ярьж, олон юм донгосч болох л доо... гэвч Шаазгай яагаад тэр бүхнийг бичиж аваад, дэд захиралд аваачаад өгчихдөг билээ...” гэж өөрийгөө өмгөөлөхийн зэрэгцээ эргэлзээ тээнэгэлзлээ тайлах, өөрт тохиолдоод байгаа удаа дараагийн адал явдлуудын ээдэрсэн гогцоог тайлах хүндхэн даалгавартай хоцорлоо.
♥♥♥
Хэт их бухимдсанаасаа болоод уушги чээж минь дэлбэрчих шахам тэвдүүлж байсан учир Шаазгайн гэрийн хаалгыг угсруулан хүчтэй нүдэв. Хаалгаа тайлмагц нь л үсдэж аваад, төдийгөөс өдий хүртэл намайг хордуулахаар хутгасан хорных нь найрлагыг олж мэдсэн талаараа хэлээд, зорилгыг нь тулган асуухаар төлөвлөлөө. Хаалганы түгжээ тачигнан дуугарах эгшинд үгээ сайтар бэлдэж, гараа зангидан бэлтгэлээ хангаж амжив. Түгжээ мултармагц л угз татан хаалгыг томоо гэгч нь дэлгээд гараа далайх нь байтугай, үгээ ч хэлж чадалгүй гацчихав. Яагаад гэвэл, хоёрхон хоногийн өмнө миний бузар булайд гутарч гуниад, шал согтуу гуйвж явсан тэр минь хаалга тайлж өгсөн юм. Түүнийг энд байх юм чинээ огт төсөөлөөгүй би сэтгэл оюундаа тээж ирсэн зорилгоо ч мартчих шиг л боллоо. Харин тэр юу ч болоогүй мэт уруулаа хэмлэн инээмсэглээд, нэг гараа халаасандаа шургуулан тайвуухан алхсаар гэрийн хоймор дахь орон дээр очоод суучихав.
Бараг л цаг тутамд над руу залгаж, бие болоод сэтгэлийг минь хэвийн байгаа эсэхэд санаа тавьдаг халамжит дүү минь түүний хажууханд сууж байв. Үргэлж өмсдөг богино өмдөө ч өмсөж амжаагүй, нимгэн халадныхаа энгэрийг ч бүрэн товчлоогүй байхыг бодоход орноосоо босоогүй байсан бололтой. Харин манай хүн бүх хувцасаа бүрэн өмсчихсөн байв. “Намайг хаалга нүдэж байх хооронд гутлаа хүртэл өмсөөд амжиж л дээ” гэсэн бодол тархи тогшихтой зэрэгцээд тэдэн рүү харцаараа шилбүүрдэн, хэлэх муу үгсээ сэтгэл дотроо эвлүүлж ядан зогслоо. Тэгтэл тэр:
-За хар өглөөгүүр энд юу хийж яваа билээ, та? хэмээн яриа эхлүүлэх эвтэйхэн сэжим шидэв.
-Чи өөрөө хар өглөөгүүр энд юу хийж яваа юм бэ?
-Би дүүгийндээ л орж ирээд байна. Болохгүй юу?
-Чи бүр энд амьдардаг болчихсон юм биш үү?
-За болиод өгөөрэй, та. Агаа дөнгөж сая орж ирээд байна. Таныг дэд захиралтай уулзаад, ууртай үлдсэн гэхээр нь би агааг дуудсан юм.
-Хммм, хайрт захирал чинь бас чамд мэдээлж амжаа юу? Ингэхэд чи яах гэж энийг дуудсан юм бэ?
-Таныг уурлаж орж ирээд олон юм ярих болов уу гэж бодоод...
-Тийм ээ, би ууртай байна. Маш их ууртай байна. Чиний төсөөлж байгаагаас ч олон юм ярихаар ирсэн. Гэхдээ энэ хэзээнээс чамайг хамгаалдаг болчихоов?
-Энэ... энэ гээд байх юм байхгүй. Би нэртэй устай хүн шүү.
-Та хэзээнээс энэ бүсгүйн хамгаалагчаар томилогдчихоо вэ?
-Ичсэн хүн хүн ална гэж.
-Чи юу гээд байгаа юм бэ? Ичсэн хүн хүн ална гэдэг чинь надад биш чамд зориулагдсан үг байна. Чи ингэхэд яагаад миний эсрэг хор найруулаад гүйгээд байгаа юм бэ? Айн?
Уураа барьж дийлэлгүй, түүнийг үсдэхээр дайртал тэр өмнүүр ороод, хоёр гарыг минь барьчихаад хөдөлгөсөнгүй.
-Өө, чи бүр цагаандаа гарчээ. Энэ хорт шулмыг өмөөрч байгаа юм уу, тэ?
-Тайвшир. Тайвширч байгаад ярилц.
-Би тайвширч чадахгүй. Та хоёр хэзээнээс эхэлсэн юм бэ? Чамайг би ийм эр хүн гэж огт санасангүй. Ийм байж та хоёр яаж миний өөдөөс хараад хээвнэг инээд алдаж, санаа тавьж байгаа дүр эсгэж чадаж байсан байна аа.
-Наад үгийг чинь харин чамд л хэлмээр байна шүү. Чи яаж Ерөнхий захирлыгаа нууц амрагтай нь хардаж, хор хутгаж гүйчихээд хажуугаар нь намайг хайрлаж байгаа дүр эсгэж чаддаг байна аа?
-Юу? Би хэнийг хэнтэй хардсан гэнэ ээ?
-Би дөнгөж сая чиний Ерөнхий захиралтайгаа чаталсан чатыг чинь уншлаа. Чи захирлыгаа дэд захиралтайгаа хуваалцахыг хүсээгүй учраас тэр хүүхний талаар элдэв яриа тарааж, хор хутгасан юм биш үү?
-Би хэнтэй чаталсан гэнэ ээ?
-Захирал...тайгаа...
-Шаазгай, энэ бузар хүүхэнд тэр чатыг нь үзүүл дээ.
-Шаазгай, яасан гэнэ ээ? Энд юу болоод байгаа юм бэ?
-Захиралтай чаталсан чатыг чинь дэд захирал олоод үзчихсэн. Таныг өмнөх шигээ бас гүрийгээд, над руу дайрах болов уу гэж бодоод би дэд захирлаас тэр чатыг нь гуйгаад авчихсан юм.
-айн?... алив харъя.
Энэ удаа ч мөн тэр миний эсрэг гарцаагүй нотлох баримт гаргаж ирэв. Миний нүүрномын хаягнаас хэн нэгэнтэй “хайр дурлалын” талаар их л халуухан зурвасууд бичилцжээ. Ерөнхий яриаг нь анзаарвал миний харилцсан тэр хүн яах аргагүй Ерөнхий захирал л бололтой. “Яаж... яаж ийм юм байж болох юм бэ” гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Хариулт нь хаанаас ч олдохгүйн учир тэрхүү бодол тархин дотуур хий холхиж, бухимдан бачуурсандаа тархины минь ханыг очиж мөргөөд байх мэт. Түүнээс болоод ч юм уу, эсвэл хариултгүй асуултандаа хэт их шаналсандаа ч юм уу, толгой хүчтэй базлан өвдөж эхлэв. Тийнхүү эргэлзэж тээнэгэлзэн, өөрийнхөө үйлдлээ ч санаж, танихаа больсон өөртөө тохиолдсон үйл явдлуудын талаар эргэцүүлж, тайлбар эс олов. Миний хийгээгүй үйлдлүүд надад тохогдоод зогсохгүй, бүр баримтаар нотлогдож байгаа нь зүүд зэрэглээ мэт санагдах ч тэрхүү нотлох баримтыг гартаа бариад зогсож байгаа минь энэ бол бодит амьдрал гэдгийг сануулна. Тайлбарыг нь өөрөөсөө хайгаад олж чадахгүйгээ мэдэх учир миний эсрэг хуйвалдсан өнөөх хоёр урвагчаас хайхаар хөмсгөө зангидаж, хөмхийгөө зуусаар тэдний зүг харлаа.
Миний нүд рүү үргэлж зөөлөн дулаанаар ширтдэг түүний минь харц ер бусаар догширчээ. Харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Шаазгай түүний ард нуугдаж зогсоод, дараагийн хороо хутгаж буй бололтой, шал ширтэн бодлогоширно.
-Би ийм зүйл бичээгүй...
-Тэгээд хэн биччихсэн байж таарах вэ? Яах аргагүй чиний л хаяг байна шүү дээ.
-Энэ Ерөнхий захирлын хаяг биш байна.
-Та хоёр нууц хаягаар харилцдаг юм биш үү. Арга ч үгүй биз дээ, нууцаар явалдаж байгаа хүмүүс шүү дээ. Эхнэр, хүүхэд, нөгөө нууц амрагт нь баригдчих вий гэхээс үнхэлцэгээ хагартал айдаг байлгүй.
-Үгүй ээ... үгүй... надаас ийм үйлдэл гарахгүй. Би гэр бүлээс гадуурх харилцааг үзэн яддаг.
-Харин ч хөхүүлэн дэмждэг юм биш үү?
-Хорт могой чинь, чи юу гээд хорт хэлээ гозолзуулаад байгаа юм бэ? Чи ингэхэд ямар зорилготой миний эсрэг хор найруулаад байгаа юм бэ? Би чамд ямар гэм хийсэн юм бэ?
-Та өөрөө өөртөө л нүх ухчихсан байна шүү дээ. Өөрийнхөө ухсан нүхэнд уначихаад бусдад буруугаа чихэж орилж хашхичих хэрэг байна уу? Нотлох баримт нь байсаар байхад ч гүрийсээр байх юм аа. Ямар аймаар юм бэ, та?
-Дэд захирал та хоёр ямар харьцаатай юм бэ? Яаж миний эсрэг ийм хуурамч нотлох баримтууд гаргаж ирж чадаж байна аа?... Чи наанаа аниа, аниа гэж гүйчихээд цаагуураа ийм юм хийгээд явж байдаг, яасан хоёр нүүртэй хүүхэн бэ?... Чи ч гэсэн дээ, надад хайртай гэчихээд араар минь ийм бузар хүүхэнтэй сүүлрээд явж байдаг байх нь ээ. Яасан муухай хоёр нүүртэй хүмүүс вэ, та нар?
-За одоо бүүр та бид хоёрыг сүүлрүүлээд эхэллээ. Бүүр буруугаа нотлогдохоор бусад руу чихээд сурчихсан юм биш үү? Аймаар хүүхэн юм аа, та.
-Чи... чи...
-Одоо больж үз. Чамайг юу хийж, яаж явсныг ажлынхан чинь ч мэдлээ, би ч мэдлээ. Одоо хангалттай. Би чамайг дахиж хармааргүй байна.
Ингэж хэлээд тэр шууд гараад явчихав. Би чухам юу гэж хэлэхээ, ямар үйлдэл хийхээ ч мэдэхгүй байлаа. Шаазгай бид хоёр хэдэн алхмын зайтай зогсоод, шал ширтэн, ээлжлэн санаа алдаж хэдэн хормыг үдэв. Тэгтэл Шаазгай шилэн аяганд ус хийн авчирч, надад өгөөд:
-Та ийшээ суугаад, ус уугаад түр тайвширчих гэж юу ч болоогүй мэт хэлэх нь тэр. Түүний өгсөн усыг гүд гүд хийтэл залгилж байх зуурт тэрбээр:
-Би уг нь таны талд зогсож байсан юм. Ерөнхий захиралтай явалддаг талаар чинь бүгд ярьж, дэд захирал танд муу санадаг нь тодорхой болсон ч би таныг зөвтгөж байсан. Агааг таны талаар эвгүй зүйл сонсчихоод гутраад архи уугаад яваад байхаар нь таныг л зөвөөр ойлгуулах гэж гэртээ хэдэн удаа дуудсан юм хэмээн дуржигнуулав.
-Чи яагаад намайг халамцуу байхад бичлэг хийсэн юм бэ?
-Тэр бичлэгийг санаандгүй хийчихсэн юм аа. Таныг эрүүл болохоор үзүүлж, хамтдаа инээе л гэж бодсон юм.
-Тэгсэн чинь яасан? Андуураад дэд захиралд аваачаад үзүүлчихсэн үү?
-Би тан руу явуулах гэж байгаад андуураад дэд захирал руу явуулчихсан юм аа. уучлаарай.
-Юу? за би энэ худал үгэнд чинь ч бас итгэе. Тэгвэл тэр Ерөнхий захиралтай чаталсан зурвасууд хаанаас гараад ирэв?
-Би мэдэхгүй. Дэд захирал л над руу явуулсан шүү дээ. Би тэр чатыг үзэх хүртлээ таныг захиралтай явалддаггүй л гэж бодож байсан.
-Тийм үү?
-Тийм ээ. Та яагаад надад итгэж байна гэсэн хэрнээ итгээгүй юм шиг муухай хараад байгаа юм бэ?
-Айсан хүнд аргал ч хөдөлдөг юм шүү дээ.
-Юу гэсэн үг вэ?
-Чи намайг өөр лүүгээ муухай харж байна аа гэж бодож байгаа бол би хэчнээн сайхнаараа хараад ч чамд муухай л харж байгаа юм шиг санагдана.
-Ерөнхий захиралтай явалддаг л байсан юм байгаа биз. Надад тэр бүхэн хамаагүй ээ. Хүн сэтгэлээ барьж хорьж дийлэхгүй шүү дээ. Мэдээж эхнэр, хүүхэдтэй хүнд дурлая гэж дурлахгүй нь лавтай...
-Чи юугаа солиороод байгаа юм бэ?
-Би таныг ойлгож байна аа. Өөрийн эрхгүй тэмүүлээд байгаа сэтгэлийг яах юм, тийм биз дээ? Тэгээд л магадгүй, та захирлыг мартах гэж л агаатай дотноссон байх, тийм ээ?
-Битгий солиороод бай.
-За за. Ойлголоо. Би дуугүй боллоо. Гэхдээ би таныг ойлгож байгаа шүү.
-Ойлгож байгаа болоод чи тэр чатыг түүнд уншуулаад, намайг хогийн явдалтай хүүхэн гэж ойлгуулаад, биднийг бүрмөсөн салгачихаж байгаа юм уу, тэ?
-Агаа үнэнийг мэдсэн нь зөв шүү дээ.
-Битгий солиор. Чи намайг өөр шигээ хөгийн явдалтай хүүхэн гэж бодоо юу? Захирал бид хоёрын дунд юу ч байхгүй. Харин та хоёр миний араар сүүлэрч байсан хөгийн бузар амьтад байна шүү дээ.
-Та яаж ингэж бодож чадаж байна аа. Би агаатай яагаа ч үгүй.
-Урьд шөнө танайд хоносон юм биш үү?
-Тантай ам зөрөөд, сэтгэлээр уначихсан байна гээд согтуу ярихаар нь би хүрээд ирээч гэсэн юм. Манайд нөгөө өрөөнд унтсан. Би яалаа гэж таны залуутай янз бүр болох юм бэ? Та дүүгээ арай ч ингэж бодож болохгүй ээ. Гомдмоор гэдэг нь.
-Чи түрүүхэн би өглөө агааг дуудаж авч ирсэн гэж хэлээ биз дээ?
-Таныг уурлана байх гэж бодоод л...
-Ойлголоо, би та нарыг маш сайн ойлголоо. Би чамд итгэж байна. Харин ганц бие бүсгүйн гэрт согтуу ирж хоносон эр хүнд итгэж чадахгүй. За за, би явлаа.
-Та зүгээр үү? Би танд такси бариад өгөх үү?
-Хэрэггүй ээ, би зүгээр. Санаа тавьдагт чинь баярладаг шүү. Баяртай.
Би хэдийгээр татгалзсан ч тэр намайг даган гарч, таксинд суутал минь хажууд зогсож, гараас минь атган, аргадангуй ширтэж байв. Харамсалтай нь, түүний зөөлөрсөн харц, атгасан гар надад ямар ч мэдрэмж төрүүлсэнгүй.
♥♥♥
Ерөнхий захиралтай чаталсан тэрхүү хуурамч зурваснууд хаанаас хэрхэн гарч ирсний учрыг олох гэж тархиа гашилгасаар бүр ядарч туйлдав. Хэдэн өдрийн турш гэрээсээ гаралгүй бүгж, хоёр нүүртэй хуурамч хүмүүсээр хүрээлэгдсэн хорвоо ертөнцийг зүхэж, өөрийгөө зовоов. Ерөнхий захирал, дэд захирал, Шаазгай нараас хэд хэдэн удаа дуудлага ирсэн ч авах хүсэл төрсөнгүй. Хяслант тавилан, гачлант бодолдоо тарчилж буй тархийг минь хэрээ шиг тонших чийртэй чимээг нь дахин сонсохгүйн тулд бүгдийнх нь дугаарыг блоклож орхив.
Бүгд миний эсрэг хуйвалджээ. Бүх дэлхий миний эсрэг зогсож байсан ч ганцаараа миний талд зогсоно хэмээн амлалт өгч байсан тэр минь хүртэл надаас урважээ. Хайрлаж байсан хүнээсээ яагаад ийм амархан сэтгэл буруулж болдогийн учрыг би л лав тайлж хүчрэхгүй юм байна.
Хэвлий дотор чимээгүйхэн бойжиж буй үр минь хүртэл тэдэнтэй эвсчихээд намайг улам тарчилгах гэсэн мэт хором тутамд хоол нэхэж зовооно. Шинэ ажилд ороод цалингаа ч авч амжаагүй байхдаа хуурамч бүхнээс дайжиж, гэртээ бүгж эхэлсэн учир халаас болоод хөргөгч минь хоосорчээ. Сэтгэлийн энэ их шархны хажууд санхүүгийн өчүүхэн уналт огт сонин биш. Гэвч байсхийгээд л ямар нэгэн хачин жигтэй зүйл идэх хүсэл төрж, юм олж идэхгүй л бол байж суух аргагүй болтол тэвчээр барах аж. Мөн ямар нэгэн зүйл уухгүй л бол уруул хатаж, хоолой арган, толгой өвдөнө. Ийм зовиур үгүйсэн бол юу ч идэж уулгүй, юу ч хийлгүй, бүр юу ч бодолгүй хэдэн өдрийн турш нам унтахсан. Ийнхүү идэх, унтах, бодох хүсэлтэйгээ зөрчилдөн тарчилж хэвттэл хэн нэгэн хаалга зөөлхөн тогшив. Хэнд ч хаалгаа тайлмааргүй байсан учир чимээгүй л хэвтээд байлаа. Тэгтэл:
-Буянаа байна аа, гэртээ байгааг чинь мэдэж байна. Хаалгаа тайлаач гэх нь сонсогдов. Гомдлоо тайлж, сэтгэлээ онгойтол ярилцах хэн нэгэн уг нь надад хэрэгтэй л байна. Магадгүй, тэр хүн нь Буянаа байж болох л юм. Гэвч “үгүй ээ, хэнд ч итгэж болохгүй. Бүгд хоёр нүүртэй” гэж өөртөө сануулаад, чимээ гаргалгүй хэвтсээр л байлаа.
-Найз аа, чи зүгээр үү? Буянаа байна аа. Чамд санаа зовоод хүрээд ирлээ. Хаалгаа тайл л даа. Найз нь солонгос хоол авч ирсэн. Хоол ундаа идэж байгаа биз дээ гэхийг сонсоод “хоол... хоол гэсэн үү... солонгос хоол уу... гоё сонсогдож байх чинь ээ... тийм ээ, би яг солонгос хоол идмээр байсан юм” хэмээн хэн нэгэн дотроос минь үглэж эхлэв. Чухамдаа энэ би юу, хэвлий дэх үр минь үү, эсвэл бүр надад огт хамааралгүй ад чөтгөрийн дуу хоолой юу гэдгийг ялгаж салгаж амжсангүй. Хэдийнэ босон харайгаад хаалгаа тайлчихсан зогсож байлаа.
-Хөөх, цонхоо нээ л дээ. Яасан бүгчим юм бэ? Наад үс гэзэг чинь яачихаа вэ? Найз нь бүгдийг сонссоон. Гэвч ингээд гутраад хэвтээд байж болохгүй шүү дээ. Алив, жаахан юм идчих гэсээр Буянаа авч ирсэн хоолоо ширээн дээр гаргаж тавив. Би ч хэдэн өдрийн турш юм идэлгүй цөлөөр тэнэчихсэн чоно шиг л дайрлаа.
-Ишш, миний найз бүүр царай алдчихсан байна шүү дээ гэх зууртаа Буянаа арзайж сэгсийсэн үсийг минь арагш илж, ээж шиг л халамжлав. Гэвч ийм халамж хуурамч байдгийг би сайн мэдэх учир “уярч болохгүй” хэмээн өөртөө санууллаа.
-Амттай байна уу?
-Мхнн
-Чамайг утсаа унтраачихаад, таг чиг байхаар чинь яг ингээд хэвтэж байгаа болов уу ч гэж бодсон юм аа. Хүмүүс чамаас урваж болно. Гэвч чи өөрийгөө ингэж зовоож болохгүй шүү дээ.
-мхнн.
-Чи надтай ямар нэгэн зүйл ярихгүй юм уу? За за. Хоолоо идчих. Тэгж байгаад тухтай яриарай. Найз нь жаахан цай чанаадахъя.
Буянаа гал тогооны хэсэг рүү очиж, ус буцалгагч залгаад, байхуу цай авч дүрснээ хөргөгч онгойлгов. Хов хоосон хөргөгчийг минь хараад, хаалгыг нь бушуухан буцаагаад хаачихлаа. Тэгснээ:
-Миний найз хоолоо идэж бай. Найз нь дэлгүүр ороод жаахан хүнс аваад ирье гээд гарч одов. Үнэндээ Буянаа энд байх эсэх хийгээд юу хийж, юу ярих нь ч надад сонин биш. Ямартай ч гэдсээ дүүрч, сэтгэлээ ханатал идээд л авъя гэсэн ганц хүсэл л байна. Хоолоо бүгдийг нь идэж дуусаад, Ариун цэврийн өрөө рүү алхаж явтал хаалга дахин тогшив. Тайлбал, Буянаа хоёр тор дүүрэн юм барьчихсан, инээд алдсаар орж ирлээ. Бие засчихаад гарч ирэх хооронд тэр авч ирсэн зүйлсээ хөргөгч, гал тогооны шүүгээнд хуваагаад хийчихсэн байв.
-За миний найз сайхан цай уучих гэсээр надад өтгөн байхуу аягалж өгөв. Гэвч би хөргөгчний хажууд тавьсан газтай ундааг хармагцаа найзынхаа сэтгэлээ гарган чанаж өгсөн цайнаас шууд татгалзав.
-Үгүй ээ, би газтай ундаа уумаар байна. Бас ямар нэгэн исгэлэн жимс идмээр байна гэвэл Буянаа над руу нүдээ бүлтэгнүүлэн ширтсэнээ ундаанаас аягалж өгөв. Би ундаанаас гүд гүд хийтэл хэд залгиад:
-Чи ямар нэгэн амттай зүйл, ногоон алим ч юм уу авч ирээгүй юм уу? гэлээ.
-Үгүй ээ, тийм юм ёстой санаанд орсонгүй. Ингэхэд чи ногоон алиманд дургүй биз дээ?
-Үгүй ээ, ногоон алим л идмээр санагдаад байна... эсвэл зайрмаг ч юм уу... за за авч ирээгүй бол яах вэ. Энэ газтай ундаанаас л сайн уучихъя.
-Чи сүүлийн хэд хоног юу хийв?
-Гэртээ л хэвтлээ.
-Ажилдаа явахгүй байгаа юм уу?
-Юу ч хийх, хэнтэй ч уулзах хүсэл алга.
-Нөгөөх чинь өчигдөр манайд ирээд болсон бүхнийг ярилаа. Түүнээс биш найз нь юу ч мэдээгүй байлаа шүү дээ. Чамд санаа зовоод байна, чи нэг очиж уулзаад ирээч гэхээр нь ирж байгаа нь энэ.
-Тэр муу новш чамайг явуулсан юм уу?
-Тийм ээ, чамд санаа зовоод...
Гэнэт дотор бачуурчихав. Тэр даруй Буянаагийн гараас татан босгоод:
-Яв, яг одоо яв. Би тэр муу новшийн талаар нэг ч үг сонсмооргүй байна. Та нар бүгдээрээ урвагч. Чи ч бас тэр найзтайгаа адилхан урвагч л байж таарна. Яасан? Намайг яаж байна, тагначихаад ир гэж чамайг явуулсан уу? Тэгвэл чи намайг маш муу байгааг харлаа. Намайг гутарсандаа амиа хорлох гэж байна гэж очиж хэл. Хоёр новш баярлах биз гээд хаалга руу түлхлээ.
-Хөөе чи чинь одоо яачихаад байгаа юм бэ? Тэр муу хорон хүүхэн чамаас урваа л биз. Би тэрэнд чинь ямар буруутай юм бэ? Тэгээд ч тэр хүн чамд хайртай, хайртай болохоороо л санаа тавиад, намайг яваад ирээч гуйж байгаа юм биш үү?
-Үгүй, тэр надад хайргүй. Одоо нөгөө муу хүүхэнтэйгээ нялуураад намайг бодох ч сөхөөгүй хэвтэж байгаа биз. Ер нь бүгд хуурамч, хоёр нүүртэй байдаг юм байна. Одоо би хэнд ч итгэхгүй. Би хэнтэй ч уулзмааргүй, яримааргүй байна.
-Нэг, хоёр хүн чамаас урвалаа гээд бүгд урвагч гэсэн үг биш шүү дээ.
-Үгүй ээ, би хэнд ч итгэхгүй байна. Итгэх ч хүсэл алга. Тэнхэл ч алга.
-Чамайг хайрладаг хүмүүст чи итгэх ёстой. Харин би тэр муу өөдгүй хүүхэнд шанг нь хүртээнэ ээ.
-Хэрэггүй ээ. Би хэнтэй ч тэрсэлдмээргүй байна. Зүгээр л ганцаараа баймаар байна. Чи зүгээр л явчих, тэгэх үү?
Ийнхүү Буянаатай ноцолдож байгаад гэнэт хүчтэй хөдөлсөндөө тэр үү, эсвэл хэдэн өдрийн турш хоолгүй байж сульдсандаа ч тэр үү, толгой эргэн, нүд эрээлжлээд, хөл дээрээ тогтож чадахгүй гуйвчих нь тэр. Буянаа тэр даруй намайг тэвэрч аваад, түшиж алхсаар орон дээр аваачиж хэвтүүлэв.
-Чи бүр сульдчихсан байна шүү дээ. Хоол ундаа идэж бай л даа. За гайгүй ээ, би тэр муу хүүхнийд яг одоо очоод... гэж үглэнгээ тэр ямар нэгэн хурц үнэртэй зүйл цүнхнээсээ гаргаж ирээд, нүүр лүүгээ цацаж орхив. Тэгмэгц л дотор минь муухайраад, учир зүггүй огиулж эхэллээ. Ариун цэврийн өрөө рүү гүйж ороод, хэдхэн хормын өмнө ховдоглон идсэн амттай сайхан хоолоо бүгдийг нь гаргачихав. Хоолой гашуу оргисондоо ярвайж, толгойгоо барьсаар гарч ирвэл Буянаа угтан босч ирээд
-хөөе, чи чинь хөл хүнд юм уу хэмээн уулга алдлаа.
-Үгүй ээ, үгүй. Битгий солиороод бай гэж үглэсээр орон дээрээ очоод, буруу хараад хэвтчихлээ. Буянаа намайг аргадаж ч нэг, зандарч ч нэг гуйсаар юу ч сонсож чадаагүй учир “За яах вэ, муу шулмыг... хэн нь илүү айхтар шулам болохоо үзнэ ээ гайгүй” гэж үглэсээр гарч одов.
♥♥♥
Нойрон дунд утас хангинаад тайван унтуулсангүй. Толгойгоо дааж ядан өндийгөөд, дэрэн доогуур тэмтэрсээр утсаа авбал Буянаа байлаа.
-Найз нь танайхаас гараад муу шулмынд шууд яваад ирсэн. Хаалгаа тавьж өгдөггүй, дотор бөөлөөд байгаа нь сонсогдоод байна. Тэгэхээр нь хаалгыг нь хэд хүчтэй өшиглөчихсөн чинь төмөр түгжээ нь мултраад тайлагдчихлаа. Яваад орсон чинь муу шулам чинь чиний зургийг өмнөө тавьчихсан, хар үйл хийгээд сууж байна шүү. Уурандаа хэрэглэж байсан бүх юмыг нь самарч хаяад, малгай, бүс, гутал, хэнгэрэг энэ тэрийг нь цонхоор гаргаад шидчихлээ. Өөрийг нь үсдэж аваад, хамраас нь цус гартал гөвшчихөөд гараад ирлээ. Танай хүн рүү ярьсан. Манай хүнтэй хамт ирж явна гэсэн. Ирэхээр нь муу тэнэг хүүхний бүх булайг илчилнэ ээ.
-Юу болоод байгаа юм бэ? Яах гэж ингэж байгаа юм бэ? Би чамаас ингээд өгөөч гэж гуйгаагүй биз дээ? Хүн амьтанд гар хүрч байж та нар өөрсдөө асуудалд орчихвол яах юм бэ? Зүгээр л орхичих.
-Үгүй ээ, миний найзаар оролдсон хүнийг би зүгээр орхиж чадахгүй. Энэ хүүхнийг би нүүр хийх газаргүй болгоно, харж л байгаарай. Өө, танай хүн ирчихлээ. Чам руу залгах байх. Утсаа аваад яриарай. Битгий гомдож туниад байгаарай, за юу.
Буянаа ингэж хэлээд утсаа тасалчихав. Эргүүлээд хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авсангүй. Тэднийг юу хийж байгаа бол гэж бодохоос тайван сууж чадахгүй байсан учир гадуур хүрмээ шүүрч аваад гүйн гарлаа. Зам руу гүйхээрээ очоод, гараа хүчтэй даллан алхсаар такси барьж суугаад Шаазгайн гэр лүү давхив.
Байрны хаалга нээмэгц л Буянаагийн хашхичих дуу хадаж байлаа. Шат руу гүйн очтол Буянаа Шаазгайн шилэн хүзүүн дээрээс дарж атгасаар шатаар уруудаж явав. Араас нь түүний нөхөр, манай хүн хоёр уралдан үглэсээр дагаж явлаа. Тэд бүгд зэрэгцэж шуугилдаад байсан учир хэлж буй үгс нь ойж буугаад ойлгогдохгүй байв.
-Буянаа боль. Наадахаа тавь.
-Өө чи ирчихсэн үү? Энэ муу хүүхний хийж байгаа зүйлийг би байраар нь нэг илчилнэ. Энэ байранд байтугай, энэ хотод нүүр хийх газаргүй болгоно оо.
-Хэрэггүй ээ, тавь. Би та нараас ингээд өгөөч гэж гуйгаагүй биз дээ? Битгий миний асуудалд оролцоод бай.
-Буянаа, миний хань тавьчих. Тайвшир. Хэдүүлээ эргэж ороод, ам хэлээрээ учраа олцгооё.
-Та нар юундаа энэ хүүхнийг өмөөрөөд байгаа юм бэ?
-Бид өмөөрөөгүй ээ. Хүн байна даа, хэл амаараа учраа олъё л гэж байна. Алив, миний найз Буянааг аваад ор. Шаазгай чи ч гэсэн дагаад гэр лүүгээ ор... Алив, нааш ир. Хэдүүлээ дотогшоо орж байгаад ярилцъя.
Тэр гараас минь атгахаар гараа сунгасан боловч би хэдэрлэж дургүйцээд, хажуугаар нь гараад урд нь ороод алхчихлаа. Шаазгайн гэрт орвол сүрэг адгуус орж ирээд түйвээчихсэн юм шиг л болгожээ. Энд тэндгүй тэрийж хэвтэх сандлууд, бужигнасан үнс, асгарсан давс, хаа сайгүй шидэлсэн хувцас...
Буянаагийн нөхөр Төгөлдөр бидэнд нэг нэг сандал авч өгөөд, өөрөө эхнэрийнхээ урдуур хорьж суув. Шаазгай шалан дээр бидний өөдөөс харан завилж суугаад, шал ширтэнэ. Бүсгүйн үс сэгсийж, нүүр нь хөхрөн хүрэнтэж, уруул болоод хөмсөг нь язарсан байв. Буянаа ч бас түүнээс дутахааргүй сэгсийж, халтартсан харагдана.
-Уучлаарай, би ийм юм болоосой гэж хүсээгүй юм шүү.
-Юу хүсээгүй гэж? Энэ муу шулам хор хутгаж чамайг ажилгүй болгоод зогсохгүй, хайртай хүнээс чинь салгалаа. Тэгээд ч санаа амрахгүй, чамд хараал хийгээд сууж байна. Чи бусдад муу юм хийхийг хүсэхгүй байлаа гээд өөртөө муу юм хийлгээд байж болдог юм уу?
-Буянаа, миний найз тайвшир. Хэдхэн хоногийн өмнө би яг чам шиг уураа барьж ядсан амьтан энд ирсээн. Хэрэв Шаазгай өөрөө хаалгаа тайлж өгсөн бол би яг чам шиг үйлдэл хийх байсан. Даанч надад өөр хүн хаалга тайлж өгсөн юм. Тэр бүхэн надад үнэхээр хүнд туссан. Хайртай дотно хүмүүс минь надаас хэрхэн урваж, хэрхэн хуйвалдаж, миний эсрэг юу хийж болдогийг би тэр өдөр нүдээр үзсэн. Бүх дэлхий миний эсрэг зогсчихсон, бүгд надаас урвачихсан юм шиг санагдсан. Тэгээд л ганцаархнаа нам гүм амьдрахаар шийдсэн юм. Гэтэл чи тэр нам гүм амьдралаас минь намайг өнөөдөр сэрээчихлээ. Гэхдээ би хэдэн өдрийн турш хангалттай шаналж, хангалттай уйлж, хангалттай гутарч, хангалттай хараан зүхсэн учир одоо маш тайван байна. Надад уурлаж бухимдах хүсэл алга, үнэндээ тэнхэл ч алга. Зүгээр л энэ бүхэнд цэг тавихаар ирсэн юм. Үнэндээ чамаас болоод чамаас хэдхэн асуулт асуугаад, өөрийнхөө хариулж чадахгүй байгаа зүйлд хариулт авахаар ирсэн юм.
Шаазгай болоод түүн рүү онцлон харвал бүсгүй шат ширтэн, харц буруулсаар суув. Харин тэр “юу юм бол...” гэсэн аястай над руу гэмшингүй ширтэж байлаа.
-Ажлаас минь гаргаж, хайртай хүнээс минь салгахын төлөө хичээл зүтгэл гарган зүтгэснийг чинь мэдсэн, ойлгосон бас уучилсан. Чи тэр бүхэнтэй хамт миний эрч хүч, итгэл найдвар, эргэж босох хүчийг минь хүртэл ховх сорчихсон. Одоо би чиний хүссэнээр шалдаа буугаад, унтаж, идэхээс өөр чадваргүй нэгэн болчихоод, гэртээ бүгж байна. Гэтэл одоо бас юу хүсээд надад хараал хийгээд сууж байгаа юм бэ? Ингэхэд би чамд ингэж их үзэн ядагдахаар юу хийсэн юм бэ?
Шаазгай юу ч дуугарахгүй суусаар л байлаа. Би түүнийг ярьж эхэлтэл тэвчээртэй хүлээж чадах байсан ч Буянаад тийм тэвчээр байсангүй.
-Хариулаач, шулам минь гэж чангаар хашхираад босож ирэв. Төгөлдөр эхнэрийнхээ гараас татан, буцаан суулгалаа. Шаазгай толгойгоо дээш өргөн бидэн рүү ээлжлэн ширтэв. Уг нь түүний нүд гэмшил ичгүүрээр дүүрэн байна байх гэж бодсон ч би дахиад л эндүүрчээ. Түүний нүд гэмших нь бүү хэл, өчүүхэн ч ичсэн шинжгүй, хий хоосон эргэлдэж байв. Тэгээд
-Би зүгээр л дурлачихсан юм... гэж хэнэг ч үгүй хэллээ.
-Хэнд? гэж Буянаа бид хоёр зэрэг уулга алдав. Гэтэл тэр бүр миний нүд рүү огтхон ч эмээсэн шинжгүй ширтэж байгаад:
-Таны хайртай залууд... гэх нь тэр. Түүний энэ үг биднийг юу ч хэлж чадахгүй болтол нь мухардалд оруулж дөнгөв. Би түүнийг цааш үргэлжлүүлэн ярихыг хүлээсээр л байлаа. Энэ удаа түүний минь тэвчээр алдагджээ.
-Тэгээд... тэгээд... хэн нэгэнд дурлахаараа хайртай хүнийг нь хорлож, сэтгэлээр нь хөнөөж, бүр сүүлдээ үхүүлэхээр хараал жатга хийдэг нь ямар учиртай юм бэ? Энэ хайр мөн гэж үү? Чи үнэхээр дурласан хүн мөн үү?
-Тийм ээ, би танд дурлачихсан. Бүр ухаанаа алдталаа дурлачихсан. Даанч та надад биш өөр хүнд хайртай байсан. Та хоёр дэндүү аз жаргалтай байсан. Би та хоёрыг тийм жаргалтай байхыг зүгээр хараад сууж тэвчээгүй юм.
-Чи үнэхээр дурласан бол... хайртай хүнийхээ хайртай бүхнийг хайрлах учиртай биш гэж үү? Би бол түүний муухай ааш, хамгийн том дутагдлыг хүртэл хайрладаг. Бас түүний хайрладаг, дурладаг бүхнийг хүлээн зөвшөөрдөг. Тэр ч бас ойлгохгүй байгаа хэрнээ л миний хайрлаж, дурладаг бүхнийг дэмждэг юм.
-Мэдэхгүй ээ, би яагаад ингэснээ ч ойлгохгүй байна. Би өөрийгөө барьж дийлэхгүй байна. Та хоёр хамт байх нь надад тэвчишгүй санагдаж байна.
-Чи яасан тэнэг хүүхэн бэ? Дахиад миний хайртай хүнд ямар нэгэн юм хийх юм бол би чамайг алчихна шүү.
Тэр шууд гараа зангидаад босоод ирэв. Төгөлдөр бид хоёр түүнийг аргадан, буцааж суулгах гэсэн боловч тэр уурандаа бачуураад байсан бололтой, гараад явчихав.
-Би чамаас нэг л зүйлийг чин сэтгэлээсээ асууя. Чи чин үнэнчээр хариулж чадах уу?
-Асуу л даа.
-Чи одоо ч түүнийг өөрийн болгохыг хүсч байна уу?
-Тийм ээ, би ямар ч аргаар хамаагүй түүнийг өөрийн болгомоор байна. Надтай биш бол өөр хэнтэй ч байх учиргүй.
-Чи чинь харин яасан шийдчихсэн балай хүүхэн бэ? Би чамайг...
Энэ удаа Төгөлдөрийн тэвчээр барагдав бололтой, босч ирээд Шаазгай руу гар далайн дайрсан боловч арай цохичихолгүй, гараа буулгаад, хэдэнтээ хий сэгсэрснээ хаалга түшээд зогсчихлоо.
-Чи энэ тэнэг хүүхнийг яаж тэвчиж чадаж байна аа. Би чиний оронд байсан бол аль хэдийнэ барьж аваад балбачихсан.
-Буянаа минь, би чи биш шүү дээ. Би энэ тухай зөндөө бодсоон. Би юунд буруутайгаа ойлгохгүй байсан юм. Сая л ойлголоо. Би түүнд дурласандаа, би түүнтэй хамт байсандаа л буруудсан юм байна. Тэгэхээр би энэ бүсгүйг ч бас түүнд дурласных нь төлөө буруутгаж болохгүй биз дээ.
-Чи ч бас дүүрчихсэн тэнэг хүүхэн юм байна. Би эндээс явлаа.
Буянаа хаалга тас саван гарч одов. Төгөлдөр хэсэг тээнэгэлзэж зогссоноо:
-Найз нь гадаа байж байя. Хэрэг гарвал дуудаарай гэчихээд араас нь гарав.
Хэн хэн маань юу ч ярилгүй удаан суув. Би эх, адаг нь олдохоо больтлоо ээдэрсэн үйл явдлуудын гогцоог тайлах гэж тархиа гашилгаж суусны нэгэн адилаар тэр бүсгүй ч бас өөрийнхөө хийсэн учир утгагүй үйлдлүүдийг хамгийн учир утгатайгаар өөртөө тайлбарлан, өөрийгөө зөвтгөөд завгүй байсан биз ээ.
♥♥♥
Тэр бүсгүйд маш олон зүйл хэлмээр байсан ч чухам юу хэлэхээ мэдэхгүй эргэлзсээр л байлаа. Ам нээх гэвч ямар үг хэлэхээ мэддэггүй. Эцэст нь түүнд хэлэх ямар ч үг байхгүйг, хэлсэн ч тэр өөрийнхөөрөө л хүлээж авахаас бус над шиг ойлгохгүйг ухаараад, эндээс явахаар шийдэн босов. Гарахынхаа өмнөхөн түүн рүү эргэж хараад:
-Би хайрынхаа төлөө өөрийнхөөрөө л тэмцэж байна гэж боддог байлаа. Гэтэл би огт тэмцэж чадаагүй юм байна. Зүгээр л урсгалыг нь дагаад урсаад байж. Харин чи хайрынхаа төлөө, бүр хэзээ ч бүтэхгүй зүйлийн төлөө урсгал сөрж сэлж чаддаг хүчтэй дайчин бүсгүй юм аа. Би чамайг буруутгахгүй. Өөрийнхөөрөө л тэмц. Амьдрал гэдэг чинь угаасаа тэмцэл шүү дээ гэж хэлээд хаалгыг нь зөөлхөн хаав.
Тэр гурав намайг орцны үүдэнд хүлээж байжээ. Биднийг ярилцаг гэж бодсон бололтой, Төгөлдөр, Буянаа хоёр машиндаа ороод суучихав. Түрүүлж ам нээхийг нь хэсэг хүлээсэн боловч тэр юу ч ярьсангүй. Тиймээс би түүнээс асуухаар зорьж ирсэн хэдэн асуултандаа хариу авчихаад эндээс хурдхан явахаар шийдлээ.
-Чи намайг үзэн ядсан хэвээрээ л байна уу?
-Би чамайг үзэн ядаагүй ээ. Гэвч гомдоод байна. Тэдгээр ярианд, тэр чатнуудад итгэхийг хүсэхгүй байгаа ч чадахгүй байна. Хамгийн гол нь, тэр ярианууд баримтаар нотлогдчихсон шүү дээ.
-Тэгэхээр чи надад одоо ч итгэхгүй байна аа гэсэн үг үү?
-Итгэж чадахгүй байна. Эргэлзээд байна.
Түүнд ч бас хэлэх үг надад үлдсэнгүй. Тиймээс эндээс бушуухан холдохын тулд, ганцаархнаа үлдээд сэтгэлээ уужиртал уйлахын тулд машин зам руу шулуухан алхав. Тэгтэл Буянаа машинтайгаа урдуур хэрж зогсоод “суучих” хэмээн хашхирлаа. Түүний дэргэдээс хурдхан холдохын тулд машинд суухаас өөр арга байсангүй.
-Намайг гэрт минь хүргээд өгөөч. Надаас юу ч битгий асуугаарай. Би юу ч яримааргүй байна гэж хэлээд нүдээ аниад, түшлэг налан хэвтлээ. Хэсэг яваад л зүүрмэглэчихэж.
-Гэрийн чинь гадаа ирчихлээ. Найз нь оруулж өгөх үү гэх аргадангуй дуунаар сэрээд,
-Хэрэггүй ээ, би өөрөө орчихъё. Намайг эхэлж та нартай холбоо баритал битгий залгаарай, бас битгий ирээрэй гэж хэлчихээд орц руугаа гүйлээ.
Гэртээ орж, хаалгаа дотроос нь түгжмэгцээ түрүүнээс хойш чээжин дотор багтаж ядан тонгочоод байсан нулимсаа сул тавин асгаруулав. Хэчнээн ч удаан уйлсан юм бэ, бүү мэд. “Хүмүүс яагаад худал үгэнд ийм хурдан итгэдэг юм бэ? Худал үгийг мянга давтахаар үнэхээр үнэн болчихдог юм гэж үү? Худал үгний цаана нуугдсан үнэнийг хүмүүс яагаад олж хардаггүй юм бэ? Зүгээр л харахыг хүсдэггүй юм уу?... ингэхэд үнэн чи яагаад ийм хулчгар юм бэ? Хэрэг болсон үед хаа нэгтээ нуугдчихаад огт гарч ирэхгүй юм. Чамайг ийм хулчгар болохоор чинь худал дандаа ялалт байгуулаад, өөрийгөө үнэмшүүлэн тунхаглаад байна шүү дээ. Чи ингээд л ялагдаад байх юм уу?” гэж хаана оршдог нь тодорхойгүй хий хоосон үнэнтэй хэрэлдэж амандаа үглэсээр, тэрхүү үнэний нэрээр өөрийгөө буруутган шүүсээр байлаа.
Гэтэл өнөөх л садаа болсон гар утас миний сэтгэлээс ч гашуудалтай өнгөөр ёнгинож эхлэв. Бухимдан шүүрч аваад харвал тэр залгажээ. Хэсэг завсарлаад дахин дуудахад нь дуудлага хүлээж аваад:
-За яав? Надад хэлэх үг чамд үлдсэн юм уу? хэмээн хэдэрлэв.
-Би чамаас нэг юм асуух гэсэн юм.
-за
-Чи үнэнээ хэлж чадах уу?
-Харин л дээ. Миний хэлсэн үг ч чамд үнэн санагдахгүй байлгүй дээ.
-Чи хөл хүнд болчихсон юм уу?
-Хэн тэгж байна?
-Буянаа тэгж хэллээ. Үнэнээ л хэлчих.
-Миний хэлсэн бүх үг чамд худал санагддаг биз дээ?
-Хөл хүнд болсон байсан ч одоо надад хамаагүй л дээ. Гэхдээ зүгээр л надад үнэнээ хэлчихэж болдоггүй юм уу?
-Тийм ээ, чамд хамаагүй. Тэгээд ч миний хэлсэн бүхэн чиний хувьд худал. Чи хүссэн хариултаа аваад миний амьдралаас нэгмөсөн зайлж үз. Битгий горьд, би жирэмсэн болоогүй. Чамаас жирэмсэн болох ч үгүй.
Би ингэж хэлээд л утсаа таслаад, холоо гэгч нь шидчихэв. Гэвч түнэр харанхуйн дундаас хүмүүний сэтгэл гэрэл гэгээ хайсаар байдгийн нэгэн адилаар түүнийг эргэж залгах болов уу гэсэн итгэлийн дөл өнөө муу сэтгэлийн минь мухарт сүүмэлзсээр л байсан юм. Тэр эргэж залгасангүй.
Сэтгэгдэл (1)